Хуурамч будаа огт илрээгүй
Хуурамч будаа
2015.07.09

Хуурамч будаа огт илрээгүй

МХЕГ: Энэ бол бизнесийн байгууллагуудын шударга бус өрсөлдөөний хэлбэр

МУГЖ, Зууны манлай дуучин, поп хатагтай Т.Сарантуяагийн рекламддаг, вакумжуулсан савлагаатай хамгийн дээд зэрэглэлийн Сакура будаа хуурамч байна гэх мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр явж байгаа.

Үүнтэй зэрэгцээд Сүмтэй будаа, заантай будаа гээд бидний өдөр тутам иддэг будаа бүгд хуурамч гэх мэдээлэл цацагдаж, ард иргэдийг идэж буй хүнсэндээ эргэлзэхэд хүргэж, хэсэгтээ түгшүүрт автуулаад байна.

Тэгвэл эдгээр будаануудыг шинжилгээнд хамруулсан эсэхийг тодруулахаар МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалантай ярилцлаа.

- Зүүн Азийн орнуудад хуурамч будаа илэрсэнтэй гэх мэдээлэлтэй зэрэгцээд Сакура, Сүмтэй будаа зэрэг монголчуудын хамгийн их хэрэглэдэг будаанаас пластик шиг зүйл илэрлээ гэх. Энэ тал дээр МХЕГ-аас ямар байр суурьтай байна вэ?

- Цагаан будааны талаар маш их өрөөсгөл мэдээллүүд явж байна. Энэ бол аж ахуй нэгжүүдийн бие биенийгээ хорлох гэсэн өрсөлдөөний башир арга байж болзошгүй. Манай улс нийтдээ 40 гаруй мянган тонн цагаан будаа импортоор оруулж ирж хүнсэндээ хэрэглэдэг. Үүнийхээ ихэнхийг нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Вьетнам зэрэг улсуудаас импортлож байгаа.

Одоогийн байдлаар манайд цагаан будаатай холбоотой таван гомдол ирээд байна. Үүнээс хоёр нь сэрэмжлүүлэг өгөх санал байсан учраас гурвыг нь шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээний дүнгээр хэвийн чийгтэй, хэвийн хэлбэр хэмжээтэй, хэвийн эвдрэл гэмтэлтэй цагаан будаа байгаа нь тогтоогдсон. Гэвч зарим нэг нь хадгалах горим алдсан, эсвэл удаан хугацаагаар хадгалсан байж болзошгүй байгаа.

- Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

- Манай улсад цагаан будаа импортлогч хорь гаруй аж ахуй нэгж байгаа. Цаашдаа цагаан будаа импортолдог улсад нь урьдчилан эрсдлийн үнэлгээ хийх чиглэлээр дараа, дараагийнхаа ажлыг төлөвлөж ажиллаж байна.

- Тэгвэл нийтийн сүлжээгээр худлаа мэдээлэл цацсан хүмүүст ямар шийтгэвэр оноох вэ? Ер нь арга хэмжээ авах юм уу?

- МХБ-ын дэргэд Facebook, Twitter-ийн алба байдаг. Үүгээрээ тухайн мэдээллийг түгээж байгаа хоёр ч иргэнтэй холбогдох гэсэн боловч ашиглаж байсан хаягаа устгачихсан байна. Нэгтэй нь холбогдож, гомдол санал байвал мэргэжлийн хяналтад хандаарай гэхэд хариу өгөөгүй. Тэгэхээр худлаа мэдээлэл тараад байгаа юм.

Цаашлаад НМХГ, МХЕГ-аас чиглэл өгсний дагуу цагаан будаатай холбоотой ямар нэгэн гомдол ирвэл бид нэн даруй шийднэ. Гэвч энд нэг зүйлийг дахин хэлмээр байгаа нь энэ цахим ертөнцөөр мэдээлэл цацаад байгаа хүмүүстэй холбогдох гэхээр эзэн холбогдогч нь тодорхойгүй болчихоод байна.

Хэрвээ анзаарсан бол хуурамч будаатай нэр холбогдоогүй цагаан будаа импортлогч байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр энэ бол бизнесийн байгууллагуудын хоорондын шударга бус өрсөлдөөний хэлбэр гэж манайхаас үзэж байгаа юм.

- Ярилцсанд баярлалаа