Энх цагийн цэргүүдээ бүтээн байгуулалтад оруулах нь буруу биш
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.11.18

Энх цагийн цэргүүдээ бүтээн байгуулалтад оруулах нь буруу биш

Монгол цэргийг бүтээн байгуулалтад дайчлах нь зөв

-10 мянган залууг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэн томоохон төслүүдээ урагшлуулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлага эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сараас цэргийн ангиудаар мэргэжил олгох сургалтууд явах юм. Ингээд газар гэсмэгц бүтээн байгуулалтад шилжинэ. Армийн цэргийн хүчээр боссон олон бүтээн байгуулалтыг бид мэднэ шүү дээ. Монголчууд ямар ч ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд ч гадаадынхан чадаад хийгээд байгаа юмыг өөрсдөө хийж яагаад чадахгүй гэж.

БНСУ, БНХАУ, Чили, Израйл, хуучин ЗХУ зэрэг улс бүгд л цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглаж босч ирсэн шүү дээ. Хятад бүх төмөр замаа өөрийн армиар бариулсан. Төмөр зам, авто зам, барилга гэсэн чиглэлүүдэд бүтээн байгуулалт хийнэ. 1800 км төмөр зам барих, 200 мянган айлын орон сууц барих зэрэг томоохон ажил бий. Үүн дээр нэмээд говийг усжуулах нэг төсөл нэмэгдэж байгаа. Сэлэнгэ, Хэрлэн голын усаар цөөрөм байгуулж, говь руу хоо¬лой татах ажил л даа. Уг нь 50 мянган цэрэг татъя гэсэн. Гэтэл багассаар байгаад 10 мянга дээр буулаа.

Чамлалттай л тоо. Гэхдээ баталж байгаа нь их юм. Гаднаас авдаг ажиллах хүчний квотыг аль болох тэглэх хэрэгтэй. Гэтэл урагшгүй улстөрчдийн байдлыг харахад хэдэн хувийг хадгалах хүсэлтэй юм шиг байна билээ. Бүхэл бүтэн 40 мянгыг нь хассан ч гэсэн энэ хөтөлбөр цаашаа явах ёстой. Ядаж л цалин хэлбэрээр гадагшаа гардаг мөнгийг дотооддоо хадгалж үлдэнэ. Төсөвт 24 тэрбум төгрөг тусгаж байна. Энэ нь хаана ч үгүй л дээ. Гэхдээ энэ их ажиллах хүч, бүтээн байгуулалтыг дагаад бусад салбар босоод ирнэ. Хүнс, хөнгөн үйлдвэр, оёдол гээд бүгд борлуулалтад орж эхэлнэ. Бүх зүйлээ дан дотоодоосоо авна. Бүх гүйлгээ монгол төгрөгөөр хийгдэнэ. Тийм учраас мөнгөний тал дээр санаа зовохгүй байна. Мөнгө дотроо эргэлдэж байгаа.

Гаргасан мөнгө эргээд ороод ирнэ. Манай одоогийн жишиг яадаг гэхээр, гаднаас зээл авдаг. Гадаадууд зээл өгөхдөө ажиллах хүчээ манайхаас аваарай, тоног төхөөрөмжөө аваарай гэх мэтээр оруулсан мөнгөө цалин болгоод буцаагаад авчихдаг. Ингээд төсөв дээр өртэй үлдэж байгаа юм. Мэргэшсэн ажилтан ч байхгүй, худалдаж  авсан тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах хүн ч байхгүй, ингээд дуусдаг байхгүй юу. Би хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэсэн бодолтой хүн. Тэгээд ч цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгэхгүй. Бид цэргүүдээ бүтээн байгуулалтад оруулж байна, цалин олгож байна.

Дээр нь хос мэргэжил эзэмшүүлнэ. Энэ чинь хүнийхээ төлөө, хүнээ засч байгаа төрийн бодлого хамт явж байна гэсэн үг. Өнөөдөр бид армиа зүгээр нэг скаут болгочихоод яваад байгаа байхгүй юу. Нэг жилийн цэргээр улс орон хөгжихгүй. Үнэндээ цэргээ тэжээж чадахгүй болохоороо л ийм байдал руу шилжсэн шүү дээ. Дараа нь оюутан цэрэг гэж скаутын холбоо шиг юм болоод бас өнгөрсөн. Хөгжил гэж юу юм бэ. Хөгжил бол бүтээн байгуулалт. Тэгвэл бүтээн байгуулалтыг хэнээр хийлгэх юм. Бид хөх толботой, тэнгэрийн удамтай гээд зүгээр хараад суух гээд байгаа юм уу. Тийм юм байдаггүй юм.