Хөрөнгө  зарахгүй хийх ажил бол сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудал юм
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар
2015.09.22

Хөрөнгө зарахгүй хийх ажил бол сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудал юм

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн эрхлэх асуудлын агентлагуудтай танилцах ажлаа ОБЕГ-аас өнөөдөр эхлэв.

Монгол Улсын Шадар сайдыг  ОБЕГ,  Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.

ОБЕГ-тай танилцах хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Гамшиг судлалын хүрээлэнгийн ажил болон шинээр баригдаж буй гамшгийн үеийн удирдлагын  барилгын явцтай танилцав.  

Мөн энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан,  нэг бүр нь 164 сая 900 мянган төгрөгийн үнэ бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн   шуурхай ажлын автомашиныг Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах анги, Аврах тусгай анги, Увс аймгийн Онцгой байдлын газарт өгснийг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ОБЕГ-ын офицер, бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ өнөөдрийг хүртэлх замнал, түүхийг бүтээсэн онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдыг сайшаахын зэрэгцээ төр засгийн зүгээс тус салбарыг  боломжийн хэрээр дэмжиж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол улсад хамгийн түгээмэл тохиолддог  гал түймэр, үер усны аюул ослын талаар жишээ татан ярьсан. Энэ жил улсын хэмжээнд 304 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь сүүлийн  жилүүдийн нийлбэрээс илүү боловч, галд амь насаа алдсан иргэдийн тоо буурсан нь баярлууштай,  харин  үер усны осолд өртөх иргэдийн тоо буурахгүй байгааг анхааруулсан.

Шадар сайд Ц.Оюунбаатар онцгой байдлын салбарын цаашдын бодлого, чиглэлд  ард иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан ажиллах шаардлагатайг онцолж байна. Олон нийт, ард иргэдэд гамшиг осол, түүнээс урьдчилан сэргийлэх    бэлтгэлтэй,  бодлоготой,  системтэй мэдлэг мэдээлэл өгч, боловсрол олгохдоо онцгой байдлын албан хаагч бүр багш хүн шиг   үүрэг хүлээн ажиллахыг захилаа.

Энэхүү урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн онцгой байдлын албаныхан төдийгүй төр, хүчний байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын хүчээр дорвитой зохион байгуулахыг үүрэг болгосон. Үүнд хэвлэл мэдээллийн салбарынхныг татан оролцуулахыг уриалсан.

Тэрбээр төрийн нийт албаны төдийгүй төрийн тусгай албан хаагчдын ёс суртахуун,   сахилга хариуцлага, цэрэгжилт үлгэр жишээ байх ёстой хэмээв. Монгол Улсын Ерөнхий сайдтай зөвшилцөн хөрөнгө мөнгө гаргахгүй хийж болох том ажил бол сахилга хариуцлагыг дээшлүүлэх явдал гэдгийг онцгойлон дурдлаа. Мөн албан хаагчдын нийгмийн асуудал, цалин, тэтгэвэр тэтгэмж Шадар сайдын анхаарлын төвд байхаа мэдэгдсэн. 

 

 

               Онцгой байдлын ерөнхий газар

                    2015.09.22