Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
2015.10.19

“Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн жилээс жилд нэмэгдэх болтугай

“Монголд  үйлдвэрлэв –Аж үйлдвэрийн чуулган-2015” боллоо. Монгол Улс Аж үйлдвэрийн яамтай болж, төрөөс аж үйлдвэрийг дэмжих бодлоготой болж, дагалдах журам, дүрмийг баталсны дараа ийнхүү олон улсын чуулган зохион байгуулж байгаа нь үр дүнтэй, цагаа олсон ажил байлаа.

Энэхүү чуулганд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Сангийн сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, эдийн засагч Д.Содном , УИХ-ын гишүүн, эдийн засагч Р.Амаржаргал , Д.Ганхуяг, Ц.Сэдваанчиг , Аж үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, “Жайка”-н хувийн хэвшил хөгжүүлэх салбарын Зөвлөх Гаку Фунабаши ,“Азийн Хөгжлийн Банк”-ны Зүүн Азийн газрын Ахлах байгалийн нөөцийн эдийн засагч Такэши Үэда, “Дэлхийн банк”-ны Ахлах дэд бүтцийн шинжээч Хаири Ал-Жамал,  “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, эдийн засагч Да.Ганболд, “Буян” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Дархан нэхий” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Батсайхан гэх  мэт нэр хүндтэй олон төлөөлөгч оролцсон юм. Ингээд чуулганд оролцож буй төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо. 

Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох

 Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох

-Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаасаа хойш анх удаа энэхүү олон улсын форумыг зохион байгуулж байна. Чуулганы ач холбогдол үр дүнг юу гэж харж байна?

-Монгол Улс анх удаа урт хугацааны аж үйлдвэрийн бодлоготой болсоноор 2030 он хүртэл стратеги төлөвлөлт, замын зураглал ойлгомжтой гарсан байгаа. Мэдээж энэ урт хугацааны бодлогоо дунд хугацааны нарийвчилсан бодлогоор илүү тодорхой болгож өгсөн. Саяхан таван жилийн хугацаанд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг гаргаж батлууллаа.

Үндсэндээ эрх зүйн орчны зохицуулалтаа хийсэн. Энэ эрх зүйн орчин цаашаа хэрхэн хэрэгжих вэ гэдэг дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод олон улсын донор байгууллагууд ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэхэд чуулганы үндсэн зорилго оршиж байгаа юм.

Энэ чуулганаас гадна хөрөнгө оруулалтын олон механизмыг хийхээр Аж үйлдвэрийн яам ажиллаж байна. Зөвхөн зээл гэхээс гадна санхүүгийн түрээс, батлан даалт, хүүгийн зөрүү зэрэг санхүүгийн олон дэмжлэгүүдийг эхнээс нь үзүүлж байна. Үүнийгээ цаашид илүү хүртээмжтэй явуулах тал дээр юу хийвэл зохилтой вэ гэдэг шийдэл энэхүү форумаас гарах байх. Түүнээс гадна технологи, хүний нөөцийн асуудал гэдэг бас нэг чухал сэдэв. Энэ хоёр байхгүй бол аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжгүй. Тиймээс хүний нөөц хаана байна, технологио хэрхэн хөгжүүлэх вэ гэхчлэн олон асуудлыг энэхүү форумаас шийдвэрлэх боломжтой.

-Масс агентлаг "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнд үндэсний үйлдвэрлэгч олон байгууллага хамрагдсан. Тэдний бас нэг сонирхон харж байгаа зүйл бол Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжил яг ямар салбараа түшиглэх бол гэсэн асуудал байгаа?

-Мэдээж уламжлалт мал аж ахуйгаа хэзээ ч орхигдуулахгүй. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, түүний дотор арьс шир, ноос ноолуурыг хэрхэн эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэдэг талаасаа аж үйлдвэрийн яамны бодлого чиглэж байгаа. Тийм ч учраас гол түүхий эд бий болгож байгаа малчидтайгаа нэлээд сайн ойлголцож ажиллах хэрэгтэй. Малчдаас авч буй түүхий эддээ хэрхэн үнэ цэнийг шингээх вэ гэдэг бол үйлдвэрлэлийн чухал асуудлын нэг юм. Тэгэхээр үүнийг бид сум аймаг бүсийн түвшинд нь бодлого дээрээ нарийвчилж гаргаж байгаа. Тийм ч учраас аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүс гэсэн томоохон ажлын хүрээнд нийт 27 бүсэд хуваасан байгаа. Тухайн бүс болон үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл нь харилцан адилгүй учраас өөр өөрийн чиглэлээрээ тухайн орон нутгийн хөгжих гарц тодорхойлогдоно. 

"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр

"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр

-Бид “Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл” хэрэгжүүлээд арван сар болж байна. Энэ хугацаанд монгол орны 21 аймгийг хоёр дахиа тойрч, өнөөдрийн байдлаар бид 600 гаруй нэгж байгууллага дээр очиж биечлэн танилцаад байна. Үүн дотор нутаг, нутгийн маш олон брэнд бүтээгдэхүүнүүдийг нээн олон нийтэд танилцуулсан. Тэдгээр брэндүүдийг дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй. Үүний тулд олон улсын стандарт, судалгаа шинжилгээ хэрэгтэй байна. Жишээ нь дархлаа сайжруулдаг нутаг нутгийн олон төрлийн ургамал бүхий цайнууд байдаг юм байна.

Дорноговь аймгийн Сайн-Шанд суманд Должин эмээ нутагтаа ургадаг загасгал гэж ургамлыг нүдэж хатаагаад цай хийдэг. Тэр нь элэгний өөрчлөлтөнд маш сайн гэж ярьж байна. Гэтэл тэрнийг ямар нэг байдлаар тонголдоо ч юмуу эсвэл бодлогоор гадаадын эрдэм шинжилгээний байгууллагаар шинжлүүлж судлаад, үнэхээр тийм сайн бүтээгдэхүүн мөн үү гэдгийг албан ёсоор баталгаажуулах хэрэгтэй байна.

Тэгж байж өнөөх бүтээгдэхүүнийг албан ёсоор экспортлох боломжтой болно. Дэлхий дахин экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэж байгаа энэ цаг үед бидэнд байгаа энэ баялагаа олон улсын стандартын дагуу боловсруулж гаргавал борлогдохгүй байх нөхцөл байхгүй.

Гэтэл дэлхийн улс орнууд яг энэ асуудал дээр маш их цаг, хугацаа, хүч хөрөнгө зарж байна. Саяхан манай төслийн баг Японы Нагова мужид ажиллаад баялаг бүтээгчидтэй уулзаж, тэдний туршлагаас суралцаад ирлээ. Тэнд Датан Субан гэж нэгэн төрлийн буудай байна. Тэрхүү буудайг анх тариулсан хүн нь 11 жил судалгаа хийж байгаа талаараа бидэнд ярьсан.

Эхний гурван жил тэр хүн ганцхан даралт буулгах шидтэй гэдгийг олж мэдсэн байна. Тэгээд цай хийж зарах явцдаа үе мөчинд сайн гэдгийг нь олж тогтоосон байна. Тэгээд өнөөх буудайгаараа гурил хийж өдөр тутмын хоолонд хийх бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн нь өнөөдөр маш их эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан. Энэ бол тэр хүний нөр их хөдөлмөр байж болох ч япончууд зөвхөн сайн гэсэн үгнээс илүүтэй  тэрхүү судалгааны үр дүн нь нотолгоо болон сурталчилгаа болсон байна.

Одоо тэр буудайгаар хийсэн бүтээгдэхүүн болон  буудай өөрөө тэр мужийн брэнд. Зөвхөн тэр нутагт тариалсаныг идэх гэж япончууд өөрсдөө очдог болсон. Тэгэхээр үйлдвэрлэж болж байна. Эрэл, хайгуул хийж байна. Гагцхүү тэдний бүтээгдэхүүний стандартыг олон улстай зохицох эсэхийг судлах боломжийг олго, институтыг бүтээ, сав баглаа боодлыг нь хүртэл зөвлө. Үүний дараа бол харин дэлхийн зах заал нээлттэй. Тэгэхдээ үйлдвэрлэгч өөрөө хийх ёстой гэж бодож болно. Үүний тулд эхлээд хэрхэн хийх гарцыг нь харуулах хэрэгтэй. Харин тэрний дараа бүгд стандартын дагуу хийх болно.

Энэ мэтчилэн хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж байхад тэдэнд гадагшаа гарах гэсэн хүсэл их байгаа ч тэр нь өнөөгийн биш, хэтийн зорилго нь заримд нь бүр хэтийдсэн зорилго болсон байх жишээтэй. Учир нь тэдэнд энэ гарц харагдахгүй байгаа юм.

Мөн тэнд технологийн шинэчлэл хийж бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, боловсон хүчнийх нь ур чадварыг нэмэгдүүлэх, сав баглаа боодлыг нь шинэчлэх шаардлага байна. Энэ бүхнээс гадна хамгийн гол нь гаргах зах зээлээ судлах, холбоо харилцаа тогтоох шаардлага байна. Үүнд нь л төр оновчтой, шуурхай, үр дүнтэй шат дамжлага бий болгож дэмжиж өгмөөр байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

-Юуны өмнө Аж үйлдвэрийн яамтай болж төрөөс баримтлах баримт бичигтэй боллоо. Өнөөдөр мөн Олон улсын чуулган зохион байгуулж байна. Ач холбогдлыг нь та хэрхэн харж байна?

-Монгол Улс Аж үйлдвэрийн яамтай болж, үйлдвэрлэлийг дэмжих хуультай болсон. Монгол Улс өөрөө жижиг зах зээлтэй учраас үйлдвэрлэлийг дэмжихийн тулд юуны өмнө экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

-Хөрөнгө оруулалт сүүлийн үед нэлээд зогсонги байдалд ороод байгаа. Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсанаар хөрөнгө оруулагчид нэмэгдэх боломжтой болов уу?

-Манай улс угаасаа цөөхөн төрлийн экспортын бүтээгдэхүүнтэй. Түүний 90 орчим хувийг эрдэс баялгийн экспорт эзэлдэг. Түүнээс гадна нэг зах зээлээс буюу БНХАУ-аас мөн л 90 гаруй хувийн хамааралтай. Энэ нь өөрөө их анхаарал татсан асуудал. Олон улсын хөрөнгө оруулагчид ирж байна гэдэг хоорондоо уулзаж мэдээлэл солилцоно гэсэн үг. Тиймээс зарим нэг төсөлд хамтран ажиллах шийдвэр гарах байхаа гэж харж байгаа.

Түүнээс гадна Монгол Улсын тухайд АНУ болон Европын холбоотой хөнгөлөлттэй гаалийн татвараар зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээтэй ч үүнийгээ төдийлөн ашиглаж чадахгүй байгаа. Хөгжилтэй орнуудын туршлагаас харж байхад хөрөнгө оруулалтыг татах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан бүтцийг гадаадад яаралтай ажиллуулах шаардлагатай байна.

Мөн Ази, Европын дунд оршдог ашигтай байршилтай учраас агаарын тээвэр хөгжих боломжтой. Тиймээс ирэх 2017 онд шинэ онгоцны буудал ашиглалтад ороход худалдаа үйлчилгээний чөлөөт бүс байгуулах шаардлагтай юм болов уу гэж харж байна.

Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан

Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан

-Аж үйлдвэрийн яамтай хамтран олон улсын чуулган зохион байгуулж байна. Манай улсын хувьд аж үйлдвэрийн салбар хөгжихөд арьс ширний үйлдвэрийн хөгжил салшгүй холбоотой. Арьс ширний үйлдвэрүүд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс ямар дэмжлэг шаардлагатай байдаг вэ?

-Төрөөс арьс ширний салбарт эргэлтийн хөрөнгийн байнгын зээлийг өгчихсөн байгаа. Юуны өмнө дотоодын зах зээлийг хамгаалах нэлээд сайн хууль хэрэгтэй байна. Бид эхлээд дотоодын зах зээлдээ том тоглогч байж гадагшаа экспортлогч болох боломжтой. Өнөөдөр гэхэд энэ аж үйлдвэрийн олон улсын форумын төлөөлөгчдөд тараагдсан цүнх бол монгол арьсаар монгол дизайнерийн ур ухаан, монгол оёдолчны хүч хөдөлмөр шингэж хийгдсэн бүтээгдэхүүн.

 Тийм учраас хийж чадаж байна. Харин цаашдаа илүү чанартай, загвартай, хаана, хэнд ч гологдохгүй бүтээгдэхүүн хийхийн тулд бид нэгдэх ёстой. Аж үйлдвэрийн хувьд дэндүү их жижиглэж нэг хэсэг явлаа. Жижиг дунд үйлдвэрлэл гэж хэт их санаа тавьсанаас хүн бүр л жижиг цех салбарууд байгуулсан ч тэд маань бас нэг их дорвитой хөгжиж чадахгүй байна.

Хөгжиж, гадагшаа бүтээгдэхүүнээ гаргахын тулд нэгдэх хэрэгтэй. Нэгдэхийн тулд илүү их бодлого хэрэгтэй байна. Бид арьс ширэн бараа бүтээгдэхүүн түүний дотор гутал, цүнх гэх мэтийн бүтээгдэхүүн дээр маш их хэмжээний мөнгийг гадагшаа алдаж байна. Тэр алдагдаад байгаа мөнгийг эх орондоо үлдээхийн тулд тур бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, үүний дараа бид гадагшаа илүү сайн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг гаргах боломжтой. Үүн дээр л илүү сайн ажиллаасай гэж бодож байна.

Түүнээс гадна би бүсчилсэн хөгжлийн тал дээр санал нэгтэй байдаггүй. Өнөөдөр нийслэлд боловсруулах үйлдвэр хангалттай байна. Түүнийг заавал зүүн, баруун, төвийн бүсэд байгуулах шаардлагагүй. Түүнийхээ оронд гүн боловсруулах тал дээр илүү их сайн ажиллах хэрэгтэй.

Сая аж үйлдвэрийн яам үүн дээр нэлээд дорвитой алхам хийж, гүн боловсруулаад экспортловол нэмүү өртөг тэг байж, харин хагас боловсруулаад экспортловол нэмүү өртөгтэй байхаар зохицуулсан. Одоо гагцхүү хэрэгжүүлэгч агентлагууд болох татвар, гааль, сангийн яам үйл ажиллагаагаа яаралтай эхлүүлж, энэ талынхаа мэдээллийг илүү их тараах хэрэгтэй. 

“Монголд үйлдвэрлэв –Аж үйлдвэрийн чуулган-2015”

Чуулга уулзалт дөрвөн хэсэг бүхий уулзалтаар үргэлжилж байна. Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүд, Экспортын чиг баримтаатай үйлдвэрлэл, Худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих нь- Хүндрэл ба аж үйлдвэрийн салбарын технологи ба хүний нөөц, Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах боломж хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга гэсэн сэдвээр салбар хороод  хуралдаж байна. Цар хүрээ, үр дүн арвинтай чуулганд олон улсын төлөөлөгчид олноор ирснээс гадна Масс  агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөлд хамрагдсан баялаг бүтээгч олон иргэн оролцсон.

Энэ нь чуулганд оролцож буй зочид төлөөлөгчид бодит байдалд ямар бэрхшээл байдаг, ямар бодлого баялаг бүтээгч иргэдэд үгүйлэгдэж буйг ярилцах таатай нөхцөл бүрдсэн байлаа. Энэхүү чуулга уулзалтыг цаашдаа хоёр жилдд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалтанд оролцсон төлөөлөгчид Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой бүтээгдэхүүн олон болох болтугай гэсэн чин хүсэлтэй явдгаа бидэнд хэлсэн юм.