Монгол Улс угтан хөгжүүлэх бодлогоор богино хугацаанд үйлдвэрлэл, технологийн хоцрогдлоо нөхөх хэрэгтэй
Аж үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
2015.11.18

Монгол Улс угтан хөгжүүлэх бодлогоор богино хугацаанд үйлдвэрлэл, технологийн хоцрогдлоо нөхөх хэрэгтэй

Шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн салбар зэрэг хөгжих, харилцан уялдаатай ажиллахын ач холбогдол?

ШУ болон үйлдвэрлэлийн салбар зэрэг хөгжиж байж баялгийг бий болгодог. Түүнээс аль нэг салбар хөгжих нь тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахгүй. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчид ШУ, технологийн ажилд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Нөгөө талаас ШУ-ны салбарынхан судалгааны чиглэлээ илүү зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах хэрэгтэй. Ингэснээр өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн бий болж, түүнээс олох ашиг нь ч нэмэгдэнэ. Судалгаа хөгжүүлэлтэнд (R&D) оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж нь дунджаар 30 хувь байдгийг судлаачид тогтоосон. Энэ бол өндөр хувь. 

Манай улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжих хэрэгтэй. Хүн ам цөөн манай улсын хувьд хөдөлмөрийн багтаамж өндөр бус технологи, оюуны багтаамж өндөртэй бүтээгдэхүүн гаргавал өрсөлдөх чадвартай байх болно.

"Олборлож буй уул уурхай, ХАА–н түүхий эдийг боловсруулж, мэдлэг шингээн, эцсийн бүтээгдэхүүн экспортлох нь чухал байна."

Нэг судалгаа дурдахад, Монгол улсын олборлох салбарын бүтээгдэхүүн гаргалтыг 1 хувиар нэмэгдүүлэхэд ДНБ 0.3 хувиар өсч, харин боловсруулах салбарыг мөн адил 1 хувиар нэмэгдүүлэхэд ДНБ 0.6 хувиар өсч байгаа тооцоог манай эрдэмтэд гаргасан. Хэдийгээр энэ тоо бусад улс оронтой харьцуулахад ДНБ–д үзүүлж буй нөлөөлөл бага байгаа хэдий ч аль салбартаа илүү анхаарах ёстойг тод харуулж байна.  

Үйлдвэрлэлийг ШУ-тай холбоход аж үйлдвэрийн бодлого чиглэж байгаа юу?

Аж үйлдвэрийн бодлого нь ХАА-н гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгож, аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэхэд чиглэж байна. Иймээс ШУТ-ын салбартай зайлшгүй хамтрах шаардлагатай.

Тухайлбал, Аж үйлдвэрийн бодлогыг төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан судалгаа, хөгжлийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг төрөөс урамшуулах, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх гэх мэт маш тодорхой, зорилт чиглэл тусгагдсан.

Аж үйлдвэрийн яамнаас "Үйлдвэрлэлийг дэмжих хууль"-ийг батлуулсан. Энэ хуулийн тухайд?  

Энэ хуулинд үйлдвэрлэл эрхлэгч нар маш таатай хандаж байна. Хуулийн зорилго нь өөрөө мэдлэг, үнэ цэнэ шингээсэн импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн. Хуулинд гурван төрлийн дэмжлэгийг тусгасан.

Нэгдүгээрт, хүүгийн зөрүү олгох

Хоёрдугаарт, судалгаа хөгжлийн зардлын тодорхой хувийг олгох

Гуравдугаарт, факторинг үйлчилгээг үзүүлэх

Эдгээр дэмжлэгээс онцлон, хоёр дахь дэмжлэгийг манай ШУ-ны салбарынхан маш соргогоор мэдэрч, үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах хэрэгтэй. 

"Үйлдвэрлэлийг дэмжих хууль"-ийг дагалдан, "Худалдан авалтын тухай", "НӨАТ-ын тухай", "Тусгай сангийн тухай", "Технологи дамжуулах тухай" хууль болон "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ийн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бүгдэд нь үйлдвэрлэгчээ дэмжсэн чухал өөрчлөлт орсон.

Үүнээс би "Худалдан авалтын тухай" хуулийн өөрчлөлтийг онцолмоор байна. Учир нь энэ хуулийн өөрчлөлтөөр стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг төр өөрөө худалдаж авдаг байх зохицуулалтыг оруулж өгсөн. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлийн борлуулалтыг дэмжсэн чухал зохицуулалтыг бид шийдсэн. 

ШУ-ны салбараас өнөөдөр үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой судалгааны үр дүн, технологи гарч чадаж байна уу? 

Манай эрдэмтэн судлаачдын тухайд гаргасан бүтээл нь харилцан адилгүй үйлдвэрлэлд нэвтэрч, ашиг тусаа өгсөн. Өнөөдөр Монгол улсын ШУ, технологийн салбар сайн хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь санхүүжилт гэж манай ихэнх судлаач ярьдаг. Мэдээж энэ салбарт зарцуулж буй зардал ДНБ-ийн дөнгөж 0.27 хувийг эзэлж байгаа нь олон улстай харьцуулахад маш бага зардал. Гэхдээ бид учир шалтгааныг нь өрөөлд тохох бус өөрсдөөсөө хайх хэрэгтэй. ШУ, технологийн бодлогын түлхүүр үзүүлэлт нь санхүүжилт гэхээсээ илүү инновацийн эрэлтийг мэдрэх, түүнд нийцсэн мэдлэг буй болгох асуудал юм.

"Зах зээл, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн эрэлтэнд нийцсэн мэдлэг бүтээж байж, түүнийгээ арилжаалж санхүүжилт босгох боломжтой." 

Үйлдвэрлэлд ямар технологийг нэвтрүүлээд, яаж ашигтай ажиллав?Тодорхой жишээ дурдаач?

"Дархан нэхий" ХК-ийн тухайд тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийснээр нийт борлуулалтын 34%-ийг экспортолж байсан бол 2015 онд 56% болж өссөн байх жишээтэй.

"Монхимо" ХХК нь Монгол адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэлээ Солонгосын зах зээл дээр гаргаж, Монос групп "Нефромон" бөөр хамгаалах бэлдмэлээ ОХУ-ын зах зээлд борлуулж эхэлсэн гээд мэдлэгээ баялаг болгож чадсан олон жишээг дурдаж болно.

МУ-д хөгжих боломжтой өндөр технологийн бүтээгдэхүүн гэвэл эм, биотехнологийн салбар. Үүнээс гадна уул уурхай, арьс шир, ноос ноолуурын салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөөс улам дэмжих ёстой.

Өнөөдөр 1 ширхэг үхрийн шир 35000 төгрөгөөр борлуулагдаж байна. Түүнд технологи шингээн, гүйцэд боловсруулбал өртөг нь 2.5 дахин буюу 87500 төгрөгөөр борлуулах боломжтой. Цаашлаад эцсийн бүтээгдэхүүн хийн, 4 ширхэг цүнх болгоод зарвал багадаа 400000 төгрөгөөр зарагдаж байна. Үүний цаана орлого нэмэгдэнэ, ажлын байр бий болно гээд нийгэмд олон эерэг үр дүн авчирдаг. Ийм хөгжлийн концепцид бид шилжихийг хүсээд байгаа юм.

Үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэхдээ олон улсад шалгарсан шилдэг технологиудыг нутагшуулах бодлого барьж байна уу? Эсвэл...?

Монгол улсад мэдлэг, технологи бий болгох чиглэлд төр, хувийн хэвшлийн 61 судалгааны хүрээлэн, 15 их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг ажиллаж байна. Үүнээс гадна гарааны олон технологийн компаниуд төрж байгаа нь маш зөв хандлага юм. Ер нь Монгол улс угтан хөгжүүлэх бодлогоор богино хугацаанд үйлдвэрлэл, технологийн хоцрогдлоо нөхөх хэрэгтэй. 

"Нэг талаас, олон улсад шалгарсан технологийг нутагшуулах нь хөгжлийн хугацааг богиносгох давуу талтай. Нөгөө талаас, үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжилд монгол оюун ухаан, мэдлэг шингэсэн монгол брэнд, технологи бий болгох хэрэгтэй."

Таны бодлоор мэдлэг, технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх нь зүйтэй вэ?

Мэдлэг, технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эдийн засаг үйлдвэржилт, боловсрол, хүний нөөц, шинжлэх ухаан, технологийн бодлого хоорондоо уялдаж, нэгдсэн зорилготой байх шаардлагатай байдаг.

Бид мэдлэг, технологид суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой байгаа бол энэ гурван хүчин зүйлийг зэрэг авч үзэх шаардлагатай.

Саяхан бид "Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого", "Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-уудаа баталсан. Одоо "Төрөөс ШУ, технологийн талаар баримтлах бодлого" нь яригдаж байна. Энэ гурван бодлого хоорондоо уялдах нь маш чухал.

Бид энэ бодлогын баримт бичгүүдээ хэрхэн уялдуулах, цаашид яаж хэрэгжүүлэх талаар тал талаасаа сууж төлөвлөгөөгөө боловсруулан ажиллах хэрэгтэй байна. Иймээс Монголын залуу эрдэмтдийн холбоо, БСШУЯ, АҮЯ хамтран “Шинжлэх ухаан ба Үйлдвэрлэл” үндэсний чуулганыг 11-р сард зохион байгуулсан.

"Чуулганы гол зорилго нь Монгол улсын үйлдвэрлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээ, боловсролын салбарын одоогийн чадавхийг хэрхэн уялдуулах, хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх вэ гэсэн асуултад хариулт өгөхөд чиглэгдсэн."

Чуулганаас бид эдгээрийн асуултын хариуг тусгасан тайлан, зөвлөмжийг гаргасан. Үүнийгээ Монголын залуу эрдэмтэн судлаачид өөрсдөө голлон ажлын хэсэг байгуулж, БСШУЯ, АҮЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Ярилцахад таатай байлаа. Таны ажилд амжилт хүсье.