Эрхэм гишүүн “Чихэр биш ааруул” уриалгыг гаргажээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.10.27

Эрхэм гишүүн “Чихэр биш ааруул” уриалгыг гаргажээ

УИХ-ын эмэгтэй гишүүд дундаа санаачилгатай, энгийн харьцаатай хүн бол С.Одонтуяа билээ. Тэрбээр эдийн засгийн нийтлэл бичихээс гадна эрүүл мэндийн асуудалд нэлээд санаа тавьдаг нэгэн. Тэгвэл эрхэм гишүүн өөрийн гэсэн булангаа нээжээ.

Энэ талаараа тэр фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна. Тодруулбал, тэрбээр “Би сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хуулиуд дээр ажиллаж байна. Хууль журмууд сайн байж болох ч хүний өөрийн амьдралын хэвшлээс бүх зүйл шалтгаалдаг. Үүнээс үүдэн “Эрүүл хүн-Монголын баялаг” гэдэг уриаг дэвшүүлэн, ажил хэрэг болгохын төлөө зүтгэж байгаа.

Бид өвчнөөс урьдчилан сэргийлж, өрхийн төсвөө хэмнэвэл санхүүгийн орлогоос гадна эрүүл мэнд гэдэг олдошгүй баялаг танд үлдэнэ. Өөрөөр хэлбэл “ниргэсэн хойно нь хашгирсанаас нидэртэй байгаа дээр нь биеэ тордоё” гэсэн санаа.

Төр түшилцэх их ажлынхаа хажуугаар сайн ээж, сайн хань байх нь миний зам. Тиймээс олж авсан туршлага, санаачилгуудаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Бас бусад хүмүүст хэлж, хуваалцах дуртай. Харин нийгмийн сүлжээ надад энэ боломжийг олголоо. Та ч гэсэн өөрийн мэргэн санааг бусадтай хуваалцахыг хүсвэл “Одноогийн Булан”-д хандаарай” хэмээж байсан. 

Тэгвэл тэрбээр хамгийн эхний уриалгаа “Чихэр биш ааруул” хэмээн нэрлэжээ. Мөн фэйсбүүк хуудсандаа “Уудам Монгол орны өнцөг булан бүр өөр өөрийн “амттай” ааруултай. Бидэнд ийм баялаг байхад хүүхдүүддээ чихэр биш ааруул идүүлье, зочдоо чихрээр биш ааруулаар дайлъя гэж би уриалж байна. Би өөрөө ч зочдоо ааруулаар дайлдаг болсон. Үндэсний үйлдвэрлэлээ ч дэмжье” хэмээжээ. Ямартай ч эрхэм гишүүний булан “амилж” эхний уриалгаа гаргажээ.