УИХ-ын дарга З.Энхболд ИБУИНВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Жейн Арнолдыг өнөөдөр / 2015.07.23/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд хатагтай Элизабет Жейн Арнолдод Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэв. Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг бөгөөд Британийн Засгийн газар барууны орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсын тусгаан тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1963 онд дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэлээ. Мөн тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байдгийг дурдаад, 2015 онд Улсын Их Хурлын төлөөлөгчдийг Британид айчлуулах чиглэлээр Монгол-Британийн парламентын бүлэг санаачилгатай ажиллаж байгааг онцолсон юм.
Элчин сайд хатагтай Элизабет Жейн Арнолд, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр "Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа үеэр Монгол Улсад ажиллахаар ирсэндээ баяртай байна" гэлээ. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлж байв.
Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран ерөнхий боловсролын сургалтад Кембриджийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд монгол хүүхдүүд гайхалтай авьяаслаг сурагчид болохыг төсөл хэрэгжүүлэгч багийнхан онцолж байсныг тэрээр уулзалтын үеэр дурдаж байлаа. Цаашид хоёр орны боловсрол, бизнес, эдийн засгийн чиглэлийн амжилттай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилт тавиад байгаа, мөн зэрлэг байгалийг хамгаалах тал дээр Монгол Улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Уулзалтын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар, тэр дундаа уул уурхай, боловсролын салбар болон Хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг хөндөн ярилцав. Мөн хатагтай Элизабет Жейн Арнолдын Монгол Улсын гадаад бодлого болон УИХ-ын үйл ажиллагаа, 2015 оны намрын чуулганы талаар сонирхсон асуултуудад Улсын Их Хурлын дарга хариулт өглөө. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Жейн Арнолдод ажлын амжилт хүслээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.