Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиов
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга
2015.10.29

Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиов

Дэлхийн 160 гаруй оронд түгэж, 20 гаруй сая хүн тогтмол хичээллэдэг олимпын хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй жүдо бөхийн спортыг үндэслэгч Жигоро Кано 1860 оны аравдугаар сарын 28-нд мэндэлсэн гэдэг.

Энэ өдрийг Олон улсын жүдо бөхийн холбооны санаачлагаар, 2011 оноос Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монголын жүдо  бөхийн холбооноос баярын өдрөө нээлттэй хичээл явуулж, үзүүлэн тоглолт хийлээ.

Өдөрлөг Спортын төв ордонд тохиож хичээлийг -48 кг-ын дэлхийн аварга М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин нар удирдан явуулсан байна.

Нээлттэй өдөрлөгт Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй олимп, дэлхийн аваргууд оролцож шинэ залуу тамирчидтай нэг өдрийг хамт  өнгөрүүлсэн юм.

Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиов

Жигоро Каногийн үндэслэсэн спорт дэлхий дахинд 1950-иад оноос дэлгэрч, анхны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 онд Японы Токио хотноо болж байсан аж. Харин 1964 онд Их наран улсын нийслэл Токио хотноо болсон зуны олимпын XVIII наадамд жүдо бөх орж албан ёсоор олимпын хөтөлбөрт багтсан түүхтэй.

Манай оронд 1970-аад оны үеэс жүдо бөх хөгжиж, 1980 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотод болсон зуны Олимпийн XXII наадмын жүдо бөхийн төрөлд ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин мөнгө, гавьяат тамирчин Р.Даваадалай хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Мөн 1989 онд хуучнаар Югослав улсын Белград хотод болсон дэлхийн аваргаас Гавьяат тамирчин О.Балжинням мөнгө, Гавьяат тамирчин Д.Баттулга хүрэл медаль хүртсэн удаатай. Түүнчлэн, монголын ард түмний 44 жил хүлээсэн олимпын алтан медалийг ч бөхийн эл төрлөөр Хөдөлмөрийн баатар, Гавьяат амирчин Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан билээ.