Ойн мэргэжилтэн бэлтгэж, ногоон ажлын байр нэмэгдүүлнэ
МСҮТ-үүдэд бэлтгэх үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж буй юм.
2015.10.21

Ойн мэргэжилтэн бэлтгэж, ногоон ажлын байр нэмэгдүүлнэ

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд ойн салбарт эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааны санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар мягмар гарагт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ингэснээр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр мэргэшсэн ажилчдыг МСҮТ-үүдэд бэлтгэх үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж буй юм. Мөн ногоон ажлын байрны мэдээлэл цуглуулах, боловсруулах арга зүйг сайжруулах, туршилтын судалгаа явуулах зэрэг олон ажил хамтарч хийх үүрэг хүлээв. Хот, орон нутаг дахь байгаль орчны төрийн болон иргэний нийгмийн байгууллага, нөхөрлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг онцоллоо.

Тэрбээр “Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Иймд бид ногоон хөгжлийг дэмжих хүрээнд сайн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ гарч байгаа. Мэргэшсэн ажилтан байж л ойн арчилгаа, ургалт сайжирна. Түүнээс биш, тариад орхиод байвал үр дүнгүй. Мэргэшсэн хүн илүү мэргэжлийн түвшинд ажилдаа хандана. Тэр хэрээр орлого сайжирна” гэлээ.

Бид Г.Баярсайхан сайдаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Ногоон хөгжлийг дэмжих гол хүчин зүйл нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болов уу. Танай яам мэргэшүүлэх сургалтыг хариуцахаар боллоо. Сургалтын бааз хангалттай юу?

-Монгол орны нийт газар нутгийн ердөө найман хувийг ой мод эзэлдэг. Гэтэл олон шалтгаанаар нөөц нь жилээс жилд багасч байгаа. Сүүлийн 20 жилд түймэр, хортон шавьж болон модны хулгайчдаас шалтгаалан 1.2 сая га-гаар ойн талбай хорогдсон гэсэн статистик бий.

Тиймээс бид ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэх нь зөв гэж үзсэн. Энэ нь байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой, ногоон ажлын байрыг дэмжих таатай алхам болж байна. МСҮТ-д ойн мэргэжилтэн бэлтгэнэ. Зарим нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй оронд сургах шаардлага ч бий.

-Манай улс дээхнэ үед ОХУ-д ойн мэргэжилтэн бэлт-гэдэг байсан. Хуучин бэлтгэж байсан мэргэжлүүдийг сэргээх үү?

-Манай улсын хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 82 төв байдаг. Эдгээрээс 52 нь улсын өмчийнх, үлдсэн нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай. Монгол Улс олон даргатай байгаад хөгжихгүй, ур чадвартай мэргэжилтэнтай байж л хөгжинө. МСҮТ-д одоогоор 45 мянган оюутан суралцаж байна.

Жилд 20 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэж, ажлын байраар хан-гаж байгаа. Бакалаврын боловсролтой залуус сүүлдээ МСҮТ-д сурч байна. Тэгэхээр дунд мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна гэсэн үг. Улсын хэмжээнд ойн 1200 гаруй нөхөрлөл бий. Энэ нөхөрлөлийн хүмүүсийг мэргэшүүлэх зайлшгүй шаардлага байна.

БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч “Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн Булган, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн МСҮТ-д ойн мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх, ойн мэргэжилтнүүдийг ажлын бай-раар хангахаар уг санамж бичигт тусгасан.

Ингэснээр МСҮТ-үүдэд ихээхэн хөрөнгө оруулахаар болж байна. Дээрх аймгуудын МСҮТ-ийн багш нарыг ХБНГУ-д сургана. Манайд ойн инженер бэлтгэдэг гурван сургууль бий. Нарийн мэргэжлийн хүмүүсийг цаашдаа гаднын өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтад явуулах бодлого барьж байна. Мөн ойн инженерийг гадаадад сургана. Ойн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд 200 гаруй сая евро зарцуулахаар төлөвлөсөн. Мэргэжилтнээ бэлтгэчихвэл жилд дунджаар 10 мянган га газрыг ойжуулахаар зорьж байна” гэлээ.