Ж.Сүхбаатар жудоч бүсгүйд “дурлав”
Казахстан улсын нийслэл Астана хотод жудо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй.
Манай улсын тамирчид өнгөрсөн лхагва гаригт хоёр ч хүрэл медаль авч, монголчуудаа баярлуулсан. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир нар тус тус хүрэл медалиар энгэрээ мялаасан. Тэднээр бахархсан хүн олон.
Ийм хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар. Тэрбээр Д.Сумъяагийн зургаар твиттер хуудсаа чимээд “Жалгуумч Д.Сумъяа бол хамгийн үзэсгэлэнтэй гоё бөх” хэмээн жиргэсэн байв. Д.Сумъяатай холбоотой жиргээ бүрийг ретвийт хийж, дамжуулж байгаагаас нь харвал тэр “дурлачихсан” бололтой.
Тамирчин бүсгүйн зургийг жиргээчид тарааж, “Загвар өмсөгч Одгэрэлийн залуу үе шиг үзэсгэлэнтэй бүсгүй юм” гэцгээж байв. Сайхны өмнө харц буруугүй хойно доо. Үнэндээ гишүүн асан өөрөө нэгэн цагт жудогоор барилдаж явсан. Тийм ч учраас спортод, тэр дундаа жудод элэгтэй байдаг аж.