Аж үйлдвэр дөрвөн хувиар буурчээ
Баруун аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттэй авто-замаар холбох ажил үргэлжилж байна. Тухайлбал Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас Алтай чиглэлийн 126.7 километрийн замын зураг төсөл гарч, газар шорооны ажлаа эхлүүлжээ. Харин Алтай-Дарви чиглэлийн 165 километр замын хөрс шорооны ажил жигдэрч, далан байгуулах, өнгөн хөрсийг хуулж, нягтруулах ажил үргэлжилж байна. 2017 он гэхэд Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоно гэдгийг Аж үйлдвэрийн яамнаас онцоллоо.
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolia Energy Corporation" 3.6 сая ширхэг нэмэлт хувьцаа гаргаж, Хөшөөтийн уурхайн олборлолтыг хариуцаж байгаа гэрээлэгч компанийн 463 мянган ам.долларын төлбөрийг дахин барагдууллаа. Сүүлийн байдлаар олборлолт хариуцсан компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа төдийгүй цаашдын төлбөрийг мөн хувьцаагаар барагдуулж магадгүй байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны эхний найман сард дөрвөн хувиар буурч, 5.5 их наяд төгрөг болжээ. Үүнээс уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл саарсан байна. Тухайлбал уул уурхай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс орж ирэх орлого өмнөх оныхоос 7.2 хувиар буурч, 3.6 их наяд болсон аж.
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал Улаанбаатар хотноо өндөрлөлөө. Хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч оролцжээ.
2015 оны наймдугаар сард Салхит салхин цахилгаан станц 10.8 сая квт.цаг цахилгаан боловсруулж, нийлүүлжээ.