Өөдлөх айлын өнгө
2015.12.09

Өөдлөх айлын өнгө

Өнгөрсөн долоо хоногоос эхлээд энэ сарын 10 хүртэл онцгой байдлынхан алба даяараа үндсэн нөр их ажлынхаа зэрэгцээ Ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох шалгалтад хамрагдан тун завгүй байна.

Дөрвөн жилд нэг удаа тохиодог том хэмжээний энэ шалгалт дээр дооргүй анхаарч, санаа зовнин байгаа бичин жилийн өвлийн эхээр таарч байгаа нь тохиолдлын боловч албаны бэлтгэл бэлэн байдлыг хамтатган хянах давхар шалгалт болж, цаг үеэ олжээ.
Түвшин тогтоох шалгалт хууль эрх зүйн болон гадаад хэлний мэдлэгийн, бие бялдрын, мэргэжил бэлэн байдлын гэсэн хэд хэдэн чиглэлтэй бөгөөд ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан зургаан ажлын хэсгийн хоёр нь Улаанбаатар хот болон алслагдсан дүүргүүдэд, дөрөв нь хөдөө орон нутагт ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал 2015 оны 11-р сарын 26-28-нд Тайландын Бангконг хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нэгтгэх нь” сэдэвтэй Пан Азийн бүс нутгийн форумд оролцсон юм. 11-р сарын 26 буюу Улс танхагласан баярын өглөө ОБЕГ-ынхан яаралтай дуудлагаар үүрийн 07.00 цагт цуглаж жагсан, шалгалтаа өгч эхэлсэн тэр цагтай давхцан, Ерөнхий газрын дарга нь Бангконг-д Бүс нутгийн хурал удирдаж байлаа. Өөдлөх айлын өнгө гэдэгчлэн хаана ажил төрөл өрнөж байна, тэнд амжилт, үр дүн, бүтээл, бүтээмж дагалддаг.

Жилийн эцэс болж төр, улсын байгууллагууд ажлаа дүгнэж, өрх гэрүүд ч үлдэн өнгөрч буй оны өнгө төрхөө цэгнэн сууна. Амжаагүйгээ гүйцээх гэж адгах хэсэг нь бий л биз, хийж бүтээснээ эвлүүлж, эмхэтгэж байгаа нь дийлэнх. Түүн шиг онцгойнхон мөн л жилийн эцсийн тайлан дүнгээ базааж байна. Энэ талаар сонины дараа дараагийн дугаарт нийтлэх тул түр хойш тавъя. Харин ирэх жилд хийх ажил дэндүү их байна.
“Онцгой мэдээ” сонины өмнөх дугаарт онцгой байдлын алба энэ жил Эрх зүйн иж бүрэн шинэчлэл хийж байгаа талаар нийтэлсэн. Түүнийг дагалдан олон хөтөлбөр, төлөвлөгөөнүүд бэлэн болж байна. Одоо хэрэгжүүлэх, ард иргэд, албан хаагчдад хүргэх, тэдэнтэй нягт хамтран ажиллах он жилүүд ирээдүйд чиглэж байна. Онцгой байдлын алба өнгөрсөн жилийн төсөвт түүхэндээ байгаагүй томоохон хөрөнгө оруулалт тусгуулж, албаны үйл ажиллагааны хүрээ, техник тоног төхөөрөмж, зэвсэглэмж боломжийн хэрээр бэхжиж сайжирсан.

ИЙНХҮҮ ТУС АЛБА ШИНЭ ТОГТОЛЦООНД ОРСНООС ХОЙШХИ ХОЁР ДАХЬ АРВАНЫ АНХНЫ ЖИЛЭЭ ӨӨДТЭЙ ӨНГӨТЭЙ, ЗАРЧМЫН ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ТОМООХОН ОЛОН ШИНЭЧЛЭЛЭЭР ЭХЛҮҮЛЖ, ЭХЭЛЖ БАЙНА.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс даяараа эдийн засгийн хямралыг даван туулж байгаа ч ийнхүү тус алба шинэ тогтолцоонд орсноос хойшхи хоёр дахь арваны анхны жилээ өөдтэй өнгөтэй, зарчмын гэж хэлж болох томоохон олон шинэчлэлээр эхлүүлж, эхэлж байна.
2016 онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй хэмээн эрх баригчид анх удаа үнэнээ хэлж, баталсан төсөвт онцгойнхон мөн л давгүй амжилт гаргасан. Салбар нь өөрөө хүний, нийгмийн сайн сайхны төлөө, урьдчилан тааж, бэлтгэж болдоггүй гамшиг ослын эсрэг болохоор ч тэр биз. Гэхдээ л асуудлаа зөв эрэмбэлэн хөөцөлдөх, ажлаа мэдэх, уйгагүй байх, зарчимтай хандах, зөв лобби явуулах, гарцаагүйг нотлох гээд үр дүнд хүрэх олон зөв хандлагыг энд дурдах нь зүйтэй.


Алслагдсан, гамшиг, байгалийн аюулт үзэгдэл ихтэй зургаан аймгийн зургаан суманд аврах, гал унтраах шинэ анги байгуулах Засгийн газрын тогтоол ажил хэрэг болж, Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөл аймгийн Тариалан, Дорнод аймгийн Баян-Уул, Завхан аймгийн Тэс, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан гээд таван аймгийн таван суманд аврах, гал унтраах анги байгуулах хөрөнгө мөнгө энэ жилийн төсөвт суулаа. Мөн онцгой байдлын алба Эрэлч нохойн албатай болох, Шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төвийн өргөтгөл, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвийн тоног төхөөрөмжийн гээд эхний ээлжинд хэрэгтэй, чамлахаар чанга атгах төсвийг суулгаж чадсан юм.