Урьдчилгаа 10 хувийг төлөөд байранд орох хүмүүсийн судалгааг нэн тэргүүнд гаргахаар ажиллаж байна
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-Барилгын салбарыг удирдахаар томилогдож ирээд байгаа. Ажилтайгаа хэр танилцав. Салбарын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ажил аваад газар, хэлтсийн дарга нар, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод, энэ салбарыг удирдаж байсан үе үеийн сайд нар, гавьяат, хөдөлмөрийн баатруудтайгаа уулзаж, тэдний саналыг сонслоо. Салбарын хувьд ажил нь хүндхэн явж байна. Тодруулбал, манай салбарын ажил бүхэлдээ хувийн хэвшлийн нуруун дээр явдаг. Салбарын хөгжил хувийн хэвшлийн үйл ажиллагаатай шууд уялдаатай байдаг гэсэн үг.
Түүнээс гадна яам маань аж ахуйн үйл ажиллагаа руу хэтэрхий орчихсон юм уу гэж ажиглагдаж байгаа. Уг нь яам бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэх, хяналтаа тавьдаг, хариуцлагаа ярьдаг байх ёстой. Гэтэл өнөөдөр хэт их аж ахуйн чиглэл рүү орсноос бодлого алдагдаж, хэрэгжихгүй байх хандлага ажиглагдаж байна. Тийм учраас миний хувьд төрийн бодлого хэрэгждэг, яам маань хэрэгжүүлдэг байх ёстой гэж харж байгаа.
-Барилга, хот байгуулалтын салбарт нэн тэргүүнд ямар ажил хийх хэрэгтэй байгаа юм бол. Уулзаж саналыг нь сонссон хүмүүс юу гэж зөвлөж байна?
-Үнэхээр том салбар. Зөвхөн барилга барьдаг бус зураг төсөл, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж гэх зэрэг нэг байшингаас бүхэл бүтэн улсын барилга орон сууц, сая сая иргэний ая тухтай байх асуудал хамаардаг учраас нэн тэргүүнд хийх ажил олон байна.
Дээр хэлсэнчлэн ядмыг аж ахуйн чиглэлээс нь гаргах ёстой гэж үзэж байгаа. Манай салбарын хувийн хэвшлийнхэнд тулгамдсан асуудал гэвэл барилгын тусгай зөвшөөрел, зураг төсөл хийлгэхээс эхлээд олон бэрхшээлтэй тулгардаг юм билээ. Салбар доторх удирдах, шийдвэр гаргах байгууллагуудын уялдаа холбоо алдагдсан учраас хүнд суртал, чирэгдэл маш их гардаг гэх гомдол мэдээлэл байна. Засгийн газрын тухай хуульд төрийн зарим чиг үүргийн ажлыг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг.
Энэ заалтыг манай салбар нэлээд түлхүү хэрэглэж хүнд сурталгүй болох ёстой гэж үзээд тусгай зөвшөөрөл, сургалт судалгаа, экспертүүдийн ажлыг мэргэжлийн холбоод хувийн хэвшил рүүгээ өгөхөөр судалж ажиллаж байна. Өмнө нь гарсан Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэлгүй өдийг хүрсэн зарим дутагдал байна. Энэ бүхнийг ч засч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.
-Байрны зээлийн 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргана гэх мэдээлэл гараад удлаа. Энэ асуудлыг шийдэх боломж байна уу?
Асуудлыг шийдэхийн тулд нэлээд ажиллах ёстой юм байна.
-Иргэд орон сууцны зээл авахдаа урьдчилгаа 10 хувийг төлнө гэх асуудал бүх түвшинд яригдаад удлаа. Үүнийг Засгийн газрын түвшинд ярилцсан байгаа. Асуудлыг шийдэхийн тулд нэлээд ажиллах ёстой юм байна. Хамгийн гол нь зарим тооцоо судалгаа баримт бичгийн бүрдэл дутуу байхад нь нийтэд эарлачихсан юм болов уу гэж ажиглаж байгаа.
Тэгэхээр бичиг цаас түүхий байхад ингэж зарласантай холбоотойгоор хувийн хэвшилд дарамт ирж байгаа тохиолдлууд ч байгаа юм билээ. Асуудлыг нэн тэргүүнд шийдэхийн тулд хамгийн түрүүнд урьдчилгаа 10 хувиа төлөөд байранд орох хүмүүсийн судалгааг гаргах, Монголбанк, Сангийн яамтай уулзаж ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар ажиллаж байна.
-Д.Цогтбаатар сайд энэ асуудлыг шийдэхэд бэлэн болчихсон гээд байсан, тийм биш байна уу?
-Учир дутагдалтай зүйлүүд байх нь байна. Гэхдээ өмнөх сайдынхаа хийж байсан ажлуудыг өвлөж авчихаад үгүйсгээд байх нь хувь хүн, улстөрчийн хувьд ёс зүйгүй асуудал. Мэдээж засч сайжруулах зүйл байвал түүнийг нь хийгээд л явна. Энэ бүхнийг хэлж байгаагаараа өмнөх удирдлагуудыг нь үгүйсгэхийг хүссэнгүй. Миний харж байгаагаар бас өнөөдрийн нөхцөл байдал ийм байгаа. Тэгээд ч одоо энэ асуудлыг манай яам дангаараа шийдэж хийхгүй. Таван талт гэрээ байгуулагдах ёстой.
Энд Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, арилжааны банкууд, Хөгжлийн банк, нийслэлээс оролцсон таван талт гэрээг байгуулаад үүнийхээ дагуу дүрэм журмаа хүртэл гаргах ёстой. Одоо арилжааны банкуудаас тавигдаад байгаа асуудал нь 20 хувийн баталгааг 2016 он хүртэл Хөгжлийн банк хариуцаж явна. Цаашаа энэхүү баталгааг хэн гаргах вэ гэдэг асуудал бий. Хөгжлийн банк хариуцсан чигээрээ явах уу эсвэл арилжааны банкинд шилжүүлэх үү гэх мэтээр яригдсан зүйл их байна.
-Хүлээлт байсаар байна. Тэгэхээр 20 хувийн баталгааг тэдэнд гаргана гэж хугацаа хэлэх боломж бий юу?
-Дан ганц манай яам шийдвэрийг гаргах байсан бол хугацаа хэлэх боломжтой. Гэтэл яамнаас үл хамаарах асуудал олон байна. Мэдээж энэ зээлийг арилжааны банкууд гаргана. Сангийн яам санхүүгийн эх үүсвэрийг гаргана. Эдгээрийн саналыг тусгах ёстой учраас тодорхой хугацааг үнэндээ хэлж чадахгүй нь.
-Тэгвэл түрээсийн орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж ажлыг эхэлсэн. Явц ямар байгаа бол?
-Ер нь ТОСК зөвхөн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх бус түрээсийн орон сууцны асуудал өөрөө төрийн бодлого байх ёстой. Хаана барьж, хэнийг хамруулж, ямар үнэ төлбөртэй байлгах вэ гэх мэтээр нэгдсэн бодлогоо эхэлж гаргах ёстой. Түүнээс биш тооцоо судалгаагүйгээр, ТОСК-иар дамжуулан хэрэгжүүлнэ гэдэг учир дутагдалтай. Учир дутагдалтай зүйлүүд байгаа учраас нийслэлтэй бусад оролцогч талуудтай ойлголцоод цаашаа явна гэж үзэж байгаа.
Зөвхөн нийслэлд бус орон нутагт ч түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлбэл хамгийн их үр дүнтэй гэж харж байгаа. Уг нь түрээсийн орон сууцны хөтөлбөр төрийн бодлогын хэмжээнд учир дутагдалгүйгээр хэрэгжээд эхэлбэл найман хувийн зээлд хамрагдсанаас ч олон хүнд үр дүнтэйгээр хүрэх асуудал.
-Барилгын тухай хуулиар салбарын стратеги тодорхой болно гэдэг. Хуулийн боловсруулалт ямар шатандаа байгаа бол?
Барилгын тухай хуулийг сүүлийн гурван жил боловсруулсан байна. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барьчихсан байгаа. Миний хувьд уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэххэрэгтэй гэжүзэж байгаа. Ингэснээр салбарын дотоод уялдаа, бодлогын шинэчлэл, ажлын чиглэл гээд томоохон хэмжээний стратеги батлагдаж гарах учраас хуулийг баталж чадвал хамгийн том ажил болно л гэж харж байна.
-Чанарын асуудалд анхаарах уу. Энэ парламентийн өмнөх сайдууд чинь чанар стандартыг нэлээд өөрчлөх шиг болсон?
-Салбарынхантай уулзаж ярилцаж байхад хуучин ЗХУ-ын үеийн манайд нутагшсан стандартууд шинэчлэгдээгүй байгаа юм билээ. Сүүлийн үед олон улсад шинэ стандартууд гарч ирж байгаа. Тэр стандартуудыг авах ёстой. Гэхдээ өөрийн орны онцлогт тохирсон байдлаар хөрсөндөө буулгаж нутагшуулах ёстой гэж үздэг юм байна. Хамгийн дээд зэрэглэлийн Евро стандартыг л гэхэд шууд хуулж авчраад мөрдөх ёсгүй гэсэн үг.
Евро стандарт хэдий сайн ч гэлээ заавал өөрийн орны орчин, онцлогт тохируулж оруулж ирэх ёстой юм байна. Оролцогч бүх талуудын үгийг, саналыг авч байж стандартыг шинэчлэхгүй бол хэн нэг сайдын хийдэг ажил ч бас биш юм байна. Ер нь төрийн бодлого тааруугаас болж хувийн хэвшлийн үйл ажиллагаа дарамтад орж, доголддог. АТГ-аас гаргаж өгсөн судалгаагаар 46 аж ахуйн нэгж шалгагдаж байх жишээтэй.
Бизнес эрхэлснийхээ төлөө дарамтад орсон нь энэ. Энэ мэт бүх асуудалд анхаарна. Хугацаа богино байна. Тийм учраас энэ салбарт ажиллаж байх хугацаанд миний баруун гар бол мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид, зүүн гар маань хувийн хэвшлийнхэн байх болно гэдгийг ярилцлагынхаа төгсгөлд хэлмээр байна.