Ирэх жил хүртэл бизнесийн орчин сайжрахгүй
2015.08.17

Ирэх жил хүртэл бизнесийн орчин сайжрахгүй

Монголын Бизнесийн зөвлөл “Сант Марал” судалгааны байгууллагатай хамтран “ВСМ Business Growth Index” буюу бизнесийн хөгжлийн индексийн үр дүнг танилцууллаа.

2015   оны   хоёрдугаар улиралд бизнесийн хөгжлийн индекс +3.4 хэмд хүрлээ. Энэхүү индексийн тооцооллыг хийхдээ бизнес эрхлэх хамгийн таагүй нөхцөл байдлыг -50 хэмд тооцон, түүнээс дээш хамгийн таатай орчин, нөхцөлийг +50 хэм байхаар авч үздэг. Бизнес эрхлэх орчны нөхцөл байдлыг уг индексээр хэмжиж, улирал бүр тооцож байна.

“Одоогийн бизнесийн нөхцөл байдлаа хэрхэн дүгнэж байна вэ?” гэсэн эхний асуултад судалгаанд оролцогчдын 43 хувь нь төвийг сахисан байр суурьтай байгаа бол 21 хувь нь сайн гэсэн үнэлгээ өгчээ. Харин 20 хувь нь муу, 14 нь маш муу гэсэн бол ердөө 2 хувь нь маш сайн хэмээн дүгнэсэн байна.

Мөн энэ жилийн нөхцөл байдлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулан дүгнэлт хийжээ.

Судалгаанд оролцогчдын 39 хувь нь өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд байгаа, 31 хувь нь өмнөх жилээс муудсан, харин 22 хувь нь сайжирсан гэсэн хариулт өгчээ.

Ирэх жилийн таамгийн тухайд бизнесийн орчин сайжирна гэсэн хүлээлттэй байгаа нь харагдаж байна.

55 хувь нь бизнесийн нөхцөл байдал  сайжирна гэсэн хүлээлтээ илэрхийллээ. Гэхдээ макро эдийн засгийн нөхцөл байдал ирэх нэг жилийн хугацаанд яг энэ байдлаараа хэвээр байх хүлээлттэй байгаагаа судалгаанд оролцогчид илэрхийлсэн.