УИХ өөрөө засгийн газрын сайд нарыг томилдог бас хариуцлага тооцох эрх нь байх ёстой.
2015.10.09

ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүний өргөн барьсан ЗГ-ын сайдыг огцоруулах хуулийн төслийг хэн нэгний захиалга гэж хардагсад олон байна. Гэхдээ УИХ өөрөө засгийн газрын сайд нарыг томилдог бас хариуцлага тооцох эрх нь байх ёстой.

Ийм ч эрхийг өмнө нь хэрэгжүүлж байсан. Тухайлбал Х.Тэмүүжин гишүүнийг хууль зүйн сайд байхад нь О.Баасанхүү гишүүн огцоруулах санал гаргаж хэлэлцүүлж байсан удаа бий. Харин С.Баярцогтыг огцоруулах үед үндсэн хуулийн цэц нь өмөөрч түүний эсрэг дүгнэлт гаргачихсан. ҮХЦ-ийн дүгнэлт засгийн газрын гишүүнийг УИХ-ын нэг гишүүн  огцоруулах төсөл өргөн барьж  болохгүй гэсэн дүгнэлт юм.

Энэ дүгнэлт нь өөрөө зөв үү гэдэг асуудал УИХ-аар хэлэлцэгдэж УИХ хүлээж авсангүй. Учир нь засгийн газар өөрсдөө сайддаа хяналт хариуцлагыг тавьдаг байх хуулийн төсөл хэрэгтэй байна. Дээрээс нь үндсэн хуулийн цэцийн  дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэдгийг гишүүд хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: С.Баярцогт гишүүнтэй шууд холбож үзэхийг хүсэхгүй байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан цагаас УИХ-ын гишүүд засгийн газрын гишүүдийг огцоруулах саналыг өгөөд шийдээд ирсэн одоо гэнэт өөрчилж болохгүй л дээ. Үүнийг үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой. Түүнээс гэнэт өөрчлөгдчихдөг байж таарахгүй. Тиймээс би цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй талд нь байсан.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хувь хүний хувьд засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүн дураараа өргөн бариад улс төржүүлж ажлыг нь хийлгэхгүй байдаг нь гүйцэтгэх эрх мэдлийг маш сул болгож байна гэж хувьдаа итгэдэг. Тиймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар, засгийн газрын гишүүнийг томилох, огцоруулах асуудлыг ерөнхий сайд өөрөө мэдэг. Зөвхөн Ерөнхий сайдыг томилох, огцоруулах асуудлыг УИХ дээр ярьдаг болий гэсэн хувийн итгэлтэй.

Гэхдээ харамсалтай нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа үндсэн хуульд энэ нь боломжгүй. Яагаад гэвэл үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрх гэдэг дотор ерөнхий сайд болон засгийн газрын гишүүнийг томилох, өөрчлөх, огцоруулах гэсэн гурван эрхийг оруулсан. Ерөнхий сайдын хувьд саналаа УИХ-д оруулна гэсэн байгаа. Огцоруулах асуудал бол ерөнхий сайдад эрх нь байхгүй. Тиймээс нэгэнт ийм байгаа учраас УИХ-ын гишүүн огцоруулах санал өгөх бүрэн эрх нь байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: ҮХЦ-ийн дүгнэлт буруу байна гэдэг дээр УИХ-ын гишүүн Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Ер нь бол маш ойлгомжтой. УИХ –ын бүрэн эрх, засгийн газрын бүрэн эрх нь үндсэн хуульд заачихсан байдаг. Тэр нь бас УИХ-ын тухай хуулиар явдаг. Үүнийг хооронд нь хутгаад УИХ –д онцгой бүрэн эрхэд нь байгаа томилох, өөрчлөх, огцоруулах бүрэн эрх нь байхгүй гэсэн асуудал гарч ирсэн нь ноцтой. Цэц бол хуулиа хамгаалж байх ёстой ч өөрөө ийм шийдвэр гаргасан нь анхаарал татсан зүйл болж байна.