90 хувь нь тэтгэврийн зээлтэй ахмадуудад хандсан төрийн бодлого байна уу
“Дугуй нөхдөг байсан шар толгойтой америк өвөө тэтгэврээрээ Монголыг үзэхээр ирэхэд инженер мэргэжилтэй монгол өвөө тэдний жинг үзэж амьдардаг" гэх хэтрүүлэгтэй ч гэсэн бодит байдлаас хол зөрүүгүй үг, өгүүлбэр сошиал ертөнцөөр түгэж байна.
Ахмадууддаа тавих бидний халамж, анхаарал нэг тиймэрхүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн олон нийтийн нэгээхэн хэсэг нь энэ. Тэтгэврийн хэд нь үнийн өсөлтөд цохиулж, шөлний мах, цайны сүүндээ ч хүрэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд Монголын төр ахмадууддаа тавих анхаарал, халамжийн бодлогыг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байгаа билээ.
Ахмадуудаа харна, халамжилна гэсэн үг, яриа эрхтэн дархтан болгоны амнаас гардаг ч тэднийг гэсэн чин сэтгэлийн хайр, хүний ёсоор үзэж үнэлэх хүнлэг сэтгэл нэг л дутагдсаар эдүгээ хүрсэн нь нууц биш. Ахмадуудын талаарх төрийн шинэ бодлого үгүйлэгдэж байгаа энэ үед МАН-ын дарга М.Энхболд нэгэн онцлог гэмээр санал дэвшүүлжээ.
Тэрбээр “Монголын үе үеийн төр ахмадуудаа яаж тэтгэдэг байсныг судлаад үзэхэд асар ихээр харж, хандаж байсан байгаа юм. Чингис хааны үед шийдвэрээр 70- аас дээш настай ахмадуудад шан, харамж олгодог байж. Богд хаант Монгол Улсын үед буюу 1911 онд VIII Богд Жавзандамба хутагтын гаргасан зарлиг ч байна.
70 нас хүрсэн өндөр настанд тусгай урамшуулал, төдөн лан мөнгө олго гэсэн байгаа юм. 90 нас хүрсэн бол илүү өндөр шан, харамж өгдөг байжээ. Төрийн энэ уламжлалыг хадгалж 70 насалсан азай буурлуудаа төр анхаарч, хандахад буруу юм байхгүй.
Халамж хавтгайрсан улс орон боллоо гээд л өнөөдөр шүүмжилдэг. Гэхдээ улс орон, төр гэж байгаа бол эх орныг авч явсан ахмад үеэ халамжлах үүрэгтэй. Бид Ач санах хууль гэж ярьж байгаа. Одоо бол ач санаж нэмэх нь битгий хэл, авч байсныг нь бага болгоод байна. 70 насална гэдэг сайхан хэрэг.
Хэдийгээр дундаж наслалт нэмэгдэж байгаа ч 70 насална гэдэг чинь нэг талаар асар их хөдөлмөр зүтгэл, бас зөв, эрүүл амьдралын үлгэр дууриалал. Тийм учраас тэтгэврээс нь гадна тогтмол урамшуулал олгох ёстой гэж боддог. Өнөөдөр төрийн бодлогын толгойд бүх орд газар, уул уурхай, төрийн өмчийн компаниуд байна" гэж байр сууриа илэрхийлсэн харагдана лээ.
Эндээс дүгнэж үзвэл М.Энхболд ахмадуудыг дэмжсэн төрийн бодлогыг судалж, харьцуулан дүгнэлт хийж байгаа аж. Тухайлбал 70-аас дээш настай ахмадуудад тэтгэвэр дээр нь нэмээд тусгай тэтгэмж олгох, 80-аас дээш насалсан бол тэтгэмжийн хэмжээг нэмэх гэх мэтээр үечилсэн бодлого гарч мэдэхээр байна.
Ийм бодлогыг М.Энхболд хэдэн янзаар зөвтгөсөн байсан. Нэгдүгээрт насална гэдэг бол залуучуудад зөв үлгэр дууриал үзүүлж байгаагийн шинж, хоёрдугаарт халамжийг хавтгайруулж байгаагийн илрэл биш, төрийн мэдэлд стратегийн бүх орд байгаа, эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулахад эх үүсвэр бүрдэнэ гэсэн байр сууринаас тайлбарлах болов.
Өнөөдөр Монголы тэтгэвэр авч байгаа ахмадуудын 90 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй. Тэд жил бүр зургаан тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийн хүүнд, өгч байгаа. Тэтгэврийн зээлд, хамрагдах ахмадын тоо жил, бүр өссөн. Сүүлийн гурван жилд огцом нэмэгдсэн. Удахгүй 100 хувьд ч хүрч магадгүй байна гэсэн албан мэдээллүүд хөвөрч эхлэв.
Энэ мэдээллүүд ахмадуудын амьдрал маш эмзэг болж эхэлснийг гэрчилнэ. Ийм үед л тэднийг дэмжсэн төрийн шинэ бодлого хэрэгтэй байна. Харин МАН-ын даргын санал болгож буй хувилар ахмадуудын амьдралд эерэг нөлөөлөл үзүүлж чадах болов уу.