УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Алт ухаж, амьтны амь тасалж амьдрахгүй” гэж хэлэх дуртай
2012.04.24

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Алт ухаж, амьтны амь тасалж амьдрахгүй” гэж хэлэх дуртай

Төрийн тэргүүн, түмний бахархал, Хэнтий аймгийнхны хайртай улстөрч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг энэ удаагийн “Өглөөний хүн” буландаа урьж оролцууллаа. Тэрбээр УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас хоёр дахь удаагаа ард түмний элчээр сонгогдон ажиллаж байгаа билээ.  Монголын ард түмний дунд шилдэг улстөрч гэж хүндлэгдэхээс гадна Улсын баяр наадамд 11 удаа түрүүлсэн дархан аварга гэдгээрээ хүмүүсийн хүндэтгэлийг илүү их хүлээдэг. Бөхийн зүлэг ногоон дэвжээнээс төрийн өндөрлөгт гарсан түүний хувьд Улсын Их Хуралд ороод багагүй ажлыг амжуулж, тойргийнхондоо хүндлэгдэж яваа нэгэн.

Түүний хувьд өнгөрсөн УИХ-аар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллан, хуулийг батлуулж чадсан нь өдгөө малчдын амар тайван амьдралд ихээхэн тус болж байгаа юм. Тэрбээр хийсэн бүтээснээ тэр бүр зарлаад байдаггүй ч онгон байгаль, газар нутгийнхаа сөөм газрыг -ч анхаарлынхаа хажуугаар өнгөрөөж байсан удаагүй. Тиймдээ ч орон нутгийн байгаль экологийг хамгаалах, рашаан, усаа ариун дагшнаар нь байлгах чиглэлээр нэлээд үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 

«Хэрлэн говь» төсөлд толгойлж оролцсоны үр дүнд Хэрлэнгийн хөдөө аралд нефтийн хайгуул хийх ажлыг ч зогсоож чадсан гээд түүний хийж бүтээсэн бүхнийг дурдвал нэлээд цаг, цаас зарцуулах биз ээ. Түүний хувьд 2004-2008 оны УИХ-аар хэлэлцэж, батлагдсан байгаль орчны хуулиудын ажлын хэсэгт хамгийн олон удаа орж ажилласан гишүүнээр тодроод байгааг энд дурдах нь зүйтэй.

Эрхэм гишүүн маань «Алт ухаж, амьтны амь тасалж амьдрахгүй» гэж хэлэх дуртай. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц «Тэр хүний сэтгэлд улс орны ирээдүй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бүгд багтаж явдаг» хэмээн тодорхойлсон удаатай.

 

Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн бөгөөд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Монголын үндэсний Олимпийн хорооны гишүүн зэрэг сонгуульт ажилтай.

 

Тэрбээр 1964 оны зургаадугаар сарын долоонд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10-н жилийн дунд сургууль, 1990 онд Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 1990-2000 онд ЦЕГ-ын Биеийн тамир спортын «Хүч» нийгэмлэгт дасгалжуулагч, орлогч дарга, даргаар ажиллаж байсан. 1999-2004 онд «Аварга» биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажилласан. Харин 2004-2008 он, УИХ-ын гишүүн, 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

Түүний хийж бүтээснийг төр засгаас өндрөөр үнэлж, 1989 онд Монгол Улсын гавьяат тамирчин, 1990 онд Монгол Улсын Дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

В.Дондовдорж

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.