Дотоодын буудайгаа худалдаж авсан үйлдвэрүүдийг дэмжинэ
Газар тариалангийн салбарыг ган нөмөрч, бид энэ жил улсынхаа хэрэгцээг хангах нь битгий хэл гадаадаас улаан буудай царайчлахад хүрээд байгаа.
10 гаруй хоногийн дараа ургацын баланс гарч, манайхны хаврын ажил ямар үр дүнд хүрэхийг мэдэх юм. Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ургац хураана гэж аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас салбарын яамандаа мэдээлжээ. Ойролцоогоор 280.000 тонн орчим буудай авна гэж төсөөлж буй юм байна. Гэхдээ тэр нь хэр чанартай байх нь одоогоор тодорхойгүй. Уг нь энэ намар 460.000 гаруй тонн буудай хурааж авна гэж төлөвлөж, байснаас үзвэл багагүй хүч хөдөлмөр салхинд хийссэн бололтой. Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан газар тариалан
бүхий аймгуудын агрономич, тариаланчид төлөөлөлтэй өчигдөр уулзав. Зургадугаар сард нийт нутгаар хэт халсан тул тариа давжаарчодоогийн байдлаар ургацынхаа 40 хувийг алдчихаад байна. Дийлэнх хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймагт нөхцөл байдал тааруу байгаа нь бид хүссэн хүсээгүй гадаадаас улаан буудай импортлохоос өөр аргагүйд хүргээд буй. Дотоодоос үрээ авна гэж яамнаас мэдээлэл байгаа ч энэ жил шаардлага хангах буудай маш бага байна гэж орон нутгийнхан үзэв.
Өр зээл ихтэй тариаланчид ургацынхаа ихэнхийг алдчихвал төрөөс ямар дэмжлэг үзүүлэх, урамшууллыг хэдийд өгөх, буудай үнийг хэрхэн тогтоох зэргийг сонирхож байлаа “Орбит комплекс", “Эрдэнэт фүүдс”, “Сайхан хүнс”, “Өег” зэрэг компани буудай авчихаад өдий хүртэл төлбөрийг нь өгөөгүй гэж гомдолсон нь ч бий. Энэ мэтээр тариаланчдад мөнгийг нь өгөөгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, хөнгөлөлттэй зээлийг нь арилжааны зээлд шилжүүлэх арга хэмжээ авахаа салбарын сайд мэдэгдэв. Буудайн болц газар бүрт, тэр ч байтугай тариан талбайн өнцөг булан бүрт харилцан адилгүй байгаа нь техник технологио сайжруулж, болцоор нь ангилж хураах системд шилжүүлэх шаардлагатайг харуулж байна гэж тариаланчид ярьж байлаа.
“Ган бидэнд маш том дохио өглөө. Цаг агаарын байдлаас байнга хамааралтай байхгүйн тулд сайн ургац авсан жил олсон хөрөнгөөрөө усалгаатай тариалангийн төхөөрөмж авах хэрэгтэй. Яамнаас үүнийг дэмжиж, гадаргын ус ашигласан тохиолдолд татвараас чөлөөлнө гэж Тариалангийн тухай хуулийн төсөлд тусгасан. Урамшууллыг УИХ шийднэ. Буудайн үнийг сайд бус, зах зээлийн зарчмаар, фьючерс арилжааны дүнгээр тогтооно" гэж Р.Бурмаа сайд хариулсан юм.
Буудайн нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, ногоон тэжээл бэлдэхэд 10 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжүүлэх хүрээнд ХХААЯ дотоодын, стандартын шаардлага хангасан буудай болон ногоон тэжээл худалдан авахаа мэдэгдэв. Мөн дотоодод тарьсан буудай худалдаж авсан үйлдвэрүүдийг дэмжиж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд авсан зээлийг нь нэг жилээр сунгах гэнэ. Алдсан ургацаа нөхөхийн тулд импортлохоос өөр аргагүй ч юуны түрүүнд дотоодынхоо тариаланчдын буудайг борлуулахыг чухалчилж буй юм байна. Мөн ургацаа алдсан бол ТЭДС- гаас авсан зээлийнх нь хүүг тооцолгүй жилээр хойшлуулах гэнэ. Жишээ нь 40 хувийн ургацаа алдсан бол зээлийнх нь 40 хувийг хөнгөлөх юм байна. Импортын тухайд ургацын баланс гарсны дараа хэмжээг нь тогтоох аж.