Ө.Энхтүвшин: Үндсэн хуулийг талцаж биш зөвшилцөж өөрчлөх ёстой
2011.04.12

Ө.Энхтүвшин: Үндсэн хуулийг талцаж биш зөвшилцөж өөрчлөх ёстой

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.


-Сонгуулийн хуулийг
энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцэх ёстой Гэвч одоо болтол хоёр нам тогтолцоогоо шийдэж чадаагүй байна?

-Сонгуулийн хуулийг өөрчилнө гэдэг том ажил. Бид олон жил ярьж байгаа.Тохирохгүй байгаагийн хувьд манай нам хүний нэр дугуйлна гэсэн бол, Ардчилсан намынхан намаар сонгох саналтай бай гаа.Үүнд л гацчихаад байгаа юм. Ямар ч улс төрийн хүчин сонгуульд ялалт байгуулахад өөрсдөд нь ашигтай байх хувилбарт хатуу зогсох нь ойлгомжтой. Энэ жишгээр хоёр намын аль.аль нь сууриасаа ухрахыг хүсэхгүй шүү дээ.

-Тэгэхээр хоёр нам хоёулаа байр суурьдээрээ хатуу зогсоод байвал Сонгуулийн хуулийг өөрчилж амжихгүй болох нь. Цаашлаад ирэх сонгууль 2008 оных шиг болох юм биш биз?

-Ард түмэн өнөөгийн парламентыг хүлээж авахаа больчихлоо.Тэгэхээр Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ өөрчлөлтийг ярихаас өмнө Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юм. Хуулийн өөрчлөлтөө хийчихвэл Сонгуулийн хуулийг өөрчилж болно.

-Яагаад Сонгуулийн хуулийг өөрчлөхийн өмнө Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж?

-Тогтолцоондоо тохируулах ёстой. Жишээ нь, саяхан манай намын дарга хоёр танхимтай болъё гэж санал гаргалаа.Тэгвэл цаашид хоёр танхимтай парламенттай байхаар тохирчихвол түүндээ тааруулж тогтолцоогоо өөрчлөх хэрэг гарна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хийж амжих болов уу?

-Хийж чадвал тун сайн. Өнөөдрийн болохгүй байгаа бүх зүйлийн үндэс нь Үндсэн хууль болчхоод байгаа юм. Орон нутгийн захиргаа, төрийн албаны өнөөгийн байдал, сонгуулийн тогтолцоо гээд бүх гажуудал Үндсэн хуультай холбогдоод байгаа юм.

-Үндсэн хуулийг өөрчлөх тухай олон жил ярьсан.Гэхдээ сонгууль дөхчихсөн энэ үед Үндсэн хуулийг өөрчлөхөд тохиромжтой цаг хугацаа мөн үү?

-Хамтарч Засаг барьж байгаа энэ үед хийхгүй бол амаргүй зүйл. Хоёр талдаа талцсан нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах их хэцүү.Үндсэн хуулийг өөрчлөхөд олонхоороо хүч түржөөрчилж болохгүй. Аль болох зөвшилцөлд хүрч байж шийддэг.

-Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг асар том ажил. Тэр том ажлыг ийм богино хугацаанд хүссэн хэмжээндээ хүртэл хийж чадна гэж үү?

-Шуурхай ажиллавал болно.

-Үндсэн хуулийг өөрчлөхөд иргэдийн саналыг тусгаж, олон нийтийн санал асуулга явуулах ёстой шүү дээ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар шийднэ.Олон нийтийн болон иргэний нийгмийн байгууллагын саналыг авах ёстой. Мэдээж амар шийдэгдэх ажил биш. Гэхдээ төсөл нь ерөнхийдөө боловсрогдож байгаа. Тэрхууль Үндсэн хуулийн энэ, энэ заалтыг хөндөж болохгүй гээд  тулгуур заалтуудыг хүртэл нарийвчилж заасан.

-Их хурлын даргын тогтоолоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг нэгдүгээр сард байгуулагдсан. Энэ тогтоол ёсоор ажлын хэсгийнхэн тавдугаар сар гэхэд анхны хуулийн төслийг УИХ-д оруулж ирэх ёстой. Гэтэл ажлын хэсэг одоо болтол хуралдаагүй гэж ярих юм билээ?

-Хуралдахаасаа илүү Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй вэ гэсэн саналыг иргэдээс авч байгаа. Иргэдээс болон иргэний нийгмийн байгууллагуудаас саналыг нь авчихвал түүнд үндэслээд төслөө боловсруулах ёстой.Төсөл боловсруулна гэдэг төвөгтэй ажил биш.Төслөө боловсруулаад Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцэд өгч санал авна. Мөн нийт аймаг, сумын гуравны нэгээс доошгүй иргэдийн саналыг авсан байх ёстой. Энэ мэт ажлыг түргэн хийчхэж болно. Мэдээлэл харилцаа холбоо хөгжчихсөн өнөөгийн нөхцөлд болно. Үндсэн хуулийг хэлэлцдэг процетур нь ердийн хуулиас өөр. Заавал гурван удаагийн хэлэлцүүлгээр оруулах ёстой.Үнэхээр УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл ард нийтийн санал асуулга явуулж болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.