Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах шаардлагатай байгаа нь "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Мөн Хөгжлийн банк болон бусад банкаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах болон улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулж ДНБ-ий 40 хувьд хүргэх шаардлага байна.
Иймд 2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцох, Хөгжлийн банкаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах, улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан тухайгаа танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин,
Сангийн сайдад “Өөрт чинь өр тавихгүй бол болохгүй нь гэсэн цаас атгуулаад УИХ-д оруулж ирнэ дээ” гэж хэлж байсан түүгээр л болж байна. Хоёрын намын зөвшилцлийн ажлын хэсэг “харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааны тухай” гэсэн гоё нэртэй. Үүн дээр өрийн босгыг өндөрсгөхгүй байхаар тусгасан. Гэтэл өнөөдөр өрийг 70 хувьд хүргэхээр оруулж ирж. Өр тавихгүй бол хөгжихгүй, бүтээн байгуулалт хийгдэхгүй, цалин тэтгэвэр нэмэхгүй гэсэн зүйл яриад байна. Өөр гарц байхгүй гэж байна Засгийн газар. Яг ингэж ярьж байгаад зарим улс газар нутгаасаа худалдаж байна шүү дээ. Тухайлбал, Тажикстан улс байна. Миний бодоход хоёр нам тохиролцсон зүйл дээрээ баймаар байна. Хэрэв өрийг нэмэх гэж байгаа бол өмнөх бондуудын гүйцэтгэлтэй танилцаж байж дараагын өрийн асуудлыг шийдмээр байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан,
2015-2017 онд Монгол улс ямар эдийн засаг, түүний өсөлт ямар байх мөн ямар ямар төсөл арга хэмжээг санхүүжүүлж өсөлтийг бий болгох вэ?. Өрийн босгыг 70 хувьд хүргэсэн нь ДНБ өсөлттэй уялдах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
Хуулиар албан тушаалтан УИХ-д үнэн мэдээлэл өгөх ёстой. Өнгөрсөн 12 сард өрийн тааз 43 хувьтай байгаа гэсэн өнөөдөр 55,2 хувь болчихсон гэж ярьж байна. Хамтарч өвөр түрийдээ орж байх үед Би ярьж байсан. Яагаад өрийн хязгаар хууль зөрчөөд нэмэгдчихэв ээ? Өмнө нь авч байсан Чингэс, Самуурай бондын гүйцэтгэл хаана байна вэ?
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэдэг хуулийн заалттай.
Иймээс Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Төсвийн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 28 нь буюу 52.8 хувь нь дэмжиж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадсангүй.
Иймээс Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газарт буцаахаар болов