100 ортой хүүхдийн эмнэлэг тун удахгүй нээлтээ хийнэ
Нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.08.31

100 ортой хүүхдийн эмнэлэг тун удахгүй нээлтээ хийнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон БГД-ийн ЭМН-ийн дарга Ө.Батжаргал, албаны бусад хүмүүс өнгөрсөн баасан гарагт иргэдийн нэрлэж заншсанаар Эрүүл мэндийн VII төвд ажиллав.

Тус Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлаж, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Тус дүүрэг 23 хороотой, 200 гаруй мянган оршин суугчтай бөгөөд үүний 50 орчим мянга нь хүүхэд гэнэ. Тиймээс  тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг хомс байдаг юм байна. 

Тус дүүргийн хүүхдүүдийг "Эмүжин" эмнэлэг хүлээн авч, хэвтүүлэн эмчлэхээс гадна Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт мөн хэвтүүлдэг байсан аж. Харин тун удахгүй эмнэлгийн байрны засвар дуусч, хүүхдүүддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм байна. Ерөнхийдөө  Эрүүл мэндийн VII төвийн байрыг шиэнчлэн засч, нэгдүгээр давхарт хүлээн авах, сэхээн амьдруулах тасгийг байгуулах бол дөрөвдүгээр давхарт 100 ортой, хэвтүүлэн эмчлэх шинэ тасгийг нээн ажиллуулах юм байна. Харин хоёр, гуравдугаар давхартаа амбулаторийн үйлчилгээ үзүүлэх ажээ. Дашрамд дурьдахад, 1983 онд анх ашиглалтад орсон тус барилгын цэвэр усны шугам, бохирын хоолойг анх удаа засварлаж байгаа бөгөөд энэ удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж байгаад эмнэлгийн ажилтнууд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Энэхүү ажилд мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тэр дундаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэн. Ингээд эмнэлгийн засварын үйл ажиллагаатай танилцах үеэр зарим хүмүүстэй ярилцсанаа хүргэе. 

С.Одонтуяа: Тун удахгүй 100 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийнэ 

/УИХ-ын гишүүн/

-Манай Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах хүүхдийн эмнэлгийн засвар шинэчлэлийн ажил амжилттай явагдаж байна. Ирэх есдүгээр сард эмнэлгээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр графикийн дагуу манай барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд шахуу хуваарьтайгаар ажиллаж байна. Үнэндээ манай дүүрэг хүн ам ихтэй, хүүхдийн эмнэлэг байхгүй учраас хүндрэлтэй байсан. Тиймээс эхний ээлжинд асуудлаа шийдэж, "Эмүжин" эмнэлэгт 60 ортой хүүхдийн тасаг байгуулсан. Харин тун удахгүй 100 ортой хүүхдийн эмнэлэг маань нээгдэж, дүүргийн ард иргэдэд тулгамдаад байсан нэг асуудал шийдэгдэнэ. 

Бид бас Ахмадын сэргээн засах төвтэй хамтран хүүхдийн эмнэлэг барихаар ажлаа эхэлчихсэн явж байна. Ялангуяа өвөл, ханиад томууны улиралд ачаалал ихэсдэг. Тиймээс бид өнгөрсөн жилүүдэд дотоод нөөц бололцооогоо ашиглаад эмнэлгүүд дээрээ түр хэвтүүлэн, эмчлэх маягаар давж байсан бол энэ жилийн хувьд эдгээр асуудлыг тодохой хэмжээгээр шийдэж чадна гэж үзэж байна. Эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилд олон талын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Улс, нийслэл, дүүргийн төсвөөс гадна хувийн команиуд ч мөн бидний ажилд тусалж байгаа. Эдгээр хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье. 

Д.Оросоо: Эмнэлэгтээ 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт таван багц ажлыг хийж байна

/Баянгол дүүргийн Засаг дарга/

-Манай дүүргийн хувьд 23 хороотой, нийт 200 гаруй мянган иргэнтэй. Үүнээс 50 орчим мянга нь хүүхэд байна. Энэ 50 орчим мянгаасаа 13 орчим мянга нь бага насны хүүхдүүд байна. эдгээр хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд бид  дүүргийн Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлаж, тун удахгүй иргэдэд үйлчлэх гэж байна. Өнгөрсөн онд бид 60 ортой тасгийг "Эмүжин" эмнэлэгт нээсэн бол ирэх онд 100 ортой хүүхдийн төв эмнэлгийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. 

Тэр шинэ эмнэлгийг барьж дуусгах хугацаанд хүүхдүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Тиймээс эмнэлгийн зориулалттай энэхүү байраа шинэчлэн засварлаж, тохижуулахаар ажиллаж байна. Энэ эмнэлэгтээ 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт таван багц ажлыг хийж байна. Шинээр эмнэлэг барихад 3.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө шаардлагатай бол эмнэлгийн зориулалттай байрандаа засвар үйлчилгээ хийхэд 460 орчим сая төгрөг шаардагдаж байна. Тэгэхээр шинэ эмнэлгээ ашиглалтад ортол одоо байгаа нөөц бололцоогоо ашиглах нь зүйтэй юм. 

Ө.Батжаргал: Эмнэлгийн тоног төхөөрөмж, ажиллах хүчний асуудлыг бүрэн шийдсэн

/Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга/

-Хүмүүсийн нэрлэж заншсанаар Эрүүл мэндийн VII төвдөө 245 мянган иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан. 1995 онд анх эмнэлэгтээ 60 ортой тасгийг байгуулж байсан туршлагадаа үндэслээд шинээр ашиглалтад орох хүүхдийн эмнэлгээ хүлээж автлаа эндээ 100 ортой хүүхдийн тасгийг байгуулахаар шийдэж, ажлаа эхэлсэн. Хамгийн гол нь хүүхдүүд болон эцэг, эхчүүдийн тав тухтай байх орчныг бүрдүүлэх үүднээс нэг, дөрөвдүгээр давхартаа хүүхдийн тасгаа байгуулж байна. Шинэ сайхан эмнэлэгтэй болохын өмнө дагалдах тоног төхөөрөмж, ажиллах эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой. 

Энэ ч үүднээс бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн саналаа холбогох хүмүүст нь тавьсан. Ингээд одоогийн байдлаар хүүхдийн тасагт ажиллах хүүхдийн эмч, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, лаборант гээд 50 хүний орон тоог гаргаж, энэ орон тоонд ажиллах хүмүүсээ бэлтгээд, аваад эхэлчихсэн байна. нэгэнт асуудлаа мэдэж байгаа болохоор бид өнгөрсөн жилээс тоног төхөөрөмжийнхаөө захиалгыг ЭМСЯ, НЭМГ-т өгчихсөн байсан. Тендер нь зарлагдаад, одоогоор тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдэж байгаа. Үүнээс гадна 100 ороо яг хүүхдийн зориулалттай ор, шүүгээ, сандлын хамт авахаар захиалгаа өгсөн. Эмнэлэг ашиглалтад ороход дөрөвдүгээр давхартаа эргэлтийн өрөө, амралтын өрөө зэргийг байгуулахаар мөн ажиллаж байна. Хамгийн гол нь энэхүү ажлыг хийхэд манай дүүргээс сонгогдсон гишүүдийн хүчин зүтгэл их байгааг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. Эмнэлгийн засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг төсөвт суулгаж өгнө гэдэг хамгийн чухал ажил. Тиймээс бид УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нартаа талархаж байгаагаа дүүргийнхээ иргэдийн өмнөөс илэрхийлье.  



Албаны хүмүүс ийнхүү ярьж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндхэн байгаа энэ цаг үед 100 ортой хүүхдийн эмнэлэг байгуулагдах гэж байгаа гэсэн мэдээ олны анхаарлыг татах нь мэдээж. Ямартай ч нэг дүүргийн маань асуудал шийдэгдэж, хүүхдүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх боломжтой болж байна. 

Энэ үеэр эмнэлгийн ажилтнууд дүүргийнхээ Засаг дарга учир байдлаа хэлж байгаа харагдсан. Тодруулбал, эмнэлгийн орчимд машины зогсоол бараг л байхгүй бөгөөд эмнэлгийн ардхан талд сүндэрхлэх орон сууцны эзэд нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн мэтээр өмчилсөн байсан юм. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбайг эмнэлгийн мэдэлд гаргаж өгвөл, эцэг, эхчүүдийн хүүхдүүдээ саатулах газар болгон тохижуулах, автомашины смарт зогсоолыг байгуулах боломжтой хэмээн хэлж байсан юм. Дүүргийн Засаг дарга Д.Оросоо ч тэдний саналыг хүлээн авч, шийдвэрлэхээ мэдэгдсэн. Энэ өдрийн дараагийн очсон газар бол Баянгол дүүргийн I хорооны иргэдэд үйлчилдэг "Учрахуй" өрхийн эмнэлэг байв. Тус дүүргийн 23 хорооны өрхийн эмнэлгүүд дөрвөн бүсэд хуваагддаг бөгөөд өөр өөрийн гэсэн өвөрмөц үйлчилгээтэй гэнэ.


Тухайлбал, "Учрахуй" эмнэлэг физик эмчилгээнд тулгуурлан, харьяа иргэддээ үйлчилдэг аж. Цэлгэр том байшинд, цэмцгэр өрөө тасалгаатай энэ эмнэлэг рүү орсон хэн боловч өвчнөө мартах нь мэдээж биз ээ. Үйлчилгээ нь хүртэл цаанаа л нэг өөриймсөг байсан нь хэвлэлийнхний анхааралд өртөж, "Жишиг өрхийн эмнэлэг" хэмээн нэрлэсэн билээ. Өрхийн эмнэлгин эмч, ажилтнууд ч дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүд маань байнга бидний ажлыг шалгадаг болохоор ажил маань урагштай, бүтэмжтэй байдаг юм хэмээн ярьж байсан. УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч "Бид энэ удаад өрхийн эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцахаас гадна өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгана. Мөн Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг "Алтай" хотхоны хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар яригдаж байгаа асуудлын хүрээнд энд ажиллаж байна. "Алтай" хотхонд нийт 6000 орчим иргэн оршин сууж байна. Гэтэл эмнэлгийн анхан шатны үйлчилгээг авах боломж алга. 

Тиймээс "Алтай" хотхоны иргэд болоод "Тайгам Алтай" компанийн хүсэлтээр "Учрахуй" өрхийн эмнэлгийн салбарыг тэнд байгуулахаар, байр савны асуудлаа ярьж тохирсон. Удахгүй ашиглалтад орохоор тэнд орхигдсон хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэх болно. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүд нэг иргэнээр тооцож, санхүүжилтээ авдаг. Гэтэл нэг иргэнээр санхүүжихээр зардлаа нөхөхтэй үгүйтэй ажиллаж байгаа учраас эмнэлгийн үйл ажиллагаа цааш явахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх Эрүүл мэндийн даатгалын хуулиар санхүүжилт арай өөрөөр бодогдож эхэлнэ" гэсэн юм. 

"Учрахуй" өрхийн эмнэлгийн дарга Б.Батболор ажлаа танилцуулахын зэрэгцээ шинээр хийж хэрэгжүүлсэн ажлаа ч энэ үеэр тайлагнасан юм. Тус эмнэлгийн хамт олон иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор товхимол гаргаж, тараасан гэнэ. Үүнийгээ өөрсдөө хөрөнгө гаргаж хийсэн гэдгээ ч хэлж байсан юм. Тэрбээр "Манай хороо нийтдээ 22 мянган хүн амтай. Үндсэндээ 19 мянган хүнд өрхийн эмнэлэг үйлчилж байна. Үлдсэн 3000 орчим хүн бол түр оршин суугч болон энэ харьяаллаа өөрчлөөгүй хүмүүс байдаг. Үнэндээ бол ЭМ-ийн сайдын тушаал бий. 8000 хүн амд нэг өрхийн эмнэлэг үйлчлэх ёстой гэсэн.

Гэтэл өрхийн эмнэлгүүдийн үйлчлэх хүрээ аль хэдийнэ энэ тоог давсан байгаа. Тиймээс бид "Алтай" хотхоны оршин суугч 6000 иргэнд үйлчилгээгээ ойртуулахаар тэнд салбар эмнэлгээ байгуулах гэж байна. Зураг төслийн дагуу саналаа өгсөн байгаа" хэмээсэн. Баянгол дүүрэг хэдийгээр хотын төвийн дүүрэг боловч энэ мэтчилэн хүн амын өсөлтөөс шалтгаалсан олон ажлууд хийгдэхээр хүлээгдэж байгаа нь ажиглагдсан юм. Ямартай ч дүүргийн хэмжээнд олон сайхан ажлууд хийгдэж байгаа нь сайшаалтай хэмээн тус дүүргийн иргэд ч ам сайтай байна билээ. Эхлүүлсэн ажлаа дуусгах ньчухал болохоор энэ ажлууд удахгүй дуусч, тууз хайчлах буй заа.