“Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” зөвлөгөөн боллоо
НҮБ-аас 2015 оныг “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан “Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” зөвлөгөөнийг “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААЯ, ХААИС хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг ХХАА-н сайд Р.Бурмаа үг хэлж нээсэн юм Тэрбээр “Монгол улс шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг 1959 оноос эхлэн хөгжүүлж ирсэн. Энэ хугацаанд нийтдээ 1,2 сая га тариалангийн талбайг эргэлтэнд оруулсан түүхтэй. Одоогийн байдлаар 740 гаруй мянган га тариалангийн талбайг ашиглаж байна. Түүнчлэн атар газрыг эзэмших анхдугаар аяныг 1959 онд эхлүүлж хөрсийг хөмрүүлж хагалах технологийг ашиглаж байсан юм.
Үүнээс хойш 1976 оноос Атар газрыг эзэмших хоёрдугаар аяныг хөрсийг салхины элэгдлээс хамгаалах хавж боловсруулах технологийг нэвтрүүлсэн бол атрын гурав дахь аян үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008-2011 онд хөрс боловсруулах цомхотгосон технологийг амжилттай нэвтүүлсэн. Мөн Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод хөрс боловсруулах тэг элдэншүүлгийг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа” гэдгийг онцоллоо. Тариалангийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн эрхэм үүрэг нь баялагийг бүтээгч хөрс, түүний үржил шимийг хамгаалах үйл ажиллагаа байдаг.
Хөрсийг хөдөлгөх бүрд хөрс нь салхи, усны элэгдэлд орох эрсдэлтэй тулгардаг. Судлаачдын тэмдэглэснээр жил бүр нэг га талбайгаас 30-50 тонн үржил шимтэй хэсэг нь салхинд туугдаж элэгдэж байдаг байна. Нэг см зузаантай үржил шимтэй хөрс үүсэх биологийн үйл явцыг 100 жил байдгийг тооцоолон гаргасан байна.Манхай улс төв азийн хуурай өндөрлөгийн эрс тэс уур амьсгалтай бүс нутагт байрладаг нь хөрсний чийг болон үржил шимийг хамгаалах дэвшилтэт технологи хэрэглэхийг байнга шаардаж байдаг юм.
/МҮОНТВ/
Энэхүү зөвлөгөөнөөр олон улсын болон дотоодын судлаачид байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай монгол орны хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах арга зам, технологийн талаар харилцан туршлага солилцож, тариалалтын технологийг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах юм байна. Түүнчлэн хөрс хамгааллын талаар салбарын судлаачид, мэргэжилтнүүд нэгдсэн ойлголттой болж, шийдвэр гаргахад уг зөвлөмжийг анхаарах, энэхүү мэдлэг, мэдээллийг орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй тариаланчдад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.