Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан нэвтрүүлэг
2015.09.24

Найрамдалаар овоглосон хөгжлийн түүчээ

Түүхийн тэртээх он жилүүдээс өртөөлөн Богдхан уулынхаа хормойг эмжиж сүндэрлэсэн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойд зориулав.

Их хотын өнөр гэр бүлийн нэг хэсэг нь наран ургах билэгдэлийн Баянзүрх дүүрэгт ажиллаж амьдардаг. Эх орны бүтээлч хөдөлмөрийн эх ундрага нь чухамдаа Баянзүрх дүүргийн гол хоймор болсон манай улсын зүүн хүрээ хатантуулын өгөөмөр эргээр сүндэрлэсэн бүтээн байгуулалт байсныг та бид бахархан дээдэлдэг.

Баянзүрх дүүрэгт олон зуун залуусын эрдмийн уурхай болсон сургууль соёлын анхны шав тавигдаж, хөдөлмөр, урлаг соёл, батлан хамгаалахын нэр төртэй сэхээтнүүд төрөн гарч энэ дүүргийг “Найрамдалын Район” гэж нэрийдэн алдар цуу нь түгж байлаа.

1965-07-10-ны өдрийн “Найрамдлын Район”-ны Ардын депутат нарын гүйцэтгэх захиргааны гишүүдийн хурлын тогтоолоор тус районы орон сууц, гудамжний 4-р хороо, Сүхбаатарын районы 6-р, Амгалангийн 10-р хороо нийт 20 гаруй орон сууц гудамжний дугаар өөрчлөх тухай хэлэлцэж, “Найрамдлын Район” нь орон сууц гудамжны 20 хороотой байхаар тогтсон байна. Баянзүрх дүүрэг байгуулагдсан 1965 оноос өнөөдрийг хүртэл зогсолтгүй хөгжин дэвшсээр өнөөдөр 28 хороо, 76126 мянган өрх, 294908 мянга гаран хүн амтай болж нийслэл хотын хамгийн том дүүргүүдийн нэг боллоо.

Ерөнхий сайд асан Д.Содном

- Миний амьдралын 45 жил нь энэ дүүрэгтэй холбоотой. Том дүүрэг Улаанбаатар хотын нийт хүн амын 30 орчим хувь нь энэ дүүрэгт амьдардаг байна. 1965-1975 оны хооронд Улаанбаатар хотын дээд хүн ам бол таван зуун мянга орчим байсан.

Миний хувьд тэр үед сангийн сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга хийж байсан. Улс орон, Улаанбаатар хот тэр дотор дүүргийн аж ахуй амьдралтай салшгүй холбоотой ажиллаж байсан. Дүүрэг бол хотын амьдралд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай дүүрэгт батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн яам болон олон үйлчилгээ, үйлдвэрийн газар бий болсон байна.

Монгол улс, ЗХУ-ын баатар Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа

- Баянзүрх дүүрэгтэй миний амьдрал их олон сэжмээр холбоотой. Улаанхуаран, Улиастайн гол, хоёр өндөр гэх мэт энэ бүгд миний цэргийн алба, залуу настай холбоотой байсан. Би 1968 онд Улиастайнд голд цэрэгт татагдан ирж, цэргийн амьдралтай анх танилцаж байсан билээ.

1968-1971оны  хоороонд Улаанхуаранд тухайн үедээ хоёр өндөр гэж нэрлэгддэг байсан цэвсэгт хүчний армийн 065-р ангид гурван жилийн алба хаасан. Түүнээс хойш ч мөн олон шижмээр дүүрэгтэйгээ холбоотой явж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

- Баянзүрх дүүрэг байгуулагдаад 50 жил болж байна. 50 жилийн дөрөвний нэгт нь дүүргийнхээ иргэдийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад ажилласан. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн 50 хувьд нь Баянзүрх дүүргийн иргэдийн төрийн эрх барих  төлөөллийг УИХ-д хэрэгжүүлж ирсэн байна. Энэ бол асар их хүндэтгэл, итгэл нөгөө талдаа асар их хариуцлага байсан. Энэ итгэлийг даахын төлөө ажиллаж явдаг.

                                             Үргэлжлэлийг нэвтрүүлгээс .....