Цалинг 10 хувиар бууруулснаар 70 гаруй тэрбум төгрөг хэмнэж байгаа
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2015.11.19

Цалинг 10 хувиар бууруулснаар 70 гаруй тэрбум төгрөг хэмнэж байгаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийг баталлаа. Уг нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг тун боломжийн гэж дүгнэж байсан ч УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо хөрөнгө нэмүүлсний улмаас алдагдалтай төсөв баталлаа гэж байгаа. Ер нь ирэх оны төсөв ямархуу болсон бэ?

-Бас ч гэж гайгүй төсөв болсон гэж хэлнэ. Засгийн газраас орж ирсэн төсвийн үндсэн ноён нурууг хадгалж үлдсэн. Мэдээжийн хэрэг эдийн засаг хямралтай байгаа үед хэмнэлтийн горимыг хатуу мөрдсөн төсөв.байхаас өөр арга байгаагүй. Энэ чиглэл рүү нь хандуулж төсвийг баталлаа. Ер нь өмнөх сонгуулийн жилүүдтэй харьцуулахад нэлээн өөрчлөлт оруулсан.

Сонгуулийн нөлөө харьцангуй багатай, гэхдээ огт байхгүй гэж хэлэхээргүй төсөв боллоо. Яах вэ тодорхой алхам бол хийсэн. Бүрэн гэж хэлэхгүй ч хагас алхам хийгдсэн гэж хэлж болно. Мэдээжийн хэрэг төсөв дээр анхаарах асуудал бий. Ялангуяа хэрэгжилтийн явцад онцгой анхаарах хэд хэдэн чухал асуудал байгаа. Төсөв батлагдаад ажил бүтчихлээ гэсэн үг биш. Их ажил дөнгөж эхэлж байгаа хэрэг. Он дуустал төсвийн хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэлээс авахуулаад оны эхнээс жигд сайн ажиллах хэрэгтэй болж байгаа.

-Төсвийн гол орлогуудыг хэрхэн бүрдүүлж байгаа

-Орлого талдаа авааД үзвэл нэлээн өөдрөг байдлаар тооцогдсон. Ерөнхийдөө өөдрөг хувилбараар батлагдсан төсөв боллоо гэж хэлэх үндэслэлтэй. Эдийн засгийн өсөлтийг 4.1 хувиар тооцож байна, төсвийн орлого болох эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс ч нэмэгдүүлж баталж байна. Энэ бүхэн ирэх жил манай улсын эдийн засагт өсөлт гарна, цар хүрээ нь өргөжнө гэх өөдрөг үзлээр хийгдсэн төсөв.

Мэдээж хэрэг бодлогоор өөдрөг хандсан гэхээсээ илүүтэй бий болсон нөхцөл байдалдаа зохицож, амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлагад шахагдлаа гэж бодож байгаа. Төсвийн зарлагын реформ санасан хэмжээнд хүртэл явж чадсангүй шүү дээ. Анх Засгийн газраас өргөн барьснаас хойш УИХ дээр орж ирсэн хойно бодлогод өөрчлөлт орлоо. Эрх барьж буй нам маань өөрөө бүтцийн өөрчлөлтийн зарим асуудлаас ухарсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс санал гарч байсан л даа. Ингээд анхны орж ирсэн бодлогоос нэлээд өөрчлөлтүүд орчихлоо. Сая эцсийн байдлаар гэхэд л бүтцийн өөрчлөлттэй холбоотой зарим санал татагдсантай уялдаж зуугаад тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж байх жишээтэй. Тэгэхээр энэ бол анх бодсон алхмынхаа талыг л хийлээ гэсэн үг шүү дээ.

Нэгэнт ингээд хэрэгцээнд шахагдсан юм чинь орлогоо тэнцвэржүүлэх үүднээс байж болох түвшнээс дээгүүр тооцсон. Эрсдэлтэй ямар .орлогууд байна вэ гэхээр өмч хувьчлалын орлого, татварын өр авлагыг барагдуулах орлого, татварын бус орлогын хэмжээ, нэмүү өртгийн албан татварын орлого зэрэг үзүүлэлтүүдийг нэлээн өөдрөг хувилбараар тооцсон. Хэрвээ бидний хүсэн хүлээж буйгаар ахиц, өөрчлөлт гарахгүй бол энэ бүхэн эргээд төсвийн эрсдэл болно. Дахиад л их наяд төгрөгөөр орлого тасарч болзошгүй. Тийм эрсдэл байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Тэгэхээр нэлээн эрсдэлтэй, орлого тасарч болзошгүй төсөв болсон гэсэн үг үү?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан

-Хэрвээ сайн ажиллаж, хүсэн хүлээсэн өөдрөг үзүүлэлтүүдээ гаргаж чадахгүй бол бүх тооцоо эрсдэл болж хувирна. Төсвийн орлого талд эрсдэл гарахаар ерөөсөө л өр, авлага үүснэ. Зарлагад төлөвлөсөн зүйлүүд орлоготой ч, орлогогүй ч үндсэндээ гараад явчихдаг. Тэр тусмаа 2016 оны хувьд зарлагыг нэлээн танасан учраас төлөвлөгдсөн зүйлс бүгд гараад явчихна гэж тооцох хэрэгтэй. Тэгэхээр зардал гарсан хойно орлого орж ирэхгүй байх эрсдэлд орвол төсвийн өр, авлага болно гэсэн үг.

Энэ бүхэн эргээд дараа дараагийн жилийнхээ төсөвт ачаалал үүсгэнэ. Ингээд ирэх оноор тогтохгүй хямралтай, хүндрэлтэй байх нөхцөлийг ойрын хэдэн жилд улам хөөрөгдөнө. Энэ утгаараа томоохон эрсдэлтэй. Ер нь төсвийн байдал 2016 онд илт сайжирчихгүй нь ойлгомжтой байна. Гадаад нөхцөл байдлаа аваад үзсэн ч, дэлхийн эдийн засгийг анзаараад байхад ч нөхцөл байдал хурдан сайжрахааргүй байгаа. Хоёрын том хөршийн маань эдийн засгийн байдал амаргүй байна.

Хятадын эдийн засаг сүүлийн 10, 20 жилд байгаагүй доод түвшиндээ хүрэх нь. ОХУ-ын эдийн засаг бүр уналттай гарахаар байгаа. Энэ бүх гадаад нөхцөл байдал бидэнд таагүй нөлөө үзүүлнэ. Нөгөө талаар бидний дотоод нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Сонгуулийн жил ирж байна. Бид ажлаа бараг орхиод л сонгуульддаг биз дээ. Урьд өмнөх сонгуулийн жилүүдийг анзаараад байхад эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд бүгд унасан байдаг юм.

-Төсвийн алдагдал 3.4 хувьд хүрсэн гээд байгаа. Юунаас болж ийм хэмжээний алдагдалд хүрэв?

-Зарлага нь нэмэгдээд орлого нь зарлагаа гүйцэхгүйгээс болж төсвийн алдагдал үүсдэг шүү дээ. Тийм учраас зарлагын хэмнэлт тал дээр хагас алхам хийсэн гээд байгаа юм. Гол шалгуур үзүүлэлтээ сайжруулж чадсангүй.

-Төсвийн зардлыг танахын тулд бүтцийн өөрчлөлт нэлээн хийсэн. Ингэснээр хэдий хэмжээний хөрөнгө хэмнэж байгаа вэ?

-Төсөвт суулгасан бүтцийн өөрчлөлтийн бодлого зөв хэрэгжихгүй бол том эрсдэл бий болгоно. Жишээ нь, Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэлээ шүү дээ. Дээрх хоёр байгууллага орлогоо нэмэгдүүлэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Орлого нэмэгдүүлэхийг урьд өмнөх онуудаас илүү сайн хөөцөлдөх хэрэгтэй.

Татварын орлого гэдэг бол зүв зүгээр байж байгаад төрийн дансанд ороод ирдэг зүйл биш. Хэдийгээр “Татвар буй дор төр оршино. Төр буй дор татвар оршино” гэдэг ч гэлээ сайн дураараа төсөвт аяндаа ороод ирдэггүй юм. Татвар, гаалийн байцаагчид араас нь уйгагүй хөөцөлдөж байж орлого оруулж ирдэг. Харин бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаатай холбогдуулан сандал ширээтэйгээ их ноцолдох юм бол төсвийн орлого зохион байгуулалтын хүчин зүйлээр эрсдэлд орж болзошгүй. Тэгэхээр ажлаа их зөв, сайн зохион байгуулах шаардлагатай гэдэг нь ойлгогдож байгаа байх.

-Ирэх жилийн төсвийг нэлээн танасан. Салбар бүрээс л танасан нь мэдээж. Гэхдээ хаанаас илүү хэмнэж байгаа вэ?

-Бүтэц бүрэлдэхүүн дээр нэлээн өөрчлөлт орсон. Найман яамтай болно гэх санал оруулж ирсэн боловч түүнээсээ буцлаа. Зарим нэг агентлагийг хооронд нь нэгтгэнэ гэсэн боловч тал хувийг нь татаж авсан. Гэхдээ цаана нь анх төлөвлөж орж ирсэн асуудал нэлээд бий.

Ер нь бол төсөвт байгууллагын бүтэц, зохион байгуулалттай холбоотойгоор 50 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах өөрчлөлтийн асуудал бий. Энэ арга хэмжээнд магадгүй 2000 гаруй хүн хамрагдах тооцоо байгаа. Тэгэхээр бүтцэд нэлээн өөрчлөлт орно. Хоёрдугаарт, урсгал зардал дээр гайгүй сайн хэмнэлт бий болгох хатуу шаардлага өгсөн байгаа. Өмнөх онтой харьцуулахад 10- 15 хувиар зардлаа бууруулна гэж тусгасан.

-Хоёр мянга гаруй хүн бүтцийн өөрчлөлтөд хамрагдана гэдэг нь ажилгүй болно гэсэн үг үү?

-Зургаан мянга гаруй төсөвт байгууллага Монголд байдаг. Энэ байгууллагуудад ажиллаж буй хүмүүсээс хоёр мянга орчим нь бүтцийн өөрчлөлтөд хамрагдана гэсэн үг. Бүтцийн өөрчлөлт гэдэг бол ажлын байрны цомхтгол, ажлыг нягтруулах гэсэн үг. Бүхэлдээ орон тоог цөөрүүлэх арга хэмжээ.

-Цалинг тодорхой хэмжээгээр хассанаар зардал хэмнэнэ гэж үзэж байгаа. Үүнийг тайлбарлахгүй юу. Яг аль салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар бууруулах вэ?

-Цалингийн санг 10 хувиар хэмнэх шийдвэр гарсан байна. Эмнэлэг, боловсрол, онцгой байдал, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх газар, цагдаагийн байгууллагыг хамруулаагүй. Эдгээрээс бусад төрийн байгууллагын цалингийн санг 10 хувиар хэмнэнэ.

Заавал орон тоог цомхтголгүйгээр цалингийнхаа санг хэмнэнэ гэсэн үг. 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр 70 гаруй тэрбум төгрөг хэмнэхээр төлөвлөж байгаа. Ингээд бодохоор 2016 оны төсөв зардлын реформ талдаа нэлээд томоохон асуудлуудыг шийдэх шийдлийг өөртөө агуулсан төсөв болсон. Нийтдээ 200, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа.