Харвардынхан монголчуудыг хамгийн их сонирхдог
2015.12.09

Харвардынхан монголчуудыг хамгийн их сонирхдог

Мэдлэгт суурилсан нийгмийг бэхжүүлэх, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн төгсөгчдийг бэлтгэх, эрдэмтдийн судалгааны ажлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлж, үр дүнг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх нь боловсролын салбарынхны гол зорилго болоод байна.

БСШУЯ 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих 18 төсөл, судалгааны 60 төсөлд нийт 3,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо. Өнгөрсөн 7 хоногт болсон энэ үйл явдал бол боловсролын салбар хийгээд судлаачдын хувьд түүхэн үйл явдал юм.

Судалгааны төслүүдэд тэтгэлэг олгох ёслолын үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Монголтой хамтарч ажиллахыг хамгийн их хүсдэг эрдэмтэдтэй сургууль Харвард” гэдгийг онцолж байлаа. Боловсролын сайд дэлхийд алдартай MIT, Харвардынхантай хамтарч ажиллах хүсэлт илэрхийлсэн захидал байнга бичдэг аж. Үр дүнд нь MIT-тай хамтран ажиллахаар болж хамтын ажиллагааны гэрээг газар дээр нь очиж байгуулаад иржээ.

Манай эрдэмтэд ямар судалгаа хийхийг хүсч байна, ямар лаборатори хүсч байна гэдгийг асууж судалсны үндсэн дээр дээрх тэтгэлгийг олгосон. Үүний өмнө дээд боловсролын чанарыг сайжруулах, нээлттэй орчин бүрдүүлэх зорилгоор дундын ашиглалтын 12 лаборатори байгуулсан бөгөөд тэтгэлэг авч буй 60 гаруй судалгааны багийнхан эдгээр лабораториудыг түшиглэн ажиллах юм.

Цаашлаад судалгааны ажлыг бизнестэй холбох боломж ч хурдан бүрдэх бололтой. Энэ талаар Л.Гантөмөр сайд “Дэлхийд манлайлж байгаа хүмүүстэй хамтрах боломж бидэнд байна. АНУ, MIT, Хонконг, Солонгосын шинжлэх ухаан технологийн паркуудтай хамтарч ажиллана. Дэлхийд үнэ цэнээ тогтоож чадсан энэ хүмүүстэй хамтраад судалгааны ажлыг олон улсад үнэ цэнтэй бизнес болгох юм. Энэ хүрээнд хамгийн түрүүнд ШУТИС -д бизнес инкубатор байгуулна. Их сургуулиудын консорциумын дунд бизнес инкубатор ондоо багтаан байгуулж, менежментийг нь дэлхийд нэр хүндтэй шинжлэх ухаан технологийн паркуудтай хамтарч хийхээр төлөвлөж байна” хэмээн ярилаа.

Монголд Шинжлэх ухааны хот байгуулах тухай мөрөөдөл цаасан дээр төлөвлөгдөж, судлаачид нь аль хэдийн ажилдаа ороод байна. Монголд өмнө нь арван тэрбум долларын төсөл Оюутолгой л байсан бол өдгөө Шинжлэх ухааны хот байгуулахад энэ хэмжээний хөрөнгө босгох боломж харагдаж байна.