Жижиг, дунд бизнесийг татвараар дэмжих дэлхийн туршлага
2015.07.22

Жижиг, дунд бизнесийг татвараар дэмжих дэлхийн туршлага

Жижиг дунд бизнесийг (ЖДБ) татварын бодлогоор дэмжих олон улсын туршлагыг судлахын тулд АНУ, Их Британи, Франц гэсэн гурван улсын жишээг авч үзэхэд хангалттай. ЖДБ хөгжих үндсийн үндэс нь төрийн дэмжлэг байдаг. Төрийн дэмжлэгт гол үүргийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрүүд гүйцэтгэдэг. Дэмжих хэлбэр улс орон болгонд харилцан адилгүй ч татвараар дэмжих бодлого орон болгонд бий.   

АНУ нь судлаачдын үзэж буйгаар ЖДБ-ийг хөгжүүлсэн түвшингээр нэгдүгээрт ордог. Америкийн эдийн засагчид, эрдэмтэд хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөнд үндэслэсэн АНУ-ын эдийн засаг нь ЖДБ-ийг хөгжүүлэхгүйгээр өрсөлдөх чадвартай байж чадахгүй гэж үздэг.

АНУ-д ЖДБ-т зориулсан татварын тусгай бодлого гэж байхгүй. АНУ-д бүртгэлтэй ААН  болгон нягтлан бодох бүртгэлийн тооцоо явуулах үүрэгтэй. Гэхдээ АНУ-ын татварын тухай хууль тогтоомжид жижиг, дунд ААН-үүдийн нябо бүртгэлийн тооцоо явуулах, тайлан гаргах ажлыг хялбаршуулж өгсөн чухал заалтууд байдаг нь ЖДБ-ийн секторт хөрөнгө оруулахад дөхөм болдог.

АНУ-д ЖДБ-т чиглэсэн татварын дараах дэмжлэгүүд байдаг:

  1. Орлогын албан татварыг бага хувиар тогтоох. Хэрэв тухайн ААН жилд 50 000 долларын орлоготой бол 15%, 50-70 мянга бол 25%, 75 000 – 10 000 000 бол 34%, түүнээс дээш бол 35 хувийн орлогын албан татвар төлдөг.
  2. ЖДБ эрхлэгчид хөрөнгийн өсөлтөд ногдуулдаг татвараас чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл зөвхөн “мэргэшсэн жижиг, дунд ААН-үүдийн” хувьцаанаас олсон орлогод татвар ногдуулдаг. Мэргэшсэн гэдэг нь 50 000 000 доллараас бага хөрөнгөтэй ААН юм. Гэхдээ ийм ААН банк санхүү, даатгал, зураг төсөл, хууль эрх зүй, нябо бүртгэл  эсвэл зөвлөгөө, нефть, байгалийн хийн олборлолт, зочид буудал, рестораны бизнес эрхэлдэг байж болохгүй.

Харин Франц улсад ЖДБ-ийн татварын тусгай бодлого үйлчилдэг. ЖДБ эрхлэгчид илүү энгийн системээр татвар төлдөг бөгөөд энэ нь татвар төлөгчийн хөрөнгийн эргэлтээс хамаардаг. Энэ ангилалд дараах төрлийн ААН-үүд хамаарна.

-          НӨАТ тооцохгүйгээр 500 мянган франкийн дотор худалдаа хийдэг бизнесмен,

-          НӨАТ тооцохгүйгээр 175 мянган франкийн дотор үйлчилгээ, арилжааны бус үйл ажиллагаа эрхэлдэг бизнесмен.

Түүнчлэн ЖДБ эрхлэгчид маш хялбар системээр ашигаа тайлагнаж, татвараа төлдөг. Энэ хөнгөлөлтөд дараах ААН-үүд хамаарна.

  1. Хувийн орлогын албан татвар, эсвэр ашигийн татвар төлөх татвар төлөгчид,
  2. Жилийн эргэлт нь доор заасан хэмжээнээс хэтрэхгүй татвар төлөгчид:

-          Худалдааны эргэлтээс олсон орлого нь 500 000 – 5 000 000 франк,

-          Үйлчилгээ эсвэл арилжааны бус үйл ажиллагаанаас олсон орлого нь 175 000 – 1 500 000 франк.

Их Британий хувьд бизнесийн жижиг, дунд гэсэн ангилал байхгүй. Ийм ААН-үүд бусад бүх татвар төлөгчдийн адил үүрэг хүлээдэг ч зарим нэг онцлог бий. Тухайлбал тайлан гаргахад нь хөнгөн шалгуур тавьдаг. Их Британий хуулийн дагуу 15 000 фунт стирлэнгээс бага орлоготой ААН-үүд өөрсдийн хөрөнгө, үйл ажиллагааныхаа талаар тодорхой тайлагнахгүйгээр татварын энгийн баримтыг бөглөх эрхтэй.

Мөн татварын жилийн өр нь 500 фунтаас бага бол урьдчилгаа төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Их Британий татварын тогтолцоонд тодорхой хугацаанд хэрэгждэг татварын түр зуурын хөнгөлөлт байдаг. Жишээ нь 2003 оныг хүртэл компьютер, харилцаа холбооны орчин үеийн хэрэгсэл, програм хангамж зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн авсан ЖДҮ-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлж байв.

2000 онд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, турших, зохион бүтээх ажилд татварын хямдрал олгодог болжээ. Гол зорилго нь энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэх.

Дээр дурьдсан дэмжлэгийн хэлбэрүүд нь Их Британид байдаг татварын хөнгөлөлтүүдийн зөвхөн нэг хэсэг нь юм.