Ирэх онд Монгол Улс 20 мянган тонн буудай импортлох төлөв гарчээ
Ирэх онд Монгол Улс 20 мянган тонн буудай импортлох төлөв гарчээ
2015.12.16

Ирэх онд Монгол Улс 20 мянган тонн буудай импортлох төлөв гарчээ

2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хураан авсан хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.

Ургац хураалтын ид үед газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилан тогтоосон үр тарианы баланс ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурчээ.

Улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд үүнд 48 мянган тонн үр тариа шаардлагатай байгаа аж.

Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан 7.2 мянган тонн, нийт 28 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Түүнчлэн хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг 2016 онд импортлох зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

Импортоор оруулах үрийн улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ хэмээн албаныхан тодотгов.