76:23 буюу Р.Бурмаа: Том хуулиудын автор
ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.08.27

76:23 буюу Р.Бурмаа: Том хуулиудын автор

76:?” булан энэ удаа парламентын цөөхөн эмэгтэй гишүүдийн нэгийг онцолж байна. Тэрбээр, шинэхэн гишүүн байхдаа байнгын хороо даргалж, ХХАА-н сайдаар сонгогдсон гээд  улс төрд өөрийгөө чамгүй хурдан хугацаанд таниулж чадсан улстөрч. 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас намын жагсаалтаар долдугаарт эрэмблэгдэн улс төрд орж ирсэн юм. 


- АМЛАЛТ

Раднаагийн Бурмаа нь анх удаа парламентад сонгогдсон шинэ гишүүн. Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгах асуудлаар Сонгогчийн боловсролын төвийн тэргүүн байхдаа чамгүй олон ажил хийсэн нэгэн. Тиймдээ ч намдаа нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болж чадсан юм. УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой байх ёстой гэсэн түүний ажил үр дүнгээ өгч, АН-аас жагсаалтаар УИХ-д орж ирэх боломжийг нам нь түүнд олгосон. Түүнд хувийн амлалт гэх зүйл байхгүй. Намын жагсаалтаар орж ирсэн учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг л биелүүлэх талаас анхаарч ажиллана гэсэн үг. АН-ын гол мөрийн хөтөлбөр бол “Хүн шиг амьдарч улс шиг хөгжих”. Энэ хүрээнд ажилтай, орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл саруул монгол хүнийг хөгжүүлнэ гэж амласан. 

Тухайлбал, АН 2012 онд инфляцийг нэг оронтой тоонд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана, Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн төвшин,  хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан  жил бүр нэмэгдүүлнэ, Цалин тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ, Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналтан дор ил тод явуулна, Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдэд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг өөрт нь буцааж олгоно, Жилд нэг сая тонн кокс боловсруулах үйлдвэр барина гэсэн амлалтуудыг өгч байжээ. 

Эдийн засгийн талаасаа харвал эдгээр амлалтууд тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй. Тэр тусмаа инфляцийг нэг оронтой тоонд барьж, нэг сая тонн кокс боловсруулах амлалтууд нь хэрэгжиж чадаагүй билээ. Үйлдвэрүүд барих бүтээн байгуулалтын амлалт ч хэрэгжээгүй гэхээр АН-ын амлалт биелээгүй гэсэн дүгнэлт хийж болмоор. Гэхдээ АН-ын нэг гол амлалт 21 аймгийг хатуу хучилттай автозамаар холбох байсан бөгөөд энэ ажил 2016 он гэхэд бүрэн дуусч АН амлалтаа биелүүлж чадлаа хэмээн бардам зогсч болох юм. Ажилтай орлоготой монгол хүнийг бий болгох, газар тариалангийн салбарт нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг нийгмийн шинжтэй амлалтуудыг биелүүлэхэд өөрөө гар бие оролцож Хүнс хөдөө аж ахуйн салбарт чамгүй олон ажил эхлүүлээд байгаа. Түүнийгээ л хэрэгжүүлэх нь чухал байна. Р.Бурмаа гишүүнийг намын амлалтыг хэрэгжүүлэх субьект гэж харвал түүний амлалт 40 гаруй хувьтай байна гэж дүгнэж болох нь. 

- АМЖИЛТ

Дээр хэлсэнчлэн Р.Бурмаа гишүүн парламентад шинэ гишүүн. Гэхдээ тэр шинэ байсан гэж дуугүй суугаагүй. Хэн нэгний өмнөөс ярих гэхээс илүүтэй парламентад өөрийн дуу хоолойгоо жинтэй гаргаж чадаж байсан нь нэг амжилт. УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамгийн гол амжилт бол нам фракци гэж талцахгүйгээр нэг баг болж ажиллаж байгаа явдал. Энэ нь дараа дараагийн эмэгтэйчүүддээ зөв үлгэр дууриал болж байгаа. Парламентад эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байжээ гэдгийг ч харуулж чадсан. Р.Бурмаа гишүүн ч үүнд том үүрэг гүйцэтгэсэн. 


Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Тамхины хяналтын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай гээд эмэгтэй гишүүдийн оролцоотой батлагдаж байгаа нийгмийн хүлээлт үүсгэсэн олон хууль 11 эмэгтэй гишүүний ачаар батлагдаж байгаа нь өөрөө амжилт. Том хуулийн төслийн ажлын хэсгийг ахлах болоход АН-ынхан Р.Бурмаа гишүүнийг л өмнөө барьдаг. Хэн дуртай улстөрчийн барьж авахааргүй том хуулиудыг түүртэлгүйгээр барьж авах нь цөөнгүй. Захын жишээ нь Сонгуулийн хууль. Сонгогчийн боловсролын төвийн тэргүүн, олон нийттэй харилцах зөвлөх, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Удирдлагын ухаанаар мэргэжил эзэмшсэн туршлага түүнд байдаг учраас нам нь шинэ гэж гололгүйгээр түүнд том хуулиудыг даатгах нь бий. Тухайлбал, аймаг сум дүүргийн ИТХ-ын тухай хуулийн төслийг тэрбээр 2012 онд боловсруулан УИХ-аар батлуулж байлаа. 

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль ч Р.Бурмаа гэх эмэгтэйн автортай мэндэлжээ. Том хуулиудын автор гэж магтахад хэтийдсэн болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд чамгүй нийцсэн, үргүй зардлыг хэмнэж чадсан чамбай хууль болсон хэмээн олон улсын судалгааны байгууллагууд үнэлсэн. Сонгогчийн эрх ашгийг дээдэлсэн, улстөрчид ижил тэгш гараанаас гарч чадах нөхцөл боломжийг хангасан Сонгуулийн хууль хэрвээ намрын чуулганаар батлагдаж чадвал түүнд мөн л нэг амжилт нэмэгдэх юм. Шинэ гишүүдийн хувьд эхний хоёр жил бол хууль тогтоомж баталж буй явц, цаашлаад боловсруулах, парламентын танхимд үг хэлэх зэрэгт боловсрох явц байдаг. 

Харин түүнд тэгж суух боломж гараагүй. Мэдэхгүй чадахгүй зүйл байсан ч үгүй гэхгүйгээр ажиллах явцдаа боловсрох, алдаанаасаа суралцахыг илүүд үзсэн. Тиймээс эхний жилдээ шинэ байгуулсан Өргөдлийн байнгын хороог даргалахаар зориглосон нь хэр барагтай улстөрчөөс гарамгүй чадвар. Шинэ байнгын хорооны ажил ямар явах вэ, цаашдаа ийм байнгын хороо байх ёстой юу гэдэг нь Р.Бурмаагийн чадвараас ихээхэн шалтгаалах байсан учраас тэрбээр байнгын хороог даргалах хугацаандаа ийм байнгын хороо байх ёстой шүү гэдгийг харуулж чадсан гэж дүгнэж болно. Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хороодоос илүү ачаалалтай ажиллах болсон нь түүний удирдсан хоёр жилд хийсэн том ажил юм. Энэ бол ирэх жилүүдэд түүнийг нийгэмд зөвөөр таниулах том пиар болох билээ. 

Түүний дараагийн том амжилт бол Хүнс хөдөө аж ахуйн яамыг удирдаж буй явдал. Хэдийгээр фракцийн томилгоогоор энэ суудалд очсон хэмээн “адлуулж” байгаа ч Р.Бурмаа энэ бүхнийг тоолгүй яамыг бодлоготой болгох ажлыг эхлүүлж чаджээ. Ирэх жилүүдэд хэн байх вэ гэдгээ тэрбээр энэ яамыг үлдсэн хугацаанд хэрхэн удирдах вэ гэдгээрээ харуулна. Салбарыг удирдаж байгаа нь түүнийг мөн л сорьж байгаа. Энэ шалгуурыг давж чадав уу, эсвэл замын дунд бүдрэв үү гэдгийг эхлүүлсэн ажлаа дуусгаад сайдын ажлаа 2016 онд хүлээлгэн өгөхөд нь дүгнэх учиртай. Төрөөс хүнс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын дараагийн үе шат 2016 оноос эхэлж 2026 хүртэл үргэлжлэх учиртай. 



Тэгвэл энэ бодлогыг Засгийн газар УИХ-д өргөн бариад хэлэлцэж байна. Мөн хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах  ажлыг  эхлүүлж  анхных буюу Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Мөн Органик хүнсний тухай хууль өргөн баригджээ. Малын генетикийн нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль Засгийн газарт өргөн барьсан. Их хурлаар хэзээ мөдгүй хэлэлцээд эхэлчихнэ. Тариалангийн тухай хуулийг мөн УИХ-д удахгүй өргөн барихаар ажиллаж эхэлсэн бөгөөд эдгээр хуулиуд батлагдчихвал малын үүлдэр угсааг сайжруулах, органик хүнсний экспорт, импортод тавигдах хяналт сайжрах, улмаар газар тариалан эрхлэгчдэд ямар байдлаар урамшуулал олгох, газар тариалангийн хөрсийг чанаржуулах талаар төр ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг нь тодорхой болох юм. Дээр хэлсэнчлэн салбар удирдаж байгаа амжилтыг нь сайн муу гэж дүгнэх эрт байна. Аль нэг яамны сайд шиг зүгээр суугаагүй гэдэг нь л эдгээр боловсруулаад өргөн барьчихсан хуулиас нь харагдаж байна. Тиймээс сайдын ажлаа өгөхдөө батлуулсан хуулиа бариад зогсч байвал түүнийг нь амжилт хэмээн нэрлэж болох билээ. 

- АЛДАА 

Р.Бурмаа гишүүний алдааг бараг л хүн бүхэн мэднэ. Тэр УИХ-д байгаа цөөхөн шударга гишүүдийн нэг. Эрх баригч нам жагсаалтаар сонгогдсон гишүүдтэйгээ “Намын удирдлагаас болон бүлгээс гарсан шийдвэрийг эсэргүүцэж болохгүй” гэж хатуу гэрээ байгуулсан байсан нь О.Бурмаа гишүүнд тохиолдсон явдлаас тодорхой болсон юм. Тэрбээр, Шинэчлэлийн Засгийн газрыг удирдан ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дарж, намын гишүүн нь намынхаа бодлогын эсрэг сөрсөн гэх шүүмжлэлд өртөж байсан. 

Хэдийгээр Р.Бурмаа гишүүний энэ үйлдэл АН дотоод ардчилалтай нам гэдгийг харуулсан ч нөгөө талаар намын жагсаалтаар орж ирсэн гишүүний гаргаж боломгүй алдаа болсон юм. Намаасаа хөөх тухай асуудлыг гишүүд нь гаргаж, ингэснээрээ зарим фракци, тэр дундаа намынхаа жирийн гишүүдэд үнэ хүндээ алдсан зүйл байгааг өөрөө хүлээн зөвшөөрөх биз. Түүнийг тойрон хүрээлж буй хүмүүс Р.Бурмаа гишүүнийг хэтэрхий шударга, нэг зөрсөн бол түүнээсээ хэзээ ч хазайдаггүй хүн гэдэг юм билээ. Улстөрч хүн аливаад туйлбартай, асуудлын хоёр өнцгийг харж зарим тохиолдолд бууж өгөх ёстой. Гэтэл Р.Бурмаа гишүүн Н.Алтанхуягийг огцруулах кноп зөрсөөр байж дарсан нь зарим талаараа алдаа, нөгөө талаар оносон ч байж мэдэх. 

Сүүлд Газар тариалангийн холбооны удирдлагатай муудалцаж шүүх цагдаа болсон нь ч түүний нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа. Асуудлаа тайван сууж ярилцаад, олон нийтийн сүлжээгээр биш өрөөндөө ярилцаад гарах ёстой дүгнэх хүн цөөнгүй байгаа билээ. Мөн Дорнодын АН-ын даргын асуудлаас болж аймгийн намын гишүүдээ хоёр хувааж, багагүй бужигнаан үүсгэсэн нь алдаа байсан хэмээн дүгнэдэг. 

- ТЭНЭГЛЭЛ

УИХ-ын гишүүн давхар сайдын албан тушаал хаших ёсгүй гэсэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Р.Бурмаа гишүүн дэмжиж, намынхаа эсрэг цөөхөн хэдэн гишүүдтэй сөрж зогсч байсан. Бүр кноп дарж, бүлгийнхээ хуралдааныг орхин гарч байсан тохиолдол ч бий. Энэ үйлдэл нь олон нийтээс асар том дэмжлэг авч, хөөх тухай яриа гарах бүрт иргэд Р.Бурмаа гишүүний талд зогсч байв. Харамсалтай нь тэрбээр үзэл бодлоо тууштай хамгаалж чадалгүй буугаад өгчихсөн. Хөөх тухай яриа Гүйцэтгэх зөвлөлөөс хальж намын бүлэг дээр ирэхэд фракцийн удирдлагын нөмрийг түшиж, түүний үгээр хөдөлсөн нь тэнэг үйлдэл болсон хэмээн харагдаж байсан юм. 

Тэр нь фракцийн томилгоогоор Хүнс хөдөө аж ахуйн яамыг удирдаж давхар дээл өмссөн явдал. Эсэргүүцэж байсан хүн давхар дээл өмссөн нь хэсэгтээ л хүмүүсийн ярих сэдэв болсон. Гэхдээ эрхэм гишүүнийг өмөөрөх нэг шалтгаан бол шударгаар явах гээд хүчгүйдэв үү гэдэг бодол. Үзэл бодлоо тууштай хамгаалсан бол магад намаас хөөгдөж, улс төрийн тавцанд хэн ч биш болж үлдэх байсан биз. Жагсаалтаар оруулж ирсэн намын итгэл, фракцийн улс төрийн тохироо түүний хүн чанарыг шалгасан учраас ийн эрсдэл гаргахаар шийдсэн хэрэг. Хүнс хөдөө аж ахуйн салбарыг удирдах нь тэнэглэл байсан уу, эсвэл оносон шийдвэр байсан уу гэдгийг одоо ажлаараа л харуулах нь чухал. Хүлээн зөвшөөрөгдөж чадсан цагт энэ мэт сөрөг пиарт хариулт өгөх хийсэн ажилтай сууж чадах билээ. 

- ИРЭЭДҮЙ

Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр баалуулж, муулуулаад бүр дөжирчихсөн улстөрчдөөс Р.Бурмаа гишүүн өөр. Тэр шүүмжлэлийг дор нь тусгаж аваад засч чаддаг. Бас шүүмжлэлийг ч эрүүлээр хүлээж авах улс төрийн ухаанд суралцчихсан. Түүгээрээ ч эвдрээгүй улстөрч гэдгээ харуулдаг. 

Тиймээс түүний ирээдүй гэрэлтэй байна. Ирэх сонгуулиар Р.Бурмаа гишүүнийг Дорнодод нэр дэвшинэ гэх бор шувуу нисэх болсон. Энэ нь үнэний ортой байж мэдэх юм. Дорнод нутгийн хөгжлийн төлөө ажиллаж чадахгүй гэж хэн ч хэлж чадахгүй. Тэгээд ч эмэгтэй улстөрч нийгэмд ямар хэрэгтэй байдгийг өнгөрсөн хугацаанд харуулж чадсан учраас Дорнодын ард түмэн түүнийг сонгох магадлал өндөр юм. Мөнгөлөг, хөрөнгөлөг эрхмүүдийн талцах талбар болж ирсэн Дорнод нутгийг хөгжүүлэх том ажлуудыг тэрбээр хийж чадах билээ. 

Хүнс хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах том гарц Халх голд байгааг сонгогдсон гишүүдээс нь ч өмнө харж чадсан учраас Р.Бурмаагийн ирээдүй гэрэлтэй байна гэж дүгнэе дээ. Энэ гэрлийг зөв ашиглаж чадах эсэх нь үлдсэн хугацаанд өөрийгөө аль талаас харуулах вэ гэдгээс нь харагдах билээ.