Ж.Батсуурь: Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бонд гаргана
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас дараах тодруулгыг хийлээ.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд бонд гаргахаар болж. Ямар зорилгоор бонд гаргах гэж байна вэ?
Өвлийн улиралд уул уурхайн салбар зогсонги байдалд ордог. Түүнийг дагаад төсвийн орлого бүрдэхэд хүндрэлтэй байдаг учраас Засгийн газар богино хугацаатай бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөх арга хэмжээ авах ёстой.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтарч ажиллахаар мэргэжлийн хүмүүсийг урьж, судалгаа дүгнэлт гаргуулаад ямар хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх вэ гэдэг талд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа.
-Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн зарцуулалтад үнэлгээ хийхээр Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт энэ сард багтаж гарах ёстой ч хойшилсоор байна. Юунаас болж дүгнэлт хойшлоод байна вэ?
Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтад үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүд хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Түүнд нь Сангийн яам, аудитын байгууллагын гээд мэргэжлийн хүмүүс ч ажиллаж байгаа. Өргөн хүрээний материал үзэж харах шаардлагатай байгаа учраас богино хугацаанд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байгаа. Ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн ээзмшлийн хувь хэмжээг шилжүүлж авах бол тодорхой нэр төрлийн татварыг нэмж төлөх асуудал нь тодорхой ордтой холбоотойгоор хийгдэх зохицуулалт уу. Хоёрдугаарт, энэ хууль Оюутолгой, Тавантолгой зэрэг ордод хамаарч үйлчлэх үү?
Энэ хууль нь стратегийн ордод үйлчилнэ. Гэхдээ Оюутолгой, Тавантолгой ордод эргэж үйлчилнэ гэж ойлгох нь буруу. Дараа, дараагийн стратегийн ордод л үйлчлэх юм.
Өмнө нь стратегийн орд дээр төр тодорхой хувь шууд эзэмшээд явдаг байсан бол энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд илүү сонголттой болж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Ингэхдээ төрийн эзэмшлийн хувь эзэмшлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч шилжүүлж авах тохиолдолд өсөн нэмэгдэх рояльтын тусгай татвар төлөх юм. Ийм л зохицуулалт.
69