2015.07.23

Ченж хэр шударга байх нь хамгийн чухал

Өнөөдөр аль ч салбарт Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд борлуулалтын асуудал хамгийн толгой гашилгасан асуудал болоод байна. Борлуулалтыг нэмж, зах зээлийг тэлэх арга замын талаар Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны тэргүүн Г.Даваадоржтой ярилцлаа. 

Манайх шиг жижиг зах зээлд борлуулалтаа яаж тогтвортой өсгөх боломжтой вэ?

Бизнес эрхэлж буй хүн өөрөө зах зээлийнхээ баримжааг мэддэг байх ёстой. Манайханд нэг том дутагдал бий. Жишээ нь энэ жил төмс тарих ашигтай гэж дуулангуутаа бүгд төмс тарьж эхэлдэг. Гэтэл нь намар төмс илүүдээд борлохоо больчихдог. Дараа жил нь төмс биш бүгдээрээ лууван тариад эхэлдэг. Энэ мэтээр ямар ч баримжаагүй бизнес хийдэг. Угтаа чи төмс тарьж байвал би лууван тарих хэрэгтэй. Тиймээс бизнесмен хүн эхлээд юуг, хичнээн хэмжээтэй үйлдвэрлэх ёстой вэ гэдгээ өөрөө тодорхойлох хэрэгтэй. Аймгийн төв дээр 10 мянган гутал хийх төхөөрөмжөөр яах юм бэ?

Гэхдээ жижиг дунд бизнес эрхлэгчдэд тэр болгон зах зээлээ судлах боломж байдаггүй шүү дээ?

Төрийн байгууллагууд мэдээллийг маш сайн хүргэдэг байх хэрэгтэй. Мэдээлэл нээлттэй байх ёстой. Энэ бол Засаг дарга нарын санаачлах, хийх ёстой ажил. Жишээ нь манай суманд төдий хэмжээний төмс хэрэгтэй байна, төдий хэмжээний лууван илүүдэлтэй байна, өөр зах зээлийг сонгоорой гэх зэрэг мэдээллийг ААН-үүдэд байнга хүргэдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл цахим, цаасан болон аман мэдээллийн сүлжээтэй болох хэрэгтэй.

Манай улс гаалийн татвараа өндөрсгөж, импортын хатуу бодлогоор дотоодын бүтээгдэхүүнээ хамгаалахад юу саад болоод байна вэ?

Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон учраас хүлээсэн үүрэг гэж бий. Үүний дагуу дотооддоо хомсдолтой байгаа бүтээгдэхүүний гаалийн татварыг 15 хувиас илүү нэмж болохгүй, хэрэв дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг бол 25 хувь хүртэл нэмж болно. Өөрөөр хэлбэл гаднаас огт авахгүй гэсэн зүйл байж болохгүй.

Үндэсний хатуу стандартаар дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж болдог. 

Харин стандарт зохиох замаар хатуу бодлого явуулдаг арга бий. Жишээ нь Европын холбоо “Евростандарт” хэмээх маш хатуу стандарт гаргасан. Америкчууд ­Европын холбоонд мах нийлүүлж чадахааргүй тийм хатуу стандарт. Жишээ нь хонины мах байлаа гэж бодоход хэний хонь болох, нядалгаа хийхээс өмнө ямар эмчилгээ хийсэн, ямар газарт нядалсан, чухам аль хэсгийн мах гэх мэт бүх мэдээллийг шаарддаг. Зураасан кодыг нь уншуулахад тэр мэдээлэл гарч ирдэг байх ёстой. Европын холбоо Монголоос зөвхөн өлөн гэдэг авдаг.

Ийм байдлаар үндэсний хатуу стандартаар дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж болдог. Ийм стандарттай байхад ямар ч олон улсын байгууллага юу ч хэлж чадахгүй.

Төрийн зүгээс ЖДҮ эрхлэгчдийг борлуулалтаар нь дэмжиж төрийн байгууллагууд хангамжаа зөвхөн дотоодоосоо авдаг практик дэлхийд бий. Манай Засгийн газар ч гэсэн тийм тогтоол гаргасан. Энэ яагаад хэрэгжихгүй байна вэ?

Намайг яаманд ажиллаж байхад цэргийн ангиуд, ясли, цэцэрлэгийн, дунд сургуулийн дотуур байрууд, эмнэлгийнхэн дотоодоосоо хангамжаа авч байхаар төсвийг нь хувиарладаг байсан. Гэхдээ мэдээж тендерийн зарчмаар. Одоо байдал ямар байгааг сайн мэдэхгүй байна. Ер нь дотоодоосоо хангах ёстой. Хил ойрхон, хямдхан учраас Хятадаас авах нь илүү болчихоод байна.

Хоршооны гишүүн болчихоор хөрөнгийн эрх мэдлээ алдчихна гэж айдаг.

Үр дүнтэй борлуулалт явуулах өөр нэг арга нь хоршооллын зарчим. Өнөөдөр кластерын зарчим гэж нэрлээд байгаа. Япон улсад ЖДҮ эрхлэгчид бүгдээрээ ямар нэгэн хоршоонд харъяалагддаг. Гэхдээ социализмд байсан шиг нийгэмчилсэн хоршоо биш, зөвхөн үйл ажиллагааны хоршоо. Тэнд хоршоонууд гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах үүрэг хүлээдэг. Манайх шиг үйлдвэрлэгч өөрөө борлуулалтын асуудалд оролцдоггүй. Жишээ нь тракторынх нь үйлдвэр дээр очоод ямар үнэтэйг нь асуухад үйлдвэрлэгч өөрөө мэдэхгүй байх жишээтэй. Хоршооны удирдлага борлуулалт, захиалга хариуцдаг.  

Монголд мөрдөгдөж буй хоршооны хууль Японтой адил эрх зүйн орчинг бий болгож чадаж байна уу?

Япон шиг ажиллах боломж бий. Бидэнд өөрсдийн санаачлага дутагдаад байна. Хоршоо гэхээр хүмүүс социализмын үе шиг бодоод байдаг. Хоршооны гишүүн болчихоор хөрөнгийн эрх мэдлээ алдчихна гэж айдаг. Манайх зах зээлд шилжээд удаагүй. Зөв хандлага төлөвшихөд хугацаа орно.  

Хоршооны давуу тал нь хэзээ ч алдагдалтай ажилладаггүй, ашиг гарвал гишүүддээ шууд хувиарладаг.

Ер нь ченжгүй борлуулалт хийх боломж бий юу?

Ченжгүй улс гэж байдаггүй. Харин ченж хэр зэрэг шударга байх вэ гэдэг нь чухал.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд санхүүгийн эх үүсвэр маш чухал. Манай банк санхүүгийн тогтолцоо ЖДҮ эрхлэгчдэд хэр ээлтэй вэ? 

Жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг бид 1996 оноос Үндэсний хөгжлийн газар гэж байхаас ярьж эхэлсэн. Ч.Улаан тэр үед Үндэсний хөгжлийн газрын дарга бөгөөд Монгол улсын сайд нэртэй ажиллаж байсан. Хэсэг хүмүүс Герман, Англи улсад жижиг, дунд бизнесийн туршлага судлаад ирсэн. Үр дүнд нь аль ч улсад жижиг, дунд бизнест зээл өгөх дуртай арилжааны банк гэж байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс хоёр янзын аргаар санхүүжилтыг шийддэг. Нэгдүгээрт тухайн үйлдвэрийн дампуурах эсэхийг төр хариуцна гээд Засгийн газар баталгаа гаргадаг нэг хувилбар. Хоёрдугаарт зээлийн хүүгийн нэг хэсгийг нь Засгийн газар батлан даадаг арга зам байдаг.

Ийм аргууд байдгийг мэдээд бид эргэж ирээд ХАА эрхэлдэг ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгуулахаар Засгийн газраар тогтоол гаргуулсан. Гэтэл удалгүй Азийн хөгжлийн банкнаас зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хаасан, дотоодын үйлдвэрлэгчдэд хэтэрхий давуу тал олгож байна гэсэн шахалт ирсэн. Тэгээд ганц хоёрхон сарын зээлийн хүүг нь төлөөд зогсоосон. Тэр үед Монгол улс өнөөтэй харьцуулахад гадны хараат байсан.

Санхүүжилтыг шийдэх өөр нэгэн сайн арга бол даатгалын арга. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа даатгахад мөнгө нь хүрэлцдэггүй учраас банкнаас даатгалын мөнгөө зээлээд түүнийхээ үндсэн дээр зээл авдаг. Өөрөөр хэлбэл даатгалтай ААН-үүдэд банкууд зээл олгодог. Манай даатгалын хуулиар хохирлын 80 хувийг барагдуулдаг учраас банк зөвхөн 20 хувийн эрсдэл үүрч зээл олгож байна гэсэн үг.

Гэхдээ даатгалын компани нь өөрөө дампуурчихвал яах вэ гэсэн асуулт гарна. Дэлхийн практикт жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг даатгахдаа тухайн салбарын мэргэшсэн байгууллагаас зөвлөгөө авдаг. Тухайлбал гутлын үйлдвэрийг даатгахаар бол дампуурах эрсдэл хэр байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас асууж үнэлгээ гаргуулдаг.

Харамсалтай нь энэ арга өнөөг болтол манайд нэвтрээгүй байна. Учир нь даатгалын эрсдлийн үнэлгээ гаргачихаар мэргэжлийн байгууллагууд алга байна.