Алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийн зээл олгоно
2015.10.05

Алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийн зээл олгоно

Эдийн засгийн товч мэдээ. 2015.10.05

Монголбанк 2016 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөнгөний бодлогын үндсэн зорилтууд биеллээ олоход 2016 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого чухал нөлөөтэй болохыг Төв банкнаас онцолсон юм. Ирэх 2016 оны үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексийг 7 хувь, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулсаны үндсэн дээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдүүлнэ гэж үзжээ.

2015 оны эхний долоон сард Монгол Улсад 150 орчим сая ам.долларын гадаад шууд хөрөнгө оруулалт оржээ. 

Таваарын ханш унасантай холбоотойгоор тасалдаад байгаа төсвийн орлогын тодорхой хэсгийг шатахууны татвараар нөхөхөөр Засгийн газар ажиллаж байна. Уул уурхайн яамны мэдээлснээр энэ оны эхний есөн сарын дүнгээр 160 гаруй тэрбум төгрөгийг шатахууны онцгой албан татвараас төвлөрүүлсэн байна. 2015 оны эцэс гэхэд энэ хэмжээг 251.5 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж, олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна. Засгийн газар нэг жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй 256 тэрбум төгрөг хүртэлх зээлийг арилжааны банкуудаар дамжуулан алт олборлогчдод олгохоор шийдвэрлэжээ.

2015 оны эхний долоон сард Монгол Улсад 150 орчим сая ам.долларын гадаад шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Харин энэ оны эцэст шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум ам.доллар давна гэх хүлээлттэй байгаа талаар Хөрөнгө Оруулалтын газраас мэдээллээ.

ХХААЯ: Махны экспортоос 483.2 сая ам.долларын орлого олох боломжтой. Одоогийн байдлаар 120 гаруй мянган тонн мах экспортод гарахад бэлэн болоод байгаа аж.

Үр тарианы ургац хураалт 33.8 хувьтай, төмснийх 65.7 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай явагдаж байгаа болохыг Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээллээ.

"Rio Tinto" групп Австрали дахь "Bengalla" нүүрсний уурхайд эзэмшдэг 40 хувиа "New Hope" корпорацид 606 сая ам.доллараар худалдлаа.

“Twitter” компани интернэт худалдааны веб хуудас хөгжүүлэгч шилдэг компаниуд болох “Shopify”, “Bigcommerce”, “Demandware”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Ингэснээр том, жижиг бүхий л худалдааны байгууллагуудад бүтээгдэхүүнээ “Twitter”-ээр худалдах боломж нээгдэх юм.