Барилгын салбарт BIM-ийг нэвтрүүлнэ
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.10.21

Барилгын салбарт BIM-ийг нэвтрүүлнэ

BIM гэж юу вэ? 

BIM гэдэг нь нь барилгын мэдээллийн загварчлал буюу бодитоор баригдах  барилгын  цахим  хэлбэр  гэсэн утгатай бөгөөд олон улсад  нэвтрээд  байгаа  дэвшилтэт  технологи ажээ. Тэгвэл Барилгын яамныхан BIM-ийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Өнгөрсөн 7 хоногт З.Баянсэлэнгэ сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сингапур улсад ажиллаж BIM-ийн асуудлаар чуулсан олон улсын симпозиумд МУ-ыг төлөөлөн оролцоод ирсэн юм. Сингапур улс барилгын салбарынхаа бүтээмжийг 25 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж, BIM-ийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа тухай З.Баянсэлэнгэ сайд хэлж байна.

Тэрээр манай улс дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд BIM-ийг өөрийн оронд тохируулан нутагшуулах, Сингапур гэх мэт орнуудаас суралцах хэрэгтэй гэв.

БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа

Тэгвэл өнөөдөр “Олон  улсад BIM  нэвтрүүлсэн тэргүүн туршлага” сэдэвт олон  улсын семинар зохион байгуулагдлаа. Барилга хот байгуулалтын  яам, Их Британий элчин сайдын  яамны дэмжлэгтэйгээр  “Билдинг Смарт  Монгол”  ТББ-аас санаачлан зохион  байгуулж байгаа энэхүү семинарт БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа оролцсон юм. 

Тэрээр семинарт тавьсан илтгэлдээ “Манай улсад барилгын салбарын бүтээмжийг дээшлүүлэх, чанарыг сайжруулах, барилгын бүхий л мөчлөгийн туршид шийдвэр гаргахад шаардлагатай цогц мэдээллийн баазыг бүрдүүлэх хамгийн үр дүнтэй арга бол BIM хэмээх дэвшилтэт технологи болохыг ОУ-ын туршлага харуулж байна” гээд салбартаа  энэхүү технологийн дэвшлийг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчин бүхий хүчирхэг орчин үеийн салбар болгон хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа хүсэл эрмэлзлээ нэгтгэн ажиллахыг салбарын төрийн болон ТББ ууд хувийн хэвшлийнхэнд уриалсан юм.