Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чадахгүй бол огцрох ёстой
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл яаралтай хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан ерөнхийлөгчийн хориг, сайд нарын томилгоог УИХ-аар шийдэх шаардлагатай талаар О.Баасанхүү байр суурь илэрхийлэв.
Төрийн мэдээлэл эмхтгэлд Өршөөлийн тухай хууль хэвлэгдсэн. Гэтэл энэ хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ-аар хэлэлцэх ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Гэтэл хорих мөрдөн байцаалтын шатанд хэргээ шалгуулж байгаа хүмүүст хүлээлт үүсээд байна ?
УИХ-ын тухай хуулийн 43.3-т тухайн УИХ-ын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж, дуусах хүртэл уг хууль, УИХ-ын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно гэж заасан байдаг. Хэрвээ УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлахгүй бол Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ ирэх аравдугаар сар хүртэл, цаашлаад нам, эвсэл хууль дээр завсарлага авах эрхээ эдлээд явчихвал арваннэгдүгээр сар хүртэл сунжирна. Эрүүгийн хууль нь 304 зүйл, 227 нь гэмт хэргийн зүйлчлэлтэй. Үүнээс 191 зүйчлэлийг өршөөлд хамруулж байгаа. Ерөнхийлөгч дээрх хуульд хориг тавихдаа 4.1, 7 зүйл гэж тавьсан.
Үүнээс 4.1 нь шоронд хоригдож байгаа иргэд, 7 зүйл гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүст хамаарна.
-Өршөөлийн хуулийг шийдэхгүй цаг алдсанаар нийгэмд сөрөг үр дагавар үүсэх нь ойлгомжтой. Дагаад өнөөдөр шүүхээр хэрэг нь эцэслэгдэж байгаа хүн хохирох магадлал бий. Үүнийг хэрхэх вэ?
-Өршөөлийн хуульд хамрагдаж, ялаа хөнгөрүүлэх, мөн суллагдах байсан иргэд эрхээ эдлэх боломжгүй болж байгаа. Өнөөдөр шүүх хурал болоход асуудал үүснэ. Яагаад гэвэл Өршөөлийн хуульд сэжиггэн, яллагдагчид хөнгөрүүлсэн ялын заалт хэрэглэх боломж байгаа. Гэтэл одоо гацаанд орчихоор хүний эрхийг нь дордуулах болчихоод байна.
-Хориг тавьснаас бусад нь хэрэгжээд явах боломжгүй юм уу?
-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хоригийг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, 191 зүйлчлэл дээр түдгэлзээд хэрэгжүүлэх боломжгүй болчихоод байгаа. Энэ тохиолдолд хориход байгаа нэг ч хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтад байгаа нэг ч хэрэг Өршөөлийн хуулиар чөлөөлөгдөхгүй.
-Нэг талаас Ерөнхий сайд “Ажлаа хийхгүй” гэдгээ далдуур хэлчихсэн. Ингэж аяглах нь Ерөнхий сайдын эрх, үүрэг мөн үү?
-Ерөнхий сайд ажлаа хийхгүй гэж мэдэгдсэнээс болоод иргэд хохирох ёсгүй. Ерөнхий сайд аль нэг намаас нэр авч, сайдад нэрийг нь оруулна гэсэн хуулийн заалт байхгүй.
Хэрвээ сайд нарын нэрийг УИХ-д оруулж ирж чадахгүй бол танхимаа бүрдүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор зарласантай адил гэж үзэх ёстой. Тэр утгаараа Ерөнхий сайд огцрох ёстой. Огцорч байгаа нөхцөлд эрх баригчид хариуцлага үүрээд хоорондоо зөвшилцдөг юм уу, эвслийн Засгийн газраа байгуулах асуудлыг ярина уу гэхээс биш Ерөнхий сайдад бүх эрх мэдэл байхад “Намууд ойлголцохгүй байна” гэдэг байдлаар арчаагүй царайлж таарахгүй, гутамшигтай.
-Дан дээл битгий хэл гурван давхар дээлтэй сайд нар олон болчихлоо. Энэ бас асуудал шүү?
-Хууль зүйн сайд Шадар сайдын үүрэг давхар гүйцэтгээд Онцгой байдлын газарт ажиллана гэдэг амар биш. Сайдуудын дийлэнх нь гурван давхар дээлтэй боллоо. Хүн гурван ажлыг зэрэг хийх боломжгүй. Монгол төрийн ажлыг ийн завхруулж, чадамжгүй болгохоо болих хэрэгтэй.
-Сайд нарыг томилоход тодорхой заасан хугацаа байдаг уу?
-УИХ-аас Ерөнхий сайдыг томилонгуут 30 хоногийн дотор танхимын гишүүдээ оруулж ирнэ гэдэг хуультай. Харин түр чөлөөлөх, эсвэл орны сайдыг томилно гэдэг дээр тодорхой хугацаа байдаггүй. Хэдийгээр хуульд тодорхой заагаагүй ч бусдаасаа илүү ажиллана гэж амлалт өгчихөөд нам доторх фракцийн зөрчил ярих биш Ерөнхий сайд шиг байж, хамт ажиллах хүмүүсээ оруулж ирэх ёстой.