УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.10.16

Бондын мөнгийг шалгах ажлын хэсэг яагаад дүгнэлтээ гаргахгүй байна

Чингис бондын 1.5 тэрбум төгрөг, Самурай бондын 290 сая долларыг Монголчууд ирээдүйд төлнө. Тиймээс энэхүү зээлээр авч байгаа мөнгө нь үр ашигтай зарцуулагдах ёстой.

Анх эдгээр бондыг аваад нэг долларыг хоёр болгох төсөл хөтөлбөрт зарцуулна хэмээн албаныхан мэдэгдсэн. Яг энэ дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг хянахаар УИХ-аас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Гэвч ажлын хэсгийн ахлагч нь MCS компанийн хувь эзэмшигч бөгөөд бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө авчихсан учир дүгнэлтээ гаргаж чадахгүй байна гэсэн хардалт төрүүлж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Миний хувьд энэ асуудлыг авилгалтай тэмцэх газар шалгуулахаар өгөөд ашиг сонирхлын зөрчилгүй байна. Тэдгээр компани нь зээл аваагүй байна гэсэн хариу ирүүлсэн. Миний хувьцаа эзэмшдэггүй компаниудыг хүртэл надтай холбож гүтгэсэн байсан.

Энэ бол санаатай ажлын хэсгийн ажлыг удаашруулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл гэж харж байгаа. Хөгжлийн банкин дээр хийгдэж байгаа шалгалтууд удаж байгаа шалтгаан нь маш их аж ахуй нэгжүүдэд зээл өгсөн, тэр зээл нь үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжид нийцсэн төсөлд өгөгдсөн эсэх дээр шалгалт хийж байгаатай холбоотой. Нилээн цар хүрээтэй шалгалт учраас цаг хугацаа ихээхэн авч байна” хэмээн тайлбар өглөө.

Бондын мөнгөнөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр зэрэг хүмүүс их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл бий. Бондын мөнгөөр томчууд гараа угаасан уу эсвэл үр дүнтэй төсөл хөтөлбөрт зарцуулагдсан уу гэдгийг ажлын хэсэг 7-10 хоногийн дараа дүгнэх юм байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс....