Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2016.01.08

2016 онд цалин нэмэх нөхцөл бүрдсэн гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ 2016 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх нөхцөл бүрдэж байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, 2015 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгагдсан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, УИХ-аар шийдвэрлүүлэхээр болсон талаар мэдээлэв. Хэлэлцээр ёсоор бол төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг 2016 оны эхний улиралд багтаж шийдэх ёстой гэв. Хэрвээ заасан хугацаанд цалингийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашид дахин Хамтын маргаан үүсгэнэ гэдгээ хэллээ.

Мөн 2015 онд МҮЭХ-нд ирэх үндэслэлгүй ажлаас халагдсан, цалин хөлсөө авч чадахгүй байна гэх гомдол өмнөх онуудаас 10-30 хувиар нэмэгдсэн мэдээ байна. Нийт гомдлын 30 орчим хувийг л гэхэд үндэслэлгүй ажлаас халагдсан иргэдээс ирүүлжээ.

Үндэслэлгүй ажлаас халах зөрчил дэлгүүр, супермаркет, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагад зонхилжээ. Мөн цалин хөлснөөс үндэслэлгүй суутгал хийсэн, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, ээлжийн амралт олгоогүй гэх асуудлаар 700 гаруй хүн ханджээ. Мөн хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардсан, ажил хаялт зохион байгуулсан асуудлаар 211 хүн хандсан байгаа юм. Ялангуяа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн асуудал хүндэрсэн энэ үед ажиллагсдын эрхийг зөрчих нь нэмэгджээ. Тухайлбал, цалингаа цагт нь өгдөггүй байгууллагын ажилтнууд эвлэлдэн нэгдэж, дотроо үйлдвэрчний эвлэл байгуулсных нь төлөө ажлаас нь халах явдал цөөнгүй гарчээ.