Монголын баялаг Оюутолгой, Тавантолгой биш, оюунлаг хүн нь байх ёстой
УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятавтай ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу. Энэ зун хаагуур амрав аа?
-Сайхаан. УИХ-ын харвын чуулган засварласны дараа 20 гаруй хоногийн хугацаанд тойрогтоо буюу Завхан аймагтаа ажиллаж, амраад ирлээ. Хэдий тав, зургадугаар сард хур бороо бага ихэнхи нутгаар гандуу байсан ч Улсын их баяр наадмын дараагаас тэнгэр хангай хураа хайрлаж, газар нутаг сэргэжээ. Завхан аймагт зуншлага сайхан байна аа.
-Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, улс төрд ч халуун үйл явдлууд өрнөж байна. Гэхдээ энэ удаа тантай улстөр ярихаас илүү удахгүй манай улсад анх удаа зохион байгуулагдах Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадын талаар ярилцах гэсэн юм.
-Тэгэлгүй яах вэ. Улстөрд болж байгаа үйл явдлыг надаар яриулалтгүй ард түмэн маань харж, мэдэж, дүгнэлтээ аль хэдийнэ хийсэн байгаа. Тиймээс энэ удаа улс төр яриад яах вэ. Удахгүй манай улсад болох олон улсын нэр хүндтэй Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулах хорооны даргаар миний бие ажиллаж байгаагийн хувьд энэ сэдвээр дэлгэрэнгүй сайхан ярилцаж бололгүй яахав.
-Дэлхийн өсвөрийн шатарчдын дунд зохион байгуулдаг энэхүү олимпиадыг Монголд зохион байгуулах ажлыг Монголын шатрын холбоо гардан хариуцаж байгаа. Тэмцээн болоход 11 өдөр үлдсэн байна. Бэлтгэл ажил хэр сайн хангагдсан бэ?
-“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” Монгол Улсад анх удаа энэ сарын 19-29-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн Дэлхийн шатрын холбооны календарт багтсан томоохон тэмцээн бөгөөд 16 хүртэлх настай өсвөрийн шатарчид оролцдог юм. Манай улс өнгөрсөн жил Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлсэн. Он гарсны дараа сонгон шалгаруулалтад олон оронтой өрсөлдөж зохион байгуулах эрхийг авч чадсан. Бид тэмцээн зохион байгуулах эрхээ авснаас хойш бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Миний хувьд Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуулийн ажилтай хүн. Тиймээс Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалын дагуу Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулах хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орны тамирчдадаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдсан.
-Манай улсад дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулах туршлага байгаа юү. Шатрын хэрэгсэл, байр хоолноос эхлээд зардал багагүй гарч байгаа байх. Бэлтгэл ажилд нийт хэчнээн төгрөгийн зардал гаргаж байна вэ?
-Тамирчдын буудлах байр, тэмцээн болох заалны асуудлын талаар хувийн хэвшлийнхэнтэйгээ гэрээ, хэлэлцээр хийж дууссан. Тамирчдыг хүлээн авч, байр хоолоор хангахад “Чингис хаан” зочид буудал хөнгөлөлт үзүүлж хамтран ажиллаж байна. “Хүннү молл” компанийн хамт олон хурлын заалаа үнэгүй ашиглуулахаар болсон. “Хүннү молл” нь талбайн хувьд том, худалдаа үйлчилгээтэй, нэлээд хэдхэн мини кино театруудтай, байгалийн түүхийн томоохон үзвэрүүдтэй гээд гаднаас ирсэн тамирчдад үзэх харах зүйл ихтэй гэдэг талаас харж сонгосон.
Монголын бизнесмэнүүдийн дэмжлэгтэйгээр хамгийн чухал хоёр ажлынхаа бэлтгэлийг хангасан. Нийт 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Үүнийн 70 сая төгрөгийг Засгийн газар төсвөөс гаргасан. Үлдэж буй эх үүсвэрийг хувийн хэвшлийн байгууллага хамт олны дэмжлэгтэйгээр зохион байгуулах үүргийг надад өгсөн. Энэ дагуу монголын зөв санаа, сэтгэлтэй бизнесмэнүүдтэй уулзаж өнөөдрийн байдлаар тэмцээнээ амжилттай зохион байгуулах чадавхийг бүрдүүллээ.
Дэлхийн том хэмжээний тэмцээн зохион байгуулах гэж байгаа учраас сайн чанарын шатар, ширээний цагийг шинээр авах шаардлагатай болсон. Дэлхийн шатрын холбооноос 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 гаруй ширээний цаг, мэргэжлийн 200 шатрын хөлөг авах захиалга өгсөн. Ирэх долоо хоногт эдгээр хэрэгслүүд ирнэ. Дэлхийн хэмжээний тэмцээнд стандартын дагуу хүндрүүлэгчтэй шатраар тоглодог. Монголд худалдаалагдаж байгаа шатрын хөлгүүд стандартад тэнцэхгүй учраас Дэлхийн шатрын холбооноос хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь тэмцээн зохион байгуулагч оронд хийж том хөрөнгө оруулалт бөгөөд нөгөө талдаа манай улсын орлого болж байгаа юм.
-Хэчнээн улсын баг тамирчид оролцохоор бүртгүүлээд байна вэ?
-Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадаас гадна “Mongolia Open” буюу их мастеруудад зориулсан тэмцээн давхар зохион байгуулагдах учраас том зааланд зохион байгуулна. “Mongolia Open” бол нас харгалзахгүй оролцдог, жилд нэг удаа болдог томоохон тэмцээн л дээ. Өөрөөр хэлбэл, нэг орон зай, цаг хугацаанд хоёр томоохон тэмцээн Монголд болох учраас бэлтгэл ажлыг сайтар хангаж байна.
“Mongolia Open”-д дэлхийн супер их мастерууд ирж тоглож байгаагүй юм. Харин энэ жил 20 гаруй орноос 150 тамирчин “Mongolia Open”-д оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнээс 10 гаруй дэлхийн шилдэг их мастерууд бөгөөд 2100-2600 оноотой супер мастерууд хоорондоо өрсөлдөх гэж байна. Үүн дээр манай улсын найман их мастерын зургаан нь оролцохоор болсон. Харин Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орчим улсын 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
-Шатрын спорт хөгжсөн улсуудаас хүчтэй багууд оролцож байгаа гэж сонссон. Жишээ нь, ямар улсууд вэ?
-Шатрын спорт хөгжсөн орнуудад очиж оролцдог багууд оролцохоор мэдүүлгээ өгсөн. Одоогоор Өсвөрийн шатарчдын дэлхий олимпиадад 23 орон оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн төвшний том багууд оролцоно. Мөн тус улсын их мастерууд нь “Mongolia open”-д оролцохоор ирнэ. Тиймээс өрсөлдөөн ширүүн явагдахаар харагдаж байгаа. Нөгөө талд, эдгээр тэмцээнээр манай тамирчид шилдгүүдтэй туршлага солилцох боломж гарч байна.
Манай тамирчид гадаадад зохион байгуулж байгаа тэмцээнд хөрөнгө мөнгөний асуудлаас болж олууллаа оролцож чаддаггүй. Нэг багийн зургаан хүнийг л тухайн зохион байгуулагч орон 10 хоног байлгах байр, хоолны зардлыг даадаг. Тиймээс гаднын тэмцээнд нэг л баг явах бололцоотой байдаг. Харин энэ удаа дэлхийн хэмжээний тэмцээнийг Монголдоо зохион байгуулснаар нийт 10 баг буюу 50 хүүхдийг оролцож, оноогоо нэмэгдүүлэх, төвшингөө дээшлүүлж туршлага солилцох боломжтой болж байна. Дээр нь, гаднын их мастерууд олноороо монголд ирж байгаагүй учраас цаашид хамтын ажиллагаа, нээлттэй тэмцээн зохион байгуулахад ач холбогдолтой юм.
Нөгөөтэйгүүр манай улс энэхүү тэмцээнээр дамжуулан эх орноо, тамирчдаа сурталчлах бүрэн боломжтой байгаа. Учир нь, Дэлхийн шатрын холбоонд багтдаг 181 оронд тэмцээний 10 өдрийн үйл ажиллагаа, тоглолтууд шууд интернетээр цацагдана. Техникийн шаардлагатай бүх зүйлийг Дэлхийн шатрын холбооноос шийдэж өгсөн. Энэ нь ганцхан шатрын тэмцээнийг гаргаад байхаас гадна чөлөөт цагаар монголын цаг агаар, байгаль орчин, үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа, монголынхоо бренд бүтээгдэхүүнийг дэлхийн 181 оронд давхар сурталчлах боломж нээлттэй байгаа юм.
-Үндэсний компаниудад гаднынхан өөрсдийгөө давхар сурталчлах том давуу тал болох юм байна. Одоогоор хэчнээн компани ивээн тэтгэгчээр оролцож байгаа вэ?
-Үндэсний томоохон компаниуд биднийг дэмжиж байгаа. Гэхдээ Монголын шатрын холбоотой хамтран энэхүү тэмцээнд ивээн тэтгэгчээр оролц, тэр дундаа заавал мөнгөөр ивээн тэтгэ гэхгүй. Монголдоо үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хийж л байгаа бол олон орны тамирчдад энэхүү тэмцээнээр дамжуулан сурталчлах боломжтой байгаа шүү гэдгийг хэлж байгаа юм.
Монгол гэдэг улс ганцхан уул уурхайгаас бус хөдөө аж ахуйн, түүнийг дагасан үйлдвэрлэл нь хөгжсөн шүү гэдгийг энэхүү дэлхийн тэмцээнийг ашиглаж харуулъя гэж давхар зорьж байна. Улс орон бүрийн шатар сонирхдог, шатрын спортоор хичээллэж байгаа хүмүүс тухайн улсынхаа хамгийн шилдэг нь, оюуны потенциал өндөртэй хүмүүс байдаг. Манай улсын хувьд ч тийм байх ёстой. Монголын үнэт зүйл нь Оюутолгой, Тавантолгойн шиг ашигт малтмалын орд гэхээс илүү эх орондоо өсч өндийсөн оюунлаг, тэвчээртэй ухаалаг, сэтгэн бодох чадвартай хүн байх ёстой.
Дэлхийн улс орны толгой компьютер нь болсон хүмүүст Монголын далбаан дор улсаа сурталчлах бодлоготойгоор бэлтгэл ажлаа хангасан. Тиймээс шатрын тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга гэж өөрийгөө бодохгүй байна. Монгол Улсаа дэлхийн 181 оронд сурталчлах үүрэгтэй хүний хувьд оюун санаа, сэтгэлээ чилээж, гаднын зочдод монголоо зөв ойлгуулж, үйлчлэхэд анхаарна. Энэ 181 орноор дамжуулан дэлхийн ард түмэнд монголоо сурталчлах боломж олдох юм. Хэдий 10 хоног урт хугацаа юм шиг хэрнээ энэ хугацаа Монголд тохиолдож буй боломж, хувь тавилан гэж харж байна. Хүүхдүүдээр дамжиж ирсэн хувь тавилан Монгол Улсын эдийн засгийн хямралыг бууруулахад, Монгол руу гаднын хөрөнгө оруулагчид зориход, монголын бренд бүтээгдэхүүнийг худалдан авахад үр нөлөөлөөгөө өгсөн ажил болно гэж өргөн хүрээгээр нь харж байна даа.
-Манайх Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулах эрхийг ямар шалгуур тэнцэж авав. Дэлхийн оюуны спортод өрсөлдөж байгаа шатарчдын маань ур чадвар, шатрын спорт нэлээд эрчимтэй хөгжиж байгаа нь нөлөөлсөн үү?
-Нөлөөлөлгүй яах вэ. Ер нь сүүлийн үеийн тэмцээнүүдэд өсвөрийн тамирчид амжилттай оролцож, аварга болж байна. Дэлхийн томоохон тэмцээнд оролцож эхний байрууд олон удаа шалгарсан нь голлон нөлөөлсөн. Өнгөрсөн жил манай улсад Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч ирж Завхан аймагт болсон 9999 шатарч хүүхдүүдийн тэмцээнийг үзсэн. Завханы 14500 хүүхэд шатраар хичээллэдгээс 10182 хүүхэд тэмцээнд оролцож хоорондоо өрсөлдсөн юм.
Энэ тэмцээн Дэлхийн шатрын холбооныхонд өндрөөр үнэлэгдэж, эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч “арван мянга гаруй хүүхдийн дунд тэмцээн зохион байгуулчихаж байгаа юм чинь Улаанбаатар хотод дэлхийн нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах бололцоо байгаа юм байна” гэсэн сэтгэгдэлтэй буцсан. Тухайн үед Завхан аймагт зохион байгуулсан уг тэмцээн бол долоон жилийн өмнөөс бэлдсэн нөр их хөдөлмөр гэж ойлгож болно. Учир нь, 2007 оноос эхлэн Завханы хүүхдүүдэд шатар тоглохыг зааж, зөв үлгэр дуурайлал үзүүлсний үр дүнд шатарч хүүхдийн тоо эрс өссөн юм.
-Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг амжилттай зохион байгуулснаар магадгүй дэлхийн аваргыг зохион байгуулах эрх авахад нэг шат ахиж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Монголын шатрын холбоо дэлхийн аваргыг зохион байгуулах эрх авах зорилтыг тавин ажиллаж байна. Дэлхийн аварга зохион байгуулах эрх авахын тулд манайх дэлхийн хэмжээний нэлээд хэдэн том тэмцээнийг зохион байгуулах ёстой. 2020 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх шийдвэрүүд гарсан байгаа. Энэ жилийн хувьд Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, ирэх жил сурагчдын аварга, Ази тивийн аваргын тэмцээнийг зохион байгуулсанаар 2020-2022 онд Монголд Дэлхийн шатрын аварга хийх, Монголоос дэлхийн шатрын аварга төрүүлэх зорилго, мөрөөдөлтэй энэ салбартаа зүтгээд явж байна. Хүсч, мөрөөдөж байгаа шиг минь үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
үргэлжлэлийг эндээс уншина уу
http://www.itoim.mn/index.php/site/news/1498