ОБЕГ-т ажиллав
ОБЕГ-т ажиллав
2015.11.13

ОБЕГ-т ажиллав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2015.11.11/ Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газарт ажиллах үеэр тус газрын дарга, бригадын генерал Т.Бадрал онцгой байдлын албаны өнөөгийн байдал, эрх зүйн шинэчлэл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Уг мэдээлэлд дэлхий нийтийн хэмжээнд 40 гаруй төрлийн гамшиг осол гардгаас манай улсад 14 орчим нь тохиодог байна. Үүний 93 хувь нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой аж.

Улсын хэмжээнд энэ он гарсаар 4815 гамшиг осол, аюулт үзэгдэл болсноос 175 хүний амь нас хохирч, 163901 мал хорогдон, 51 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулжээ. Жилд дунджаар 210-220 хүний амь нас хохирч, 90-100 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэсэн тооцоо байдаг аж. Онцгой байдлын алба 160 нэгж, 4000 орчим албан хаагч, 500 орчим техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. Албаны чадавхийг дээшлүүлэх тал дээр жил бүр ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа ч дэлхийн стандартад хүрэх, том хэмжээний газар хөдлөлт, гамшиг осол болох нөхцөлд бэлтгэл, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.

Зөвхөн энэ оны төсөвт төлөвлөсөн 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Гамшиг осол, байгалийн аюулт үзэгдэл их гардаг зургаан аймгийн зургаан суманд аврах анги байгуулах, батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, барьсан барилгаа тоног төхөөрөмжөөр хангах зайлшгүй хөрөнгө мөнгө энд тусгагдсан байна.

ОБЕГ-т ажиллав

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ, онцгой байдлын алба хэдийгээр боломж, бололцоогоороо хөгжиж байгаа ч бүх талаар бэхжүүлэх хэрэгтэй гэлээ. Тухайлбал, хүн амын 50 шахуу хувь нь амьдардаг, улс төр, эдийн засаг, үйлдвэрлэлийн төв болсон нийслэл Улаанбаатар орчим гэхэд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг нь анхаарал татахааас аргагүй.

Тиймээс УИХ-ын түвшинд авч үзэн, эрх зүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газарт чиглэл өгөхөөр ажиллаж байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахыг чухалчилж, бодлогын бичиг баримт, хуулийн төслөө хүчний болон бусад байгууллагын уялдааг хангасан, төрөл чиглэлээр нь ангилж салгасан, тооцоо судалгаатай сайн боловсруулах зөвлөмж өгч, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын тооцоог гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан юм.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Я.Санжмятав, О.Содбилэг нар оржээ.