Ээлжит бус чуулганд бэлтгээд тун завгүй байгаа бололтой
Төрийн ордон эл хуль биш харин ч гишүүд болон УИХ-ын Тамгын газрынхан ажиллаж байна.
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат л гэхэд өчигдөр болон өнөөдөр байнгын хорооны ажилтнуудаа дуудан хуралдсан байна. Ажлын хэсгийнхэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулиудыг хэлэлцсэн гэсэн албан бус мэдээлэл байна. УИХ-ын дарга 2015 оны хаврын чуулганы хаалтын үеэр хэлсэн үгэндээ Эрүүгийн хуулийн тухайлсан зүйл заалтуудыг эргэн харж, ажиллах үүргийг Хуульзүйн байнгын хороонд өгсөн. Үүний дагуу ирэх долоо хоногт ажлын хэсгүүд хуралдаж эхлэх сураг гарч байна.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өдөр бүр ажиллаж байгааг харахад УИХ-ын Тамгын газар ээлжит бус чуулганд бэлтгээд тун завгүй байгаа бололтой. Наадамлаж явсан гишүүд ч нэг нэгээрээ ордонд нэмэгдэж байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга 2-3 гадаад уулзалтууд хийж, шинээр томилогдсон Элчин сайдуудтай танилцах уулзалтууд хийсэн. УИХ-ын даргын хэлснээр бол 08 сарын 03-нд ээлжит бус зарлана, мөн 09 сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ээлжит бус зарлахаа мэдэгдсэн. Үүнийг нь УИХ-ын хэвлэлийн албаны дарга нь өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа баталсан байсан. Үүнээс харахад УИХ-ын удирдлага, түүний Тамгын газар болон УИХ-ын гишүүд ээлжит бус чуулгандаа бэлтгэж эхэлжээ.