Боловсролын салбарт томоохон шийдлүүд хэрэгтэй
Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт оролцож хүүхдүүдтэй хамт баярыг нь хуваалцлаа.
Тус сургууль нь энэ жил шинээр 8 бүлэгт зургаан настнуудаа хүлээн авсан аж. Нийт 1500 гаруй сурагчтай үндэсний лаборатори сургууль энэ хичээлийн жилээс эхлэн гурван ээлжээр хичээллэх нь сургуулийн хүрэлцээ муу байгааг дахин нэг илтгэсэн зүйл боллоо. Хэдий тийм ч сургуулийнхаа нээлтэд оролцож буй сурагчид өөрсдийн авьяасаа аав ээж, багш нартаа үзүүлэн хичээлдээ орлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
Боловсролын салбар хариуцсан байнгын хорооны дарга хувьд хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байгаа сэтгэгдлээ хуваалцана уу ?
Хичээлийн шинэ жил гэдэг Эрдмийн их баяр. Хэдий тийм боловч 9 сарын 1-н бол улс даяараа ажлын эрч хүч нэмэгддэг онцгой нэг өдөр. Миний хувьд Хан-Уул дүүргийн 115-р дугаар сургуулийн нээлтэнд оролцож байгаад баяртай байна.
Жил бүр сургууль цэцэрлэгийн даац хэтэрдэг тухай асуудлууд гардаг. Энэ жилийн хувьд ямар байгаа вэ ?
УИХ-аас Төрөөс боловсролын талаар баримтлах 2024 он хүртэл хэрэгжих бодлогын бичиг баримтыг баталсан. Үүнтэй уялдаад холбогдох хууль тогтоомжуудад нилээдгүй өөрчлөлтүүд орно. Тухайлбал сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын тухай томоохон хууль дүрмүүдэд энэ намрын чуулганаар ниэлээдгүй өөрчлөлтүүдийг хийнэ.
Түүнчлэн хүн амын өсөлт нэмэгдэж, төрөлт маш их байгаатай холбогдуулаад ярихад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа нь үнэн. Мэдээж жил болгон л маш олон сургууль цэцэрлэгийг ашиглалтанд оруулж байгаа боловч хүн амын өсөлттэй харьцуулаад үзэхээр түүнийгээ гүйцэж чадахгүй байна.
Өнгөрсөн хаврын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсан. Хэрвээ энэ хууль хэрэгжээд ирвэл ачаалал хэр багасах вэ ?
Тэгэхээр энэ жилийн цэцэрлэгийн хүрэлцээ өмнөх жилийн дүр зурагтай яг адилхан байгаа. Тухайлбал 115-р сургууль гэхэд л гурван ээлжээр 1500 гаруй хүүхэд хичээллэхээр болж байгаа зэрэг нь шийдэх асуудлууд их байгааг хэлж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 280 гаруй барилга баригдаж энэ жил ашиглалтанд оруулаад байна.
УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн хавар баталлаа. Хууль 2016 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.Харин шаардлагатай хөрөнгийг нь намрын чуулганаар хэлэлцээд ирэх оны төсөвт байршуулна.
Хэрвээ ингэвэл залуу эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгож, бүр цаашилбал хувийн цэцэрлэг болоод хөгжих үүд хаалга нээгдэнэ. Харин сургуулийн хувьд томоохон шийдлүүдийг хийх шаардлага их бий.
Улсын төсвөөс болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийтдээ 22 сургуулийг ашиглалтанд орж байгаа. Хэдий сургууль, цэцэрлэгийг жилд нилээд тоогоор ашиглалтанд оруулж байгаа ч хүүхдийн тоо их байгаа учраас дорвитой том арга хэмжээ авах хэрэгтэй байх.