Хүнсний нэмэлтийн үнэнийг өчих нь
Хүмүүс хүнсний нэмэлтийг С витамин, төрөл бүрийн амин дэм гэж ойлгодог.
2015.03.04

Хүнсний нэмэлтийн үнэнийг өчих нь

Хүнсний нэмэлтийн талаарх ойлголт тийм ч нийтлэг биш. Тиймдээ ч хүмүүс С витамин, төрөл бүрийн амин дэм гэж ойлгодог. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс хүнсий нэмэлтийг хэрэглэж байсан нь давс. Эртний Рим болон ойролцоох улсуудын түүхээс харвал загасны махаа нөөшлөхийн тулд давсыг ашиглаж байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.

Хөгжил хурдсах чинээгээр завгүй болж буй дэлхийд аль болох түргэн боловсруулагддаг, хурдан болдог хоол хүнсийг сонгох нь элбэг болж. Тиймдээ ч технологийн зориулалтаар гаргаж авсан хүнсний нэмэлтүүдийг хоол хүнсэнд тогтмол хэрэглэх болсон.

Хүнсний нэмэлтийг дараах зорилгоор бүтээгдэхүүнд хэрэглэнэ. Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүний өнгө үзэмжийг сайжруулах
  • Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг алдагдуулахгүй байх
  • Хадгалалтын хугацааг уртасгах
  • Түүхий эд материал, бүтээгдэхүүний алдагдлыг багасгах
  • Боловсруулалтын технологийг хөнгөвчлөх, өртгийг хямдруулах
  • Технологийн ажилбарыг хурдавчлах

Хүнсний бүтээгдэхүүний үнэр нь хамгийн мэдрэмтгий эрхтнүүдийн нэг болох салст бүрхэвчийг цочроож шүлс, ходоодны шүүсийг ялгаруулж дотоод шүүрлийн булчирхайнуудад нөлөөлөх замаар хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. 

Иймд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  төрөл бүрийн үнэрт бодисуудыг байгалийн гаралтай түүхий эдээс гарган авсан охь, ханд, эфирийн тос, өтгөрүүлсэн шүүс болон зохиомлоор нийлэгжүүлж  гарган авсан химийн нэгдлүүдийн хэлбэрээр өргөн хэрэглэж байна.

Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, нөөшлөлтөнд хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний нэмэлтүүдэд сонгино, саримс, чинжүү, гич гэх мэт ургамлаас гадна нитрат, нитрит, пропионы хүчил, сорбины хүчил, сульфидууд орно.

Хүнсний нэмэлт бүр англи хэлний “Хүнсэнд хэрэглэж болно” гэсэн утгыг илэрхийлэх  “Е” үсэг, 3-4 орон бүхий тоон кодтой байх ба энэ нь бүтээгдэхүүний шошго дээрх мэдээлэлд заавал бичигдсэн байх ёстой.

Давс бол хамгийн эртний хүнсний нэмэлт

Хүмүүс хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд муу гэж боддог. Гэтэл тийм биш юм. Монголчууд хар ухаанаар бодоод үз гэдэг. Яг түүн шиг бодоод үзэхэд хүн бүр малчны хотоос сүү, тарагаа шууд хэрэглэж чадахгүй. Учир нь тээвэрлэлт болон цаг хугацааны хувьд боломжгүй.

Тиймээс хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зайлшгүй юм. Монголд үүний талаарх мэдлэг маш дутмаг учраас буруу, зөв ойлгох нь элбэг тул ихээхэн төөрөлддөг. Иймд  “Е” тэмдэглэгээ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо бүтээгдэхүүний сав баглаа боодол,шошго дээрх мэдээлэлтэй заавал урьдчилан танилцаж байхыг танд зөвлөе.

Өнөөгийн байдлаар хүнсэнд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүдийг дотор нь:

  • Будагч бодисууд (Е 100-199 индекстэй)
  • Нөөшлөгчүүд (Е 200-299)
  • Исэлдэлтийн эсрэг болон хүчил тохируулагчид (Е 300-399)
  • Өтгөрүүлэгчид, тогтворжуулагчид, цийдмэгжүүлэгчид (Е 400-499)
  • Хөөлтийн эсрэг бодисууд, рН тохируулагчид (Е 500-599)
  • Амт сайжруулагчид (Е 600-699)
  • Бусад нэмэлтүүд (Е 900-999)
  • Нэмэлт бодисууд (Е 1100-1599) гэж ангилдаг.