Хориг ба 25 гишүүний дэмжлэг
Нэг асуулт булангаараа “Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих үү “ гэсэн асуултад гишүүдээс хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Шоронжсон эрүүгийн хууль, буруу бодлогын үр дүнд хорих газар
үйл тамаа үзэж, өдөр хоногоо тоолоод сууж байгаа маш олон ээж, аав бас хүүхдүүд бий. Энэ бүх хүмүүсийн төлөө Өршөөлийн хуулийг гаргах ёстой байсан. Тэр ч утгаараа өнгөрсөн ээлжит бус чуулганы хугацаанд хаалттай горимоор хэлэлцэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Энэ нь тус хуулийн заалт дээр тавьсан хориг учир хууль бүхэлдээ хоригт орчихоод байна. Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ. Ээлжит бус чуулган яаралтай зарлаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэх учиртай. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа суганд хавчуулсан зүйлийг нь засаад гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Харин хувь гишүүнийхээ хувьд УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Манай улс сүүлийн арваад жил авлига, хээл хахуультай тэмцэх
чиглэлээр АТГ-ыг байгуулж, хууль батлаад зогсохгүй ашиг сонирхлыг зохицуулж эхэлсэн гээд тодорхой амжилтад хүрсэн. Харамсалтай нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн хүрээнд авлига авсан албан тушаалтнуудыг өршөөхөөр болсон нь нийгэмд буруу жишиг тогтоож байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад засч, залруулаад явах ёстой. Ер нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын төр ард иргэдээ, тэр дундаа гэмт хэрэгт холбогдсон иргэдээ өршөөж ирсэн. Гэхдээ авлига, хээл хахуультай холбоотой хэргүүдийг өршөөлд хамруулдаггүй байсан юм.