Буруу систем рүү орчихвол хувьсгал хийдэг байхгүй юу
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.07.28

Буруу систем рүү орчихвол хувьсгал хийдэг байхгүй юу

1990 оны АИХ-ын депутатыг сонгох сонгуулиас өмнө нэг намын системтэй байхад нэр дэвшигчид 99 хувийн дэмжлэг авч депутат болдог байсан.

Монголын түүхэнд Чингис хаан дэлхийг байлдан дагуулсан байдаг. Үүгээрээ ч дэлхийн мянганы хүнээр шалгарч байсан. Тэгвэл энэ агуу хааны байлдан дагууллаас хойш харин хагарч, бутарсан, хар амиа хичээсэн явдал газар авч Манжид дагаар орж гундсан үе бий. 1911 онд Богд хаант улсыг байгуулсан хэдий ч 1921 онд ардын хувьсгал ялж коммунист үзэл суртал Монголыг бүрэн эзэрхийлсэн билээ. Тухайн үед цөөхөн монголчуудыг гарал үүслээр нь ялгаварлан нэр дэвшүүлдэггүй сонин тогтолцоо бүрдсэн байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр үг хэлдэг, хэвлэн нийтэлдэг эрх чөлөөтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана амьдрахаа өөрөө шийддэг, гадаад дотоод руу явдаг, үзэл бодлоо илэрхийлдэг, шашин шүтдэг эрхтэй болъё гэсэн шаардлагыг эрх баригчдад өгсөн. Ингэж хэлэлцээ хийсээр эрх барьж буй Засгийн газар болон шинэ улс төрийн хүчнүүд ярилцаад 1990 оны зургадугаар сард анх сонгууль явуулахаар намууд нэгдсэн нь өөрчлөлтийн салхи сэвэлзэх он жилүүдийн эхлэл байв.

1990 оны зургадугаар сард сонгууль явуулах гэж байсан ч  түр хойшилсон байна. Тухайн үед 18 насанд хүрсэн хүн сонгох, сонгогдох эрхтэй байсан бол цагаан морин жилийн хавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж сонгогдох эрхийг 23 нас болгон өөрчилсөн байна. Гэвч үүнийг ардчилсан хүчнийхэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн сонгуульд оролцохгүй гэж мэдэгдэл хүртэл хийсэн тул аргагүйн эрхэнд хуучин эрхийг нь сэргээж байсан түүхтэй. МАХН зөвхөн чиглүүлэгч байна гэсэн заалтыг хасч олон намын тогтолцоонд шилжин анхны сонгуулиа явуулав.

АИХ-ын депутатыг сонгох ардчилсан анхны сонгууль нь Сонгуулийн шинэ хуулиар явсан нь жинхэнэ утгаараа ардчилсан сонгууль болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлж байлаа. Депутатад нэр дэвшигчийг тасаг, бригад, нам, олон нийтийн байгууллага сонгож байсан бол дүүргүүдэд 150 сонгогч нийлээд нэг хүнийг дундаасаа дэвшүүлэх боломж нээгдсэн бөгөөд орон нутагт 50 сонгогч цуглаад нэр дэвшигчээ тодруулдаг байсан юм. Түүнчлэн бие даан нэр дэвшигч анх удаа депутатад өрсөлдөх боломжтой болж байжээ. 1990 оны долдугаар сарын 22-нд анхан шатны санал хураалт буюу шалгаруулах санал хураалтад 2413 хүн нэр дэвшсэн тухай архивын баримтад бий. Ингэж л 1990 оны долдугаар сарын 29-нд анх удаагаа монголчууд бүрэн эрхтэйгээр чөлөөт сонгууль өгч байсан.

Сонгуулийн үр дүнд АИХ, Улсын Бага хурлаа байгуулж Р.Гончигдорж гишүүн Монгол Улсын дэд Ерөнхийлөгч болж байлаа. Түүнчлэн Улсын Бага хурлын даргын албыг давхар хашиж асан цаг. УБХ-ын хамгийн гол ажил нь Үндсэн хуулийг батлах байсан тул үүргээ сайн гүйцэтгээд тарсан. Дараа нь 1992 оноос  УИХ-ын сонгууль явагдаж эхэлсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл УИХ-ын зургаа, Ерөнхийлөгчийн зургаан удаагийн сонгууль явагдаад байгаа билээ. Өнөөдөр бид дэлхий дахинд ардчилсан улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан, нэг нийгмийн байгууллыг нөгөө нийгмийн байгууллаар сольсон. Нийгмийн байгуулал өөрлөгдөх бүрийд үймээн самуун дэгддэг жишиг байдаг ч монголчуудын

шийдэж чадсан нь хамгийн том гавьяа болов. Түүнчлэн өөр нэг ололттой зүйл нь улс төрийн болон эдийн засгийн шилжилтээ нэгдор хийж чадсан юм аа. Энэ сонгуулиар Монгол Улс санал асуултаар асуудлаа шийддэг шинэ механизмтай болсон нь тэр. Одоо сонгуулийн үр дүн ямар ч гарсан хэн ч гайхахаа больсон. Ийм гайхамшигтай эхлэлийн цэг нь 1990 оны долдугаар сарын 29-ний анхны ардчилсан сонгууль байсан юм.

1990 оноос өмнөх Монгол хүний дундаж наслалт 62 байсан бол одоо 69 нас болсон нь хамгийн том ололт гэхээс яахав. Нэг хүнд ноогдох ДНБ- ий хэмжээ 10 дахин нэмэгдсэн. 1991 онд Зөвлөлт холбоот улс задарч Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсон. Түүнээс өмнө манай эдийн засгийн 70 хувь нь Оросын хараат байсан юм. Дэлгүүрийн лангуун дээр давс, цуунаас өөр зүйлгүй байсан Монгол Улс эдийн засгийн шилжилтийн зовлонг даван туулсан. Гэх мэтчилэнгээр ардчилсан сонгуулиас хойш бий болсон түүхэн үйл явдлууд их билээ.

ТОГОО ТАСЛУУЛЖ, УУЛЗАЛТАД ИРСЭН ИРГЭДТЭЙГЭЭ ЗААЛНААСАА ХӨӨГДӨЖ ЯВСАН ГЭНЭ

Монгол Улсад ардчилал бий болоход гол үүрэгтэй оролцсон байгууллага бол Монголын оюутны холбоо билээ. Тэгвэл Монголын оюутны холбооноос ганц хүн АИХ-д нэр дэвших боломжтой байсан. Тэр боломжоо алдалгүй гарч ирсэн хүн бол өдгөөгийн УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд юм. Түүнтэй ардчилсан сонгуулийн талаар ийн ярилцлаа.

-1990 оны долдугаар сарын 29-ний өдөр Монголын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэр нь анх удаа олон намын системтэйгээр сонгуулиа зохион байгуулсан. Тухайн үед та Монголын залуучуудын холбооноос  нэр дэвшин АИХ-ын депутат  болж байсан дурсамжаа дэлгэхгүй юу? 

-Ардчилсан хувьсгалын ялалт мөнгөөр үнэлэгддэггүй,  нийгмийн өөрчлөлтөөр үнэлэгддэг. Тэр нь 1990 оны долдугаар сарын 29-ний АИХ- ын депутатыг сонгох сонгууль байсан. Монголын ард түмэн анх удаа өөрсдийн хүссэн хүнээ сонгох сонголтыг хийсэн. Нэг намын хатуу тогтолцоонд шударга ардчилсан сонгууль явуулна гэдэг хэцүү бөгөөд гарааны нөхцөл нь ч өөр юм.

430 депутатаас цөөхөн хэдэн ардчиллын хүн сонгогдсон л доо. Гэсэн хэдий ч энэ сонгуулийн бахархал нь юу гэхээр улстөрийн намын санал хураалтаар ардчиллын төлөөх хүчин 40 гаруй хувийн санал авсан явдал. Энэ нь өөрөө том ялалт. Тухайн үед эрх баригч намд маш том цохилт болсон. "Эднийг дэмжих хүн байхгүй" гэсэн бодолтой явсан тэд 40 гаруй хувийн санал авахад нэгийг бодсон байх. Тэр үед Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай шууд шинэ намуудаас урьж үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан. Энэ нь өөрөө Монголын ирээдүй зөв явах эхлэл болсон.

АИХ яахав тухайн үед хоёрхон жилийн настай байлаа. Гэхдээ шинэ нийгмийнхээ гол үндэс суурийг тавык чадсан юм. Миний хувьд оюутан залуусаа төлөөлөөд АИХ-д нэр дэвшсэн. Учир нь сургууль соёлоо төгссөн ганц хүн нь би байв. Тэр бүр оюутны төлөөлөлд нэр дэвших газар олдоно гэдэг хэцүү. Тиймээс ардчилсан хүчнийхэнтэй ярилцаж байгаад Багануур дүүрэгт өрсөлдсөн.

-Хэдэн хүнтэй өрсөлдөн гарч ирсэн юм?

-Улс төрийн хоёр хүчин хоёр талаас хүнээ гаргаж өрсөлдүүлсэн. Би нийт сонгогчдын 55 хувийн санал авч АИХ-ын депутат болж байсан юм. Тэр үед ямар нэгэн сурталчилгаа, шоу гэж байсангүй. Бид зөвхөн уулзалт л хийдэг байлаа. Үнэндээ иргэдтэй уулздаг ганц арга хэлбэртэйгээр сонгуульд орсон юм. Шадар туслагч гэж сонгуульд дэмжиж ордог гол хүмүүс байдаг. Миний шадар туслагчаар С.Зориг агсан, Да.Ганболд, Багануурын Ардчилсан холбооны дарга Даваадорж гэх мэт хүмүүс байсан бөгөөд тэдэнтэйгээ хамтран “0-ээс бүх зүйлийг эхэлж байлаа. Би өмнө нь Багануураас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тэнд амьдарч байсан л даа.

-Бэрхшээл хэр тулгарч байв?

-Яаж амар байхав дээ. Иргэдтэй уулзалт хийе гэхээр тог тасалчихна. Зааланд хурал хийх гэхээр түлхүүр нь олдохгүй зовооно. Тэгж тэгж уулзалт хийгээд эхлэнгүүт Наад заалаа чөлөөл” гэнэ. Уулзалтад ирсэн иргэд тэр чигээрээ өөр танхим руу явж уулзалтаа үргэлжлүүлдэг тийм л үе байлаа Тиймээс түүхэн ховор цаг үе байсан гэхэд болно.

-Н.Батбаяр гишүүнтэй ярилцаж байхад шүдэнз тарааж сурталчилгаа хийдэг байсан гэсэн. Харин та сурталчилгаагаа хэрхэн хийсэн бол?

-Тэр үед бидэнд мөнгө байгаагүй Байсан мөнгөөрөө зочид буудлын хоёр өрөө хөлсөлж ажлаа явуулна шүү дээ. Хувийнхаа видео тоглуулагчийг аваачин орон нутгаар өөрсдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаа цацдаг байсан юм. Миний хувьд ямар нэгэн зүйл тараагаагүй. Тараасан зүйл гэвэл танилцуулга бүхий мөрийн хөтөлбөр л байсан. Тухайн үед эрх баригч намынхан чинь шал өөр. Телевизээр сурталчилгаа нь яваад л. Бидний хувьд зөвхөн иргэдтэй уулзаж л сонгуулийн ажлаа хийсэн. Түүнээс ямар нэгэн концерт тоглосонгүй. Алдартай хүмүүсийг авч ирж гангарсангүй. Угаасаа тийм зүйл мэддэг ч үгүй байлаа. Бор зүрхээрээ л сонгуульд оролцож явсан.

 Ард түмний сэтгэхүй сонгуульд хэр бэлтгэгдсэн байв?

-Тэр үед хувьсгалын шок гараагүй байсан. Хувьсгалын шокоос гарах ганц зам бол сонгууль юм. Тухайн үед оюутны холбоо санаачлан ардчиллын төлөөх дөрвөн хүчний улс төр хийж, дөрвөн хүчний хамтарсан зохион байгуулалтаар цуглаан хийдэг байлаа. Бид хамтарч байгаад зорилтуудаа тодорхойлон нэг намын дарангуйллыг болиулж, чөлөөт сонгууль явуулъя гэсэн. Үндсэндээ энэ хямрал, улс төрийн мухардлаас гарах ганц гарц тэр л байсан.

Хувьсгал хийж байсан манайханд улс төрийн хүчнүүд айхтар санал тавьж байсан юм. Тэд Ард түмний онц шүүх байгуулж, болохгүй байгаа хүмүүсийг шийтгэх маягаар явъя гэсэн. Үнэндээ 1937 оны хэлмэгдүүлэлтийн эсрэг хэлмэгдүүлэлт болгох гээд байлаа. Мөн Ардын түр хурал байгуулна гээд засгийн эрхийг хүчээр булаан авах хүсэлтэй байсан юм. Энэ зарчмыг гадаадад бүү хэл дотооддоо ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл. Үнэндээ олон сарын тэмцэл ухуулга, маш их цаг зав зарсан ажил болж байж ерөнхийдөө хуулийн хүрээнд, энх тайванч, нэг ч цонх хагалалгүй, ардтүмнийхээ хүсэл зорилгод суурилсан хувьсгалт өөрчлөлтийн үзэл санаа ялсан. Тэр үед үнэхээр балмад хүмүүс ч байсан.

-Таныг нэр дэвшиж байхад С.Зориг, Да.Ганболд тэргүүтэй шадар туслахууд ямар зөвлөгөөг танд өгч байсан бол?

-Тухайн үед тэд нийгмийн том хувьсгалын удирдагчид байлаа. Улс төрийн дөрвөн хүчин тэр дундаа Ардчилсан холбоо, Монголын Үндэсний Дэвшил намынхан тойрогт нь очиж ажиллана гэсэн. Одооны манайхны ганц санал яаж авах вэ гэдэг тийм ойлголт байсангүй. Уулзалт хийхэд заал үргэлж дүүрэн байдаг байсан юм. Нийгмийн том өөрчлөлт гэсэн том хүрээний асуудал яригдаж байсан нь хүмүүст их хүрсэн байх. Тиймээс ардчилсан хувьсгалд голлох үүрэгтэй оролцсон хүмүүс ард түмний дэмжлэг авч 1992 онд УИХ-д сонгогдож байлаа. Богино хугацаанд сонгууль явагдсан болохоор бид тэр богино хугацаанд 430 хуваагдаж тойрог бүрт ажиллаж чадаагүй. Цөөн хэдэн тойрог дээр ажилласан. Ажилласан тойрог

шинэчлэлийн өөрчлөлт ард түмэнд зөв очсон нь хамгийн чухал байсан юм. “0” хувьтай байсан нам нэг сонгуулиар шууд 40 хувийн санал авна гэдэг гайхалтай. Тухайн үед бид нэг байсан ч зориуд гурав хуваагдсан. Хэлэлцээрийн ширээний ард суулаа гэхэд нэг нам нэг л удаа ярина. Харин гурав болчихвол тэд нэг ярьж байхад бид гурван өөр зүйлийг ярих боломж нээгдсэн. Ард түмэндээ хүрэхдээ ч их нэмэртэй байсан.

-АИХ-ын депутат болчихоод хэр баярлаж байв. Гэр бүлийнхэн тань яаж хүлээн авсан бол?

-Тэр үед би З0 нас ч хүрээгүй явлаа. Манайхан бол хувьсгал гээд зүйл рүү яваад байгаа, түүн рүүгээ явсан байх л гэж хүлээж авсан. АИХ-ын депутат боллоо гээд баярлаж байснаа огт санахгүй байна. Хувьсгалт үйл явц чинь шууд үргэлжлээд явж байсан тул АИХ, Улсын Бага хурал гэсэн нэг том эргүүлэг дотор л явсан гэхэд болно. Тэр үед ялсан энэ тэр гээд баярлаж байсан тухайгаа нэг ч санахгүй байнаа. Хэцүү, түгшүүртэй, ойлгомжгүй, ирээдүй бүрхэг, юм хаашаа ч эргэж болохоор байсан. Тиймээс АИХ-ын депутат боллоо гээд баярлах шалтгаан үнэхээр олдоогүй.

-Тухайн үед Монгол Улсад ардчиллыг бий болгохоор зориг шулуудан явсан залуусын зорилго биелэлээ хэрхэн олов?

-25 жилийн хугацааны  өндөрлөгийг эргэн харахад зарим талаараа тэр үед мерөөдөж ч байгаагүй хэмжээнд хүртлээ хөгжиж дэвшсэн. Ард түмний өнцгөөс харахад болохгүй зүйл их л байна. Ялангуяа ардчилсан нийгэмд дутагдал нь ил байдаг тул илүү юм шиг харагдах тал бий.

Том зорилго буюу ардчилсан хувьсгал ялснаараа гол зорилго биелсэн. Ардчилсан хувьсгал бүрэн төгс ялаад явж байна гэвэл үүнтэй санал нийлэхгүй. Харин ч өнөөдөр эмзэг байгаа. Бид 2000 онд үүнийг харсан. Цаашид ч гэсэн эмзэг байна.

-1992 оны анхны сонгуулиас хойш УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, тус бүрдээ зургаан удаагийн сонгууль явуулсан байна. Гэсэн ч сонгуульд санал өгөх иргэдийн идэвх буурч байгааг юу гэж тайлбарлах вэ. Цаашид сонгуулийн системийг хэрхэн өөрчлөх нь зөв бол?

-Сонгуулийн хувь буурч байгаа нь ердийн явц. Сонгууль болгоноор 5-10 функтээр буугаад явах байх. 50 хувиас л доошоо орж болохгүй. Хэрэв тэгвэл монголчууд ардчилалдаа сэтгэл алдарч байгаагийн илрэл болох юм. Хуучин 99 хувь нь санал өгдөг байсан. Бид энэ байдлыг өөрчлөхийн тулд л явсан. Улс төрийн идэвхжил гаргаж байгаа нийгмийн тэр хүрээ нийгмээ аваад явдаг. Бусад нь тэдэнд даатгаад, итгээд явдаг л даа. Буруу систем рүү орчихвол хувьсгал хийдэг байхгүй юу. Тийм болохоор энэ нийгмээ зөв авч явах ёстой.