Монгол жүдочдын ур чадвар дэлхийд дархлагджээ
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга
2015.07.09

Монгол жүдочдын ур чадвар дэлхийд дархлагджээ

Монголын жүдо бөхийн тамирчид ямар өндөр түвшинд бэлтгэгдэж байгааг хэдхэн хоногийн өмнө болсон Улаанбаатар хотноо болсон “Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох  “Чингис хаан” Гран при тэмцээн нотлон харууллаа.

 Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулагч орны хувьд манай улсаас 56 жүдоч тус тэмцээний татамид хүчээ сорих эрх авсан. Энэ жүдочдоос таван алт, гурван, мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн төдийгүй шагналт Y, YII байрт тус бүр зургаан тамирчин шалгарсан. Үүнээс үзэхэд Монгол Улсын баг тамирчдаас 30 жүдоч шагналд хүрсэн нь үнэхээр бахархууштай.

 Монголын жүдо бөхийн үндэс суурь нь үндэсний бөх төдийгүй самбо бөх байсан гэвэл хэн ч маргахгүй биз ээ. Монголын тамирчдаас самбо бөхийн спортоор дэлхий, тивийн хамгийн олон аварга тамирчин төрөн гарсан гэдгээрээ онцлогтой. Жүдо бөхийн спорт өнөөдөр хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейбол, боксын спортын дараа орох хамгийн улс орныг хамарч чадсан спорт болж хөгжиж байна.

 Монгол Улсад жүдо бөхийн спорт 40 гаруй жил хөгжихдөө олимпийн аварга, олимпийн мөнгө, хүрэл Дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгө хүрэл, тивийн болон Азийн наадмын аварга, мөнгө, хүрэл медальт алдартнуудыг төрүүлсэн түүхтэй. Жүдо бөхийн спортоор өнөөдөр манай улсын нийслэл, хот, аймаг бүрт олон мянган хүүхэд хичээллэж байгаа нь бидний амжилтын залгамж халаа тасралтгүй үргэлжилж байгааг илтгэнэ. Энэ бүх амжилтын цаана Монголын жүдо бөхийн холбооны зөв менежмент, удирдах арга барил, эв нэгдэл байгаа гэдгийг онцлох ёстой.

 Жүдо бөхийн спорт нь өөрөө өндөр дэг ёс, эрхэмлэх ёс зүйтэй спорт гэдгээрээ дэлхий нийтийг байлдан дагуулж чадаж байна. Аливаа хөгжлийн цаана эрхэм үүрэг, хариуцлага, өндөр ёс суртахуун байдгийг жүдо бөхийн спорт харуулж байна. Японоос угшилтай жүдо бөх өнөөдөр дэлхийн спорт болсны нууц нь энэ эрхэм чанар гэж болно. Монгол үндэсний бөхөө бид дэлхийн түвшинд хүргэхэд ч ийм эрхэм чанар үгүйлэгдэж байна.

Монголын жүдо бөхийн спортыг өнөөдрийн түвшинд хүргэхэд манай ахмад үеийнхэн болон багш дасгалжуулагчид онцгой үүрэг гүйцэтгэснийг энд онцлон дурдах ёстой. Үнэхээр жүдо бөхийн спортыг монголд нутагшуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг баталж “Чингис хаан” Гран при тэмцээний үеэр манай шилдэг жүдочдод Олон улсын жүдо бөхийн холбооноос Жүдо бөхийн долдугаар “Дан” олгосон үйл явдал байв. Энэхүү жүдогийн эрхэм дээд зэрэг, цол болох долдугаар “Дан”-ыг Монгол Улсын зургаан жүдоч хүртлээ.

 Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин, /Мюнхены олимпийн мөнгөн медальт/ Б.Буядаа, Москвагийн олимпийн мөнгөн медальт, Ардын багш Ц.Дамдин, Москвагийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Р.Даваадалай, 1989 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Ардын багш, гавьяат тамирчин, О.Балжинням, 1989 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Баттулга, Атлантагийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нарт энэхүү хүндтэй шагналыг жүдогийн сэнсэй 8-р “Дан” /кодокан/-тай, Японы анхны шигшээ багийн дасгалжуулагч Хироми Томита гардуулсан юм. Монголын жүдочид дэлхийд дээгүүрт данслагдсан алдартай тамирчидтай төдийгүй тэдний залгамж халаа маш сайн бэлтгэгдэж байгаа гэдгийг онцлох нь зүйн хэрэг. 

 Дашрамд сонирхуулахад, Жүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн “Дан” болон өгсдөг. Зэрэг болон Дан нь Иго, Шоги(Япон үндэсний шатар)-д хэрэглэгддэг байсныг Каноо Жигороо нь анхлан тулааны урлагийн зэрэглэлд хэрэглэсэн байна. Орчин үед Кэндо, Каратэ зэрэгт хэрэглэгдэж байгаа нь жүдогоос эхтэй.

 Нэгдүгээр дан нь хар бүс гэдгээрээ нийтэд тархсан. Дээр үеэс жүдогийн бүсийг угаадаггүй байснаас бэлтгэл сургуулилт хийсээр удах тусам бүс нь хар болж ирдэгээс хар бүс нь тухайн хүний хүч чадал, чадварын илэрхийлэл болдог байна.

 Зэргийн ангиллыг тодруулбал, 4-р зэргээс доош бол: Цагаан бүс. 3-аас 1 хүртэл: Хүрэн бүс. Нэгээс 5-р дан: Хар бүс. Харин 6-гаас 8-р дан: Улаан цагаан алаг бүс бол 8-аас дээш: Улаан бүс байдаг. Гэхдээ 6-р дангаас дээших нь хар бүсээрээ байсан ч болно. Эмэгтэйчүүд нь Япон дотроо бол бүс голоор 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Олон улсын дүрмэнд бол эрэгтэй, эмэгтэй ижилхэн.

 Олон нийтэд 10-р дан нь хамгийн дээд дан гэж яригддаг ч, Жүдог үнлэслэгч Кано Жигороо нь "Жүдо" хэмээх номондоо "1-р дангаас ахиулсаар 10-р дан хүрч, цаашид улам хүчирхэгжин дээшлэж байвал 11, 12-р дан болж болно" гэж дээд хязгаар заагаагүй байдаг. Харин өнөөдөр ийм тохиолдол гараагүй байгаа.

 2006 он хүртэл Коодоокан жүдогийн 10-р дантай 15 жүдоч байдаг. 10-р дан авсан дарааллаар нь жагсаавал: 1935 Ямашита Ёшицүгү, 1937 Исогай Хажимэ, Нагаока Шюүичи, 1945 Мифүнэ Кюүзоо, Ийзүка Күнисабүроо, Самүра Кайчироо, Табата Шоотароо, Окано Ёшитароо, Шоорики Мацүтароо, Накано Шоозоо, Күрихара Тамио, 1984 Котани Сүмиюки、2006 Тайго Тошироо, Абэ Ичироо, Оосава Ёшими нар юм. Мөн Олон улсын жүдо бөхийн холбооны 10-р дантай жүдочин нь Антон Гээсинк(Голланд), Чарльз Палмер(Англи) хоёр л юм. Эмэгтэйчүүдээс 10-р дантай хүн хараахан байхгүй. 9-р дан Фүкүда Кэйко, түүний дараа 8-р дантай Нибоши Харүко орж байгаа юм.

 Монголчууд жүдо бөхийн спортоор гаргасан энэ өндөр амжилт, эрч хүч, алдар хүнд, нэр төр, эрхэм залгамж чанараа хадгалж улам хүчирхэг, сахилга баттай байх ариун үүрэг өнөө үеийнхэнд оногдож байна.