Хоршоо байгуулахыг олон улсаас суралцах хэрэгтэй
20 дугаар зууны сүүлийн 20 орчим жилд Европын холбооны улсуудад тогтвортой хөглжийн чиг хандлага бий болж, хөдөө нутгийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрджээ. ЕХ-ны улсууд шилжилт хөдөлгөөнийг зогсоож хүрээлэн буй орчныг хэвээр хадгалахын тулд дараах зорилтуудыг тавьжээ.
-
Зах зээлд оролцогчдод тэгш боломж олгох
-
Хот, хөдөөд амьдралын ижил нөхцийг бүрдүүлэх
-
Зах хязгаар нутгийг нийслэлээс хамаарал багатай болгох
-
Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох
Европын холбооны эдийн засгийн бодлогын нэгэн тэргүүлэх чиглэл бол хөдөө аж ахуйн салбар дахь төрийн зохицуулалт. Үүнтэй холбоотой хөдөө аж ахуйн нэгдмэл бодлого гаргаж үнийн баталгаажсан систем, хөдөө аж ахуйн зах зээлийг зохицуулах аргачлал, үндэсний бүтээгдэхүүнийг импортоос хамгаалах гаалийн механизмийг бий болгожээ. Үүний ачаар эдгээр орнууд 10 орчим жилийн дотор импортлогчоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хамгийн ихээр экспортлогч орнууд болж хувирчээ.
Орчин үед улс орнууд хөдөө аж ахуйг хөгжүүлэхдээ шинжлэх ухаан технологийн дэвшил, эдийн засгийн хөгжлийн тухай аж үйлдвэржсэн нийгмийн дараах үеийн зарчмуудыг баримталдаг. Ийм хөгжлийн тод жишээг Скандинавын орнуудын туршлагаас харж болно.
Финляндад хөдөө аж ахуйн салбар хүн амыг бүхэлд нь бүх төрлийн хүнсээр хангадаг. 2012 онд нэг ажилтанд ногдох үр тарианы хэмжээ 35 тонн болжээ. Энэ улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд экологийн татаас (анг. grant), амьдралын таагүй нөхцөл болон аж ахуйн үйл ажиллагаанд татаас өгдөг байна. Ашиггүй ажиллаж байгаа фермийн аж ахуйг өөр зах зээлд оруулахын тулд төсвийн хөрөнгөнөөс дэмжлэг үзүүлдэг.
Финлянд, Шведэд хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, жижиг, дунд хэмжээний гэр бүлийн хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх ажлыг хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын бодлогын гол чиглэл болгодог. Эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн дэд бүтцийг бий болгох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих зорилгоор хоршоо болон хөдөө аж ахуйн бизнесийг хариуцсан төрийн албаны бүтэц ажилладаг. Хоршоодоор дамжуулан бүтээгдэхүүн борлуулна. Мөн хоршоологчдыг санхүүгээр дэмжих зорилготой хоршооны банк ажиллахаас гадна аж ахуйн хийгээд нийгмийн шинжтэй эрсдлийг арилгах зорилготой даатгалын үйлчилгээнүүд байдаг.
Мянтюхарью дахь фермерийн аж ахуй. Финлянд
Дани улсын хувьд гэр бүлийн аж ахуй нь хөдөө аж ахуйн үндэс болдог. Фермер болохын тулд хөдөө аж ахуйн сургуульд таван жил сурах ёстой. Бүх фермер хөдөө аж ахуйн хоршооны гишүүн болдог. 20 мянган фермерт 300 хоршоо ногддог. Хөдөө аж ахуйн хоршоонууд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дахин боловсруулж, зах зээлд борлуулахаас гадна фермерүүдийг бордоо, үр, тоног төхөөрөмж, малын тэжээлээр хангадаг. Фермер бүтээгдэхүүнээ өөрийн хоршоонд тушаах ёстой. Харин хоршоо түүнийг нь хүлээж авах үүрэгтэй. Ийм нөхцөлд зуучлагч, дамлагч нар ашиг олох боломжгүй болж бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад зардал хэмнэнэ. Энэ системийн ачаар Дани улс Европын холбоонд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэгч томоохон экспортлогчдын нэг болжээ.
Хоршооллын хөдөлгөөн хөгжсөн өөр нэг орон бол Япон. Энд үйлдвэрлэл, нийлүүлэлт, зээлийн үйлчилгээ үзүүлдэг өвөрмөц хоршоонууд ажилладаг. Японд ердөө 737 хоршоо байдаг ч тэдгээр нь 10 сая орчим гишүүнтэй.
Японд ургуулсан 1849 грамм жинтэй энэ алим Геннесийн номонд оржээ.
Аль ч улсад хангалттай хүний нөөцгүйгээр хөдөөд аж ахуйг хөгжүүлэх боломжгүй. Тодорхой дэд бүтэцтэй, амьдрах таатай нөхцөл бүрдсэн цагт л мэргэжилтэй боловсон хүчинг тогтоон барьж ажиллуулах боломжтой.
Хятадын эрх баригчид сүүлийн үед хот, хөдөөгийн гүнзгий ялгааг арилгах зорилгоор нэгдсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. 2006 онд хөдөө аж ахуйн татварыг тэглэжээ. Ингэснээр тариачдын мөрөн дээрээс 70 тэрбум юаны татварын ачаалал арилжээ. Орлогын үзүүлэлтээс харахад хөдөөгийн хүн амын орлого 2012 он гэхэд бараг хоёр дахин өссөнөөр амьдралын нөхцөл байдлыг мэдэгдэхүйц дээшлэв. Орон сууцны хангамж 1980 онтой харьцуулахад 4 дахин өссөн байна.
Хятадын хөдөөгийн хүн амын боловсролын түвшин дээшилж байна. 1990 онд бичиг үсэггүй хүмүүс хүн амын 20% байсан бол 21 дүгээр зууны эхэн гэхэд 5% болтлоо буурчээ. 2012 онд хөдөөгийн хүн амын амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 50 тэрбум ам.долларыг төсвөөс зарцуулжээ. Үүнээс бараг 20 тэрбумыг хөдөө тосгодын сургуулийн системийг шинэчлэхэд зориулсан байна. Сүүлийн үед Хятадад “шинэ үеийн тосгон”, “шинэ үеийн тариачин”, “шинэ хүн” гэсэн нэр томъёо гарсан. Энэ нь бүх талаар хөгжсөн, байгальд хайртай бие хүн гэсэн үг юм.
Хятад тосгон
21 дүгээр зууны эхээр хөгжингүй улс орнууд экологид ээлтэй хөдөө аж ахуйн талаар их ярих болов. Экологийн цэвэр бүтээгдэхүүн голдуу өндөр үнэтэй байдаг. Хөгжингүй орнуудад байгальд ээлтэй хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор фермерүүдэд санхүүгийн туслалцаа олгодог. Жишээ нь Францад фермерийг 5 жилийн турш төсвийн мөнгөөр дэмждэг байна.
Ерөнхийдөө хөдөө аж ахуй хөгжсөн орнууд уламжлалт хөдөө аж ахуйгаас экологид чиглэсэн хөдөө аж ахуй руу шилжиж байна. Ялангуяа хүнсний аюулгүй байдлыг хангахад экологийн цэвэр бүтээгдэхүүний ач холбогдол их. Ийм бүтээгдэхүүн генийн өөрчлөлттэй элементүүд, пестицид болон бусад хүний эрүүл мэндэд хортой бодисууд агуулдаггүй. Экологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн татаас, хөнгөлөлттэй зээл, татварын тэглэлт зэрэг гол аргуудыг хэрэглэж байна.