Өндөр түвшний авлигын хэргүүд
2015.12.24

Өндөр түвшний авлигын хэргүүд

Перу улсын ерөнхийлөгч асан Алберто Фужимори

 

Алберто Фужимори нь 1990-2000 онд Перу улсын ерөнхийлөгчийн алба хашиж байсан япон гаралтай улс төрч бөгөөд 2000 онд авлигын хэрэгт холбогдсоныхоо дараа Япон руу зугтан гарч, албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ. Перугийн конгресс түүнийг огцруулж, улс төрд оролцох эрхийг нь насаар нь хязгаарлажээ.

Тэрээр Перуд авлига, хүний эрхийн асуудалд холбогдохоос зугтан орогносон ч 2005 онд Чили улсад аялж яваад баригдсан байна. Түүнийг Перу улсад шилжүүлэн өгч, 2007 оны 9 дүгээр сард эрүүгийн холбогдох хууль тогтоомжийн дагуу түүнд хариуцлага тооцохоор болжээ. Ингээд 2007 оны 12 дугаар сард Фужиморийг хууль бусаар нэгжлэг хийсэн, бусдын өмчийг хураасан хэргээр 6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэрээр Дээд шүүхэд давж заалдсан бөгөөд түүний нэхэмжлэлийг Дээд шүүх хүлээн авчээ.

2009  онд хоёр дахь шүүх хурал эхэлж Фужиморийг 1990 онд болсон Засгийн газрын Зүүний босогчдын эсрэг хийсэн тулаанд үүрэг гүйцэтгэж байсан Група Колина (Үхлийн тасаг)-ийн үйл ажиллагааг захиалж хүний амь хөнөөсөн, хүн хулгайлсан хэрэгт буруутгаж 25 жилийн хорих ял оноожээ.

Дөрөвдэх шүүх хурал Перугийн нийслэл Лима хотод 2009 оны 9 дүгээр сард болов.

2009 оны 7 дугаар сард болсон гурав дахь шүүх хурлаар албан тушаалаасаа огцрохоос хоёр сарын өмнө Үндэсний тагнуулын албаны дарга асан Владимиро Монтесиносод төсвийн мөнгөнөөс 15 сая ам.долларыг хууль бусаар олгосон хэргийг хэлэлцжээ. 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс шийдвэр гаргаж улсын мөнгө завшсан хэрэгт гэм буруутай гэсэн үндэслэлээр 7,5 жил хорих ял оноов.

Дөрөвдэх шүүх хурал Перугийн нийслэл Лима хотод 2009 оны 9 дүгээр сард болов. Фужимори нь Монтесиносогийн тусламжтай сэтгүүлчид, бизнес эрхлэгчид болон улс төрийн сөрөг хүчнийхний утсыг чагнах зорилгоор авлига өгсөн хэргээр шүүв. Фужимори гэм буруугаа хүлээж 6 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Ингээд тэр Перу улсын хуулийн дагуу ялын дээд хэмжээ болох 25 жилийн ял эдэлж байна.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак

Нажиб Разак нь 2009 оноос өнөөг хүртэл Малайз улсын Ерөнхий сайдын албыг хашиж байна. Түүний эцэг Абдул Разак Хуссейн нь Малайзын хоёр дахь Ерөнхий сайд байсан бөгөөд нагац ах Хуссейн Онн нь гурав дахь ерөнхий сайдаар ажиллаж байв. Нажиб Разак нь “Эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Malaysia Development  Berhad” (MDB) хэмээх төрийн өмчит хөрөнгө оруулалтын фирмийг байгуулж зөвлөлийнх нь даргаар ажиллаж байлаа.

Уг фирм 6 жил үйл ажиллагаа явуулахдаа 42 сая малайз рингит буюу 11,1 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ. “Wall street journal” сонины 2015 оны 7 дугаар сарын нэгэн дугаарт Нажиб MDB-гээс 2,6 тэрбум малайз рингит буюу 700 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн тухай нийтлэл хэвлэгдсэнээс үүдэн олон нийт түүнийг огцрохыг шаардах болсон байна.

Малайзын Авлигын эсрэг хорооноос хийсэн шалгалтын дүнд Нажибын хувийн дансанд шилжүүлсэн гэх 2,6 тэрбум малайз рингит нь MDB-ээс биш, харин хандивлагч нараас шилжүүлсэн болох нь тогтоогджээ. “New York Times” сонины 2015 оны 9 сарын 21-ний дугаарт АНУ-ын мөрдөн байцаагчид сүүлийн жилүүдэд Нажибын хувийн дансанд шилжин орсон гэх 681 сая ам.долларын хэргийг, мөн Нажиб болон түүний ойр дотны хүмүүсийн эзэмшдэг “Shell” компаний худалдан авсан АНУ дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой авлигын хэргийг шалгаж буй тухай мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд асан Анатолий Сердюков

А.Э.Сердюков нь 2007-2012 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бизнесмен, улс төрч юм. 2007 оны 2 дугаар сард сайдаар томилогдсон Сердюков мөн оны 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхий сайд асан Виктор Зубковын хүргэн нь байсан учраас гэр бүлийн холбоотой гэдэг үндэслэлээр ажлаа өгөх хүсэлт тавьсан ч В.Путин түүнийг нь хүлээж аваагүй байна. Сайдаар ажиллах хугацаандаа Оросын армид нэлээд хэдэн шинэчлэлийг хийжээ.

Гэвч 2012 оны сүүлээр “Оборонсервис” төрийн өмчит компанитай холбоотой хэвлэлийн шуугиан дэгдэв. Хуулийн байгууллагууд цэргийн байгууллагын хөрөнгийг шамшигдуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгалт хийхэд 8 үл хөдлөх хөрөнгийг хууль бус худалдсанаас болж улсад 3 тэрбум гаруй хохирол учирсан нь тогтоогдов.

Ерөнхийлөгч В.Путин 2012 оны 11 дүгээр сард Сердюковыг батлан хамгаалах яамны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр огцруулжээ. ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу Сердюковт насаараа халдашгүй дархан эрхтэй байх, тусгай дуут дохиололтой машинаар үйлчлүүлэх эрхийг нь үлдээжээ.

Төгсгөлийн оронд

Үүнээс харахад улс орнууд их, бага, хөгжингүй, буурай гэлтгүй өндөр түвшний авлигын асуудалтай тулгарч байна. Ард түмний зүгээс хууль хяналтын байгууллагад итгэж, бодит үнэнийг илчилж, хэрэгт нь тохирох ял шийтгэл оногдуулахыг хүсдэг. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох механизм нь өөрөө нилээд бүрхэг, шударга шүүх, итгэлтэй яллагч, хичээл зүтгэлтэй мөрдөн байцаагч нар маш хэрэгтэй байдаг.