МАН засагт хорогдохгүй ч энэ процесс хуулийн хүрээнд явагдах учиртай
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.08.06

МАН засагт хорогдохгүй ч энэ процесс хуулийн хүрээнд явагдах учиртай

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

 Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Энэ хуулийг танай намын бүлэг анхнаасаа дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь хэвээрээ юү эсвэл өөрчлөгдсөн үү? 

Энэ хуулийг гаргахыг бид дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн агуулга нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэнээс гадна өнгөрсөн 25 жилийн хугацаанд зах зээлийн арилжаанд шилжих хүрээнд аж ахуйн нэгжүүдэд учраад байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн тал руугаа хууль гарах учиртай юм. Харин харамсалтай нь өнөөдөр Засгийн газраас өргөн барьсан байгаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь цагаан захтнууд буюу албан тушаалтнуудыг хариуцлагаас мултлах, тэдний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг цэгцлэх тал руугаа гарах гээд байна л даа.

Нэг ёсны өнгөрсөн 2012 оноос хойш АН засгийн эрх барьснаас хойш “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой маш олон асуудлаа хаацайлж, энэ хуулийн хүрээнд тодорхой хүмүүс хариуцлагаас мултрах вийдээ гэдэг эмзэглэл болгоомжлол байгаа. Тийм учраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль дээр МАН-ын бүлэг болон бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай ажиллаад байгаа юм. Угтаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө орлогын асуудлыг цэгцлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, далд эдийн засаг руу хандсан заалтууд орж ирвэл бид дэмжихэд бэлэн байгаа. Харамсалтай нь ийм заалт маш бага, бүрхэг орж ирсэн.

Жирийн аж ахуйн нэгж биш өндөр албан тушаалтнуудад зориулсан хууль гарах гээд байгаа хэрэг үү? 
 

-Аж ахуйн нэгжүүдэд зориулж Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргах юм бол Монголын бүх үйлдвэрлэгчдэд нээгдэнэ. 2008 онд энэ хуулийг гаргах үед аж ахуйн нэгжүүд зөв, буруу мэдээлэл авснаас болж хамрагдах хүрээ нь бага байсан юм билээ. Харин одоо ярьж байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль одоо яригдаж байгаагаараа батлагдвал өнөөдрийн эрх барьж байгаа нөхөд буюу албан тушаалтнууд өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг далдлах, өөрсдийнхөө хууль бус үйлдлээс мултрах магадлал өндөр байгаа учраас эсэргүүцэлтэй тулаад байгаа хэрэг л дээ. 

-Өндөр албан тушаалтнууд биш татварын дарамтад ороод үнэхээр үйл ажиллаага явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдээ хамруулах боломж байгаа юм уу. Одоо хуульд өөрчлөлт оруулах боломж бий юү?

 -Энэ хуулийг гурав дахь удаагаа өргөн бариад байгаа нь энэ шүү дээ. Ерөөсөө чуулган дээр унаад гишүүд хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдөр чуулган дээр хууль унахад маргааш нь эргээд л Засгийн газраас өргөн барьчихдаг жишигтэй болчихоод байгаа юм л даа. Тэгэхээр энэ чигээр нь зүтгүүлсээр байгаад батлуулах магадлал тун өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хүсээд байгаа шиг заалт энэ хуульд багтаагүй. Тухайлбал, өнөөдрийн байдлаар НӨАТ-ын хэргээр Монгол Улсад 3000-аад аж ахуйн нэгжид эрүү үүсээд явж байгаа шүү дээ. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжийн асуудал энэ хуульд орж ирээгүй байх жишээтэй. Цаашлаад өнөөдрийн байдлаар татварын маргаантай байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудал огт тусаагүй байна. Ийм байтал ерөөсөө л албан тушаалтнуудын хөрөнгө орлоготой холбоотой заалт л орж ирчихээд байгаа юм шүү дээ. 

Эдийн засгийн өршөөлөөс гадна Эрүүгийн өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэж байна л даа. Заавал олон нийтийн нүд, чихнээс далд хэлэлцэх шаардлага байдаг юм болов уу? 

-Энэ нь Гэмт хэргийн өршөөлийн тухай хууль юм л даа. Энэ хуулийн нэг онцлог нь хаалттай хэлэлцдэг. Тухайн хүрээнд тодорхой ямар зүйл ангиудаар өршөөл үзүүлэх, өнөөдрийн ял эдэлж байгаа 7000 гаруй ялтнаас хэдийг нь хамруулах гэх мэт нарийн асуудлыг ярьдаг учраас хаалттай хэлэлцэхээр орж ирсэн.

-Ер нь Гэмт хэргийн өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргаад байх нь хэр оновчтой юм бэ. Олон нийт бол тийм таатай хүлээж авдаггүй шүү дээ? 

\Ер нь аль ч улс орон Гэмт хэргийн өршөөлийн хуулийг гаргадаг л даа. Манай улсын хувьд томоохон ой болон тэгш ойн баярын хүрээнд энэ хуулийг гаргадаг байсан. Тухайлбал, тодорхой хүрээний ялтнуудыг энэ хуульд хамруулдаг. Өөрөөр хэлбэл, анх удаа гэмт хэрэг хийсэн, болчимгүй үйлдлээсээ болж гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх чиглэлд энэ хуулийн ерөнхий үзэл санаа багтдаг. Гэхдээ дотор нь тодорхой асуудлыг авч үзэх хэрэгтэй болчихоод байгаа юм.

Тухайлбал, Эрүүгийн шинэ хуулийг баталбал энэ хүрээнд сэжигтэн гэж байхгүй болохоос гадна аж ахуйн нэгжүүдэд багагүй дарамт ирэх заалтууд бий. Энэ хуулийг гаргах талаар жил гаруйн өмнөөс ярьсан учраас нийгэмд багагүй хүлээлт үүсчихсэн байна гэж ойлгож байгаа. Тийм учраас хуулийн зөв гаргалгаа хийж гаргах нь зүйтэй гэдэг саналыг хуулийн байгууллагуудаас ирүүлж байгаа.

 -Гэмт хэргийн өршөөлийн хуулийн хүрээнд хэчнээн ялтныг хамруулах талаар тодорхой тоо ярьж байна уу. Нийт хоригдлынхоо бараг тэн хагасыг “тавиад туучих” нь гэдэг шүүмжлэл их гараад байгаа шүү дээ?

-Нарийвчилсан тоог хуулийн байгууллагууд гаргаж өгөх байх. Урьдчилсан байдлаар өнөөдрийн ял эдэлж байгаа хүмүүсээс 1500 орчим хүнийг хамруулах болов уу гэдэг яриа гараад байгаа.

 Төрийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийсэн ч өнөө хэр санхүүжилтээ авч чадахгүй байгаа 280- аад аж ахуйн нэгжийн асуудлыг Сангийн яам Засгийн газрын шийдвэрээр эдгээр аж ахуйн нэгжид вексель бичихээр болоод байсан. Гэвч Төсвийн байнгын хорооны өчигдрийн / уржигдар/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй байхад дундуур нь оруулж ирээд вексель бичих ажлыг шалгана гэх үндэслэлээр ажлын хэсэг байгуулчихсан. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ. УИХ Засгийн газрынхаа ажлыг уяж байна л гэж харагдаад байгаа юм л даа? 

Аж ахуйн нэгжүүд бизнесийн агуулгаараа тендерт оролцоод улсын төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээгээ явуулаад дууссан бол тэдэнд хөрөнгө мөнгийг нь төр гаргаж өгөх л ёстой. Ингэж ажилласан маш олон аж ахуйн нэгж хохирчихоод байгаа. Зээл авч ажлаа гүйцэтгэхээс гадна ажилчдынхаа цалинг тавих гэх мэтээр ихээхэн хэмжээний мөнгө зээлсэн байдаг. Дээрээс нь эдийн засгийн хямралтай, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь аж ахуйн нэгжүүдэд маш хүндээр тусч байгаа.

Тэр утгаараа улсын төсвийн хөрөнгөөр 80- аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн хөлсийг векселиэр олгоё гэдэг Сангийн яамны санал бол зөв гэж би хувьдаа харж байгаа. Өмнө нь Ч.Улааныг Сангийн сайд байх үед Н.Алтанхуягийн Засгийн газраас вексель бичих замаар аж ахуйн нэгжүүдийн өрийг барагдуулж л байсан шүү дээ. Жилийн эцэст алдагдлаа векселиэр олгоод дараа жилийнх нь төсөвт суулгаад явж байсан. Харин энэ жилийн хувьд санхүүжилтээ 2008 оноос хойш авч чадаагүй 280-аад аж ахуйн нэгж байгаа юм билээ. Нэг ёсны төрийн буруутай үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгж хохирч болохгүй шүү дээ. 

Таны харж байгаагаар ажлын хэсэг гарч ажиллаад, хугацаа уях шаардлага байгаа юм болов уу? 

Ямар ч шаардлага байхгүй. Энд ажлын хэсэг шалгахаасаа илүү хоосон хардлага яваад байх шиг байна. 

Бас нэг асуулт байна. Танай намын бүлэг Засгаас гарахад татгалзах зүйлгүй, сандал ширээтэй зууралдахгүй” гэчихээд чуулганы нээлтэд оролцохгүй байна гэдэг шүүмжлэл гараад байна л даа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

Өргөн бариагүй асуудлаар ээлжит бус чуулган зарлах боломжгүй. Учир нь, ээлжит бус чуулганаар тодорхой асуудлыг тодорхой хугацаанд нэн яаралтайгаар хэлэлцдэг. Логик нь ч ийм. Энэ утгаараа өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудлыг хэн ч өргөн бариагүй байхад УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулчихсан нь өөрөө Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм.

Яагаад гэхээр Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхий сайд танхимын зарчмаар ажиллаж байгаа. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрхийн асуудалд УИХ-ын дарга хөндлөнгөөс халдаж байгаа хэрэг болчихож байгаа юм л даа. Түүнээс биш МАН засгаас гарах эсэх асуудал дараагийнх байхгүй юу. Бид бол тэртэй тэргүй гарахад бэлэн байгаа шүү дээ. Манай намын удирдах зөвлөл, намын бүлэг хуралдаад зургаан сайдаа хууль номынх нь дагуу гаргахад бэлэн байгаагаа хэлчихсэн. Гагцхүү энэ бүх асуудлыг шийдвэрлэх процесс өөрөө хуулийн дагуу явах ёстой юм шүү дээ. Гэтэл ингэхгүйгээр АН-ын хоёр удирдлагын зөрчилдөөн нь хууль зөрчиж нэгийгээ ялж болохгүй л гэж байгаа юм. 

-АН-ынхан Эдийн засгийн ил тод байдлыг тухай хуулийг танай намынхнаар дэмжүүлчихвэл засагт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдэг мэдээлэл ч гарсан байна. Үнэхээр ийм тохироо яригдаж байгаа хэрэг үү?

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг бид дэмжихгүй.