Алслагдсан бүсийн иргэдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн алслагдсан бүсийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас санал авахаар илгээжээ.
Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй ч нийслэл хотдоо хэт төвлөрөл үүсч хүн амын бараг тал хувь нь амьдарч байна. Хөдөөд ажлын байр хомс, амьжиргааны өртөг зардал өндөр байдгаас хотыг чиглэсэн их нүүдэл хөвөрч, үүний улмаас гэр хороолол өргөжиж, агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бий болсон. Харин хөдөөд ажиллаж амьдрах орчныг нь дэмжээд өгвөл нутаг орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа иргэд уламжилдаг аж. Энэхүү хүсэлтийг бүсийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх замаар төрөөс шийдэх боломжтой хэмээн үзэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан байна.
Ингэснээр ажлын байр бий болгож, үйлдвэрлэл бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлж буй иргэдийн төлөх хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс цааш алслагдсан орон нутагт бол гурван жилийн хугацаанд 50 хувь, 1000 км-ээс цааш алслагдсан орон нутагт 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих боломжтой гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.