Манай гэр бүлд тийм зүйл тохиолдоогүй
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-Ээлжит бус чуулганаар МАН-ын сайд нарыг засгаас гаргах тухай асуудал яригдана. Та Засгийн газрын гишүүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би Засгийн газрын гишүүний хувьд энэ тал дээр тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй юм. Энэ нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нөгөө талаараа энэ нь хоёр намын хооронд хийгдсэн гэрээний хэрэгжилттэй холбоотой хөндөгдөж байгаа асуудал. Би тэр хоёр намын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудалд байр суурь илэрхийлэх боломжгүй байна.
Ер нь аливаа асуудалд их улс төржихөөсөө илүүтэй, улс орныхоо эрх ашигт нийцсэн ийм л эрх ашгийн төлөө ажилладаг улс төрийн нөхцөл байх ёстой гэж боддог. Улс төрийн намууд ч гэсэн аливаа гэрээг байгуулахдаа гарах үр дагавар, уршгийг нь урьдчилан харж, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулж, аливаа асуудалд ханддаг болвол эргээд гарах эрсдэл үр дагавар нь улс орныхоо эрх ашигт эсрэгээр нөлөөлөхгүй байхад чухал гэж ойлгож байгаа. Тийм учраас эдгээр асуудлуудад цаашид холбогдох намууд нь УИХ-д тодорхой асуудлуудаа авч үзээд явах байх л гэж бодож байна.
-Таны бодлоор хамтарсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд хэр ажилласан бэ?
-Муу ажилладаг Засгийн газар, хариуцлагагүй ажиллая гэж боддог сайд нар байхгүй шүү дээ. Бүгд л Засгийн газрынхаа түвшинд ч тэр, эдийн засаг нийгмийн хүндрэлтэй байгаа нөхцөлд ч гэсэн аль болохоор хичээж, асуудлыг шийдэхийн төлөө Шийдлийн Засгийн газар ажиллаж байгаа. Тэр ч утгаараа сайн ажиллаж чадаж байгаа гэж үзэж байгаа. Сайдуудтай холбоотой асуудлууд бол улс төрийн учир шалтгаанаар тавигдаж байгаа.
-Таныг генсекийн суудлаа өгөхгүй гэж зугтаасан гэх мэдээлэл гарсан. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Би хэвлэл мэдээлэлд нээлттэй ханддаг. Надаас аливаа нэгэн асуудлыг тодруулж, тодотгож авах юм бол бодитой нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг. Зарим тохиолдолд надаас үл хамаарсан байдлаар надтай холбоотой мэдээлэл гардаг. Тухайлбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд манай намын зохих шатны хурал Ерөнхий нарийн бичгийн дарга болон өөр бусад сонгуульт ажлуудыг шийдэх асуудлаар хуралдаагүй.
Зарим нэгэн нэр бүхий нөхөд намыг хуралдуулах тухай хуурамч зохион байгуулалттай мэдэгдэл гаргаж, тэрэндээ намын зарим нэгэн нөхдийн гарын үсгийг ашигласан зохион байгуулалттай, хууль бус асуудлыг хийсэн байсан. Энэ бүхнийг таслан зогсоосон. Мэдээж намын дотоод асуудал, бусад асуудлыг хэлэлцэх намын дүрмийн хүрээнд хуралдах хурал болох үед дээрх асуудал яригдаад явах ёстой. МАХН Бага чуулганаа хуралдуулж, тодорхой улс төр, нийгэм эдийн засгийнхаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах шаардлага байгаа. Ерөнхий нарийн бичгийн даргыг нэг хэсэг нь авах гээд би өгөхгүй гээд байгаа юм бол байхгүй.
-Таныг хөдөө байхдаа нисдэг тэрэг дуудуулсан гэсэн мэдээлэл бий. Та ямар тайлбар хийх вэ?
-Medee.mn сайт дээр намайг гэр бүлийн хүний хамт хөдөө орон нутагт явж байгаад нисдэг тэрэг дуудлагаар авсан тухай дэлгэрэнгүй утга агуулга бүхий мэдээлэл гарсан байсан. Би баяр наадмын дараа буюу долдугаар сарын 14-ний өдөр гадаад улсад албан ажлаар яваад өнөөдөр буюу 20-ны өглөө Монгол Улсад ирлээ. Энэ хооронд ийм мэдээлэл гарсан тухай хэвлэл мэдээлэл болон холбогдох хүмүүсээсээ авч огт ор үндэсгүй мэдээллийг залрууж, үнэн бодитой мэдээллийг нь өгөх ёстой гэдэг чиглэл өгсөн.
-Үнэхээр тийм үйл явдал болоогүй гэж үү?
-Огт болоогүй учраас би энэ тал дээр юу ярих вэ. Нисдэг тэрэг дуудсан асуудал байхгүй. Гэр бүлийн хүнийг бэртэж гэмтсэн учраас нисдэг тэрэг дуудсан тухай бичсэн байсан. Манай гэр бүлийн хүн одоогоор Монгол Улсад байхгүй. Гадаад улсад сурч байгаа.
-Нисдэг тэрэг буугаад, ниссэн зураг баримтыг эх сурвалж өгч байгаа?
-Өөр гэр бүлд тохиолдсон зүйлийг надтай холбож, манай гэр бүлд тохиолдсон мэтээр бичсэнийг ойлгохгүй байна. Тэр гэр бүлд тохиолдсон зүйлд харамсалтай байна. Нисдэг тэрэг очсон байж болно. Гэхдээ манай гэр бүлд тийм зүйл тохиолдоогүй.