УИХ-ын дарга Ноён уулын асуудлыг шуурхай хэлэлцэхийг үүрэг болгосон
УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-БОХХАА-н байнгын хорооны даргын үүрэгт ажлыг хүлээж аваад удаагүй байна. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жилийн хугацаа байгаа. Мэдээж чухал чухал хуулиуд хүлээлт үүсгэж байна. Танай байнгын хороонд тухайлбал, намар, хаврын чуулганаар амжиж батлуулах ямар чухал хуулийн төсөл байна вэ?
-Хоёр удаагийн чуулган үлдэж байна. Гэхдээ намрын чуулганд бол нэгхэн сарын хугацаа үлдлээ. Манай байнгын хороонд хэд хэдэн чухал хууль байгаа. Ирэх долоо хоногт хамгийн чухал гэж хэлж болох Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл орох ёстой. Энэ асуудал жил гаруйн хугацаанд хүлээлтэд байлаа. Хоёр гурван талын зөрчилдөөнтэй тогтоолын төсөл юм. Ирэх даваа гарагт бид энэ асуудлаар холбогдох байгууллага, нутгийн иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулаад мягмар гарагаас эхлэн холбогдох байнгын хороогоор хэлэлцээд явна. Пүрэв, баасан гарагийн чуулганаар батлуулна гэсэн чиглэл барьж байна. Мөн газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн хуулиуд байгаа.
Тариалангийн тухай хууль хэлэлцэх эсэхийг шийдээд, Су.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Намрын чуулган завсарлах үед хуулиа батлуулчихмаар байна. Ирэх гурав, дөрөвдүгээр сараас газар тариалангийн ажил эхлэхэд шинэ хуультай эрхзүйн орчноо тодорхой болгох нь чухал. Малын эрүүл мэндийн тухай болон Генетикийн тухай хуулиуд хүлээлтэд байна. Энэ хоёр хуулийн төслийн ажлын хэсэг гадаадад туршлага судлахаар явсан. Нэлээд олз омогтой ирж, хуулийн төсөл дээрээ ажиллаад намрын чуулганы хугацаанд Малын эрүүл мэндийн хууль, хаврын чуулганы хугацаанд Генетикийн тухай хуулийг батлах төлөвлөгөөтэй байна. Органик хүнсний тухай хууль мөн л чухал хууль. Хэлэлцэх эсэхийг шийдээд С.Оюун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Энэ хуулийг хэлэлцсэний дараа Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Дорнодод органик хүнсний бүтээгдэхүүний бүс бий болгох хуулийн төслийг хэлэлцэж, бүс болгох асуудлыг судлах нь зөв юм байна гэж үзсэн. Монгол Улс дэлхийд хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргахдаа органик гэдгээ чухалчлах ёстой юм. Францад болсон байгаль орчны салбарын томоохон хуралд салбарын сайд болон манай байнгын хорооны гишүүн С.Оюун нар оролцож Парисын тунхаглалд Монгол Улс хэрхэн нэгдэж, цаашид ямар үүрэг хүлээх вэ гэдгээ хэлэлцэхээр зэхэж байна. Мөн зудын байдалтай аймгуудын мэдээлэл ирсэн. Шаардлагатай гэвэл нөхцөл байдалтай танилцахаар байнгын хорооны гишүүд маань бэлэн байдалд ажиллаж байна. Өмнөх хоёр дарга маань тун сайн ажилласан.
-Цэвэрлэх байгууламжийн асуудлыг энэ бүрэн эрхийн хугацаанд ярих боломжтой юу. Таны хувьд гишүүнээр ажиллаж байхдаа нэлээд анхаарсан шүү дээ?
-Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувиар ажлын хэсгийг ахалж Цэвэрлэх байгууламжид очиж ажилласан. 2016 оны төсөвт шинэчлэлд зориулж найман тэрбум төгрөг тусгасан.Хавар газар гэсэхээр лаг цэвэрлэх үйлдвэрийн тендер зарлаж лагийн үнэрийг дарах асуудлыг шийдвэрлэнэ. Байнгын хорооны даргын хувиар ч энэ ажлыг гардаж хийнэ гэсэн бодолтой байгаа.
-Ноён уулын асуудлыг хэлэлцэх ёстой гэдэг ч буцчихаад байдаг. Энэ удаад батлах боломж харагдаж байна уу. Яагаад энэ асуудлыг хойшлуулаад байна вэ. Нөхцөл байдлыг судлаад, нинжа нарын асуудлыг мэдсэн атлаа ингэж хойшлуулаад байгаа нь сонин байна. Ноён уулыг хамгаалах бус харин ч нинжа нарын гарт өгчихөөд байгаа юм биш үү?
-З.Энхболд даргын зүгээс өнөөдөр /өнгөрсөн баасан гараг/ даалгавар өгсөн. Маш хурдан явуул. Гацаанаас гарга гэсэн. Бүлэг эвслүүдийн зүгээс авах ёстой завсарлагуудаа аваад дууссан учраас хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад хурдан батлах ёстой гэсэн чиглэл барьсан. Эдийн засгийн байнгын хороо төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаа даваа гарагаас эхлээд хэлэлцээд явна. Манай байнгын хороо Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлаа хэлэлцэх юм. Тусгай хамгаалалтад эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа газар болон хэд хэдэн лицензтэй ордуудыг оруулахгүй.
Үлдсэн хэсгийг нь тусгай хамгаалалтад авъя гэж Засгийн газраас өөрсдөө санал оруулж ирсэн. Түүхийн ховор олдвор бүхий газар учраас Түүх, дурсгалын тусгай хамгаалалттай газар гэж 405 га газрыг, ойн сан бүхий усны эх газар гэдэг зориулалтаар 11 мянган га газрыг авах юм билээ. Тэр хоёр хэсгийг тусгай хамгаалалтад авахаар дунд нь эдийн засгийн эргэлтэд оруулах хэсэг газар үлдэх юм. УИХ-ын гишүүд олон янзын байр суурьтай байгаа. Ноён уулыг бүтнээр нь хамгаалалтад ав гэж хэлэх гишүүд ч бий. Бүтнээр авч болно. Гэхдээ нинжагаа яах вэ гэдэг асуудал үүснэ ээ дээ. Нутгийн иргэд харин өөр зүйл ярьдаг. Орон нутгийн зүгээс өгсөн албан бичигт болохоор Засгийн газрын өгсөн хэмжээнээс бага хэмжээтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах санал орж ирсэн.
Уг нь орон нутаг тусгай хамгаалалтад илүү том газрыг авах ёстой гэж ярих ёстой биз дээ. Гэтэл орон нутаг бага, Засгийн газар их санал оруулж ирсэн. 190 га газрыг л тусгай хамгаалалтад авъя гэдэг санал орж ирсэн шүү. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн албан бичиг гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр нутгийн иргэд ингэж нинжагийн гараар оруулж, өөрсдөө юу ч үгүй үлдэж байснаас хууль ёсны лицензтэй хүмүүст эзэмшүүлээд, эдийн засгийн эргэлтэд оруулаад, өөрсдөө нөөц ашигласны төлбөр, татвараа аваад явахыг дэмжсэн гэж харагдаж байгаа юм. Төрийн бус байгууллагууд олон янзын байр суурь илэрхийлдэг. Тэгэхээр энэ бүх хүмүүсийг нийлүүлж уулзаад нэг ойлголцолд хүрэх нь зөв гэсэн үндсэн дээр даваа гарагт /өнөөдөр/ хэлэлцүүлэг хийхээр боллоо.
-Зөвхөн Ноён уулыг л тойрч ярилцана гэсэн үг үү?
-Тэгнэ. УИХ-ын гишүүд, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, удирдлага гээд бүх талыг оролцуулж ярилцана. Асуудлыг нэг талдаа шийднэ гэсэн үг. Нэг бол бүтнээр нь авах, эсвэл Засгийн газраас оруулж ирснээр буюу хэсэгчилж хамгаалалтад авах шийдвэр гаргана.
-Ноён уулыг ухаж буй нинжа нарын асуудлаар мэдээлэл авч байна уу. Сүүлийн үед тун нам жим байх шиг?
-Цагдаагийн газраас мэдээллээ ирүүлээгүй. Даваа гарагийн хэлэлцүүлэгт тэд ирнэ. Хамаагүй мэдээлэл өгөхгүй юм. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрынхан ЦЕГ-аас зөвшөөрлөө аваад даваа гарагийн өглөө материалаа явуулна гэсэн.
-Байгаль хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан асуудал олон нийтийн анхааралд байна. БОХХАА-н байнгын хорооны даргын хувьд энэ асуудлыг анхаарч байна уу. Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах боломжтой юу?
-Намайг байнгын хорооны дарга болсноос хойш энэ талаар хүсэлт ирээгүй. Гэхдээ мэдээж анхааралдаа авсан. Тост, Тосонбумбын нурууг Засгийн газар өөрийн нөөц газраар авчихсан. Нөөц газраар авна гэдэг бол асуудал намжсаны дараа ашиглана гэсэн үг. Тусгай хамгаалалтад яагаад авч болохгүй байна вэ гэдгийг байнгын хорооны хүрээнд гаргаж ирнэ. Хэлэлцүүлэг хийнэ. Нутгийн иргэд болон төрийн бус байгууллага, Уул уурхайн яам гээд бүх талуудыг оролцуулж энэ асуудлыг ярина. Тост, Тосонбумбын нурууг нөөц газраар байлгаж цаашид ухах уу, эсвэл ирвэс амьдардаг энэ газрыг тусгай хамгаалалтад авч, лицензүүдийг хураан авч нөхөн төлбөрийг нь өгөх үү гэдгээ шийднэ. Тодорхойгүй байлгаж болохгүй. Би гардаж асуудлыг ярина.
-Байнгын хорооны асуудлаас гадна Тавантолгойн төслийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Өнөө маргаашгүй өргөн барилаа гэж хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төслийг яагаад өргөн барихгүй байна вэ?
-УИХ-ын дарга хүлээж авах хуулийнхаа жагсаалтад оруулчихаад л намайг хүлээлгээд байгаа. Би өргөн баримаар байна гэдгээ хэлсэн. Баасан гарагт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд саналаа хэлсэн. Ирэх долоо хоногийн /энэ долоо хоног/ даваа, мягмар гарагт өргөн барих хуульд багтсан гэсэн үг. Намрын чуулганы хугацаанд амжиж хэлэлцэх эсэхийг үнэндээ мэдэхгүй юм. УИХ-ын дарга хав дарах уу, эсвэл хэлэлцүүлэхээр оруулж ирэх үү гэдгийг хэлэхэд эрт байна. Тавантолгойг өргөн барих гэж хоёр сар гуйлаа. Нэг хуулийн төслийг боловсруулах гэж тодорхой хугацаа шаарддаг. Дараа нь өргөн барих гэж, өргөн барьсны дараа хэлэлцэх гэж чамгүй хугацаа ордог шүү дээ. Эхлээд өргөн барьчихъя. Дараа нь хэлэлцүүлээд гэж хөөцөлдөнө дөө.
-Хуулийн төслийг өргөн барина гэж мэдээлэл хийх үедээ нэлээд чухал заалтуудыг онцолж байсан. Тэрнээс хойш нэмэлт өөрчлөлт орсон уу?
-Ороогүй. Дөрвөн чухал заалт байгаа. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойгоо үргэлжлүүлэн олборлох борлуулах үйл ажиллагаагаа явуулах. 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших, 49 хувь дээрээ гадны хөрөнгө оруулагч оруулах ёстой гэж үзсэн. Мөн стратегийн чухал төмөр зам буюу урагшаа болон хөндлөн чиглэлийн төмөр замынхаа 51 хувийг төр өөрөө анхнаасаа эзэмшээд явах ёстой гэж үзсэн. Засгийн газраас орж ирсэн гэрээнд төмөр замын 49 хувийг 30 жилийн дараа Монгол Улс авна гэсэн заалттай орж ирсэн. 30 жил төмөр замаа бусдад эзэмшүүлж, тэд монополь эрхтэйгээр Тавантолгойн нүүрсийг зөөж, бид ямар ч хяналтгүйгээр үлдэх гээд байгаа юм. Анхнаасаа төр өөрөө 51 хувиа эзэмших нь зөв. Иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааг саналын эрхтэй болгох ёстой. Засгийн газрын гэрээнд энэ асуудал огт байгаагүй. 1072 хувьцаа зүгээр л цаасан дээр бичсэн тоо болоод өнгөрөх байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдэд ашиг хүртээх заалт оруулах нь зөв гэж үзсэн. Мөн гуравдагч хөрш буюу бусад улс орнуудын эрх ашгийг оруулах гэсэн дөрвөн том заалт л миний өргөн барих төсөлд тусгагдсан.
-Тавантолгойн тогтоолын төсөл яригдаж эхэлсэн даруйд олон янзын дайралт эхэлдэг. Магад маргааш таныг ч дайрч мэдэх байх. Миний хэний тухай ярьж буйг та мэдэж байгаа байлгүй. Тогтоолын төслийг хамт өргөн барина гээд явж байсан Х.Баттулга гишүүн, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг төмөр замаас их хэмжээний мөнгө идсэн уусан хэрэгт гүтгээд явж байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудал сөхөгдөж эхлэхэд би нэг л зүйлийг сайн ойлгосон. Магад маргааш миний толгой дээр ч ийм асуудал үүсч мэдэх юм байна гэдгийг ойлгосон. Хувь хүний зүгээс харахад, энэ бүх яригдаж байгаа асуудлууд зөвхөн Тавантолгойн зодооны нэг хэсэг. Засгийн газар өөрсдийн оруулж ирсэн хувилбараар Тавантолгойг явуулахын тулд улайрч байгаа. Энэ ордыг тойрсон нам дамнасан бүлэглэлүүдийн явуулж буй арга хэмжээний нэг. Тавантолгойн гэрээний ажлын хэсгийг ахалж байхдаа төмөр замын асуудлыг сонирхож судласан. Төмөр зам яагаад зогссон бэ гэдгийг сонирхсон. Чингис бондоос 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 650 сая ам.долларыг гадны банкууд урт хугацааны зээлийн хүрээнд олгохоор болж хэлэлцэж байхад зогсоосон. Өөрөөр хэлбэл, энэ хувилбараар биш “Энержи ресурс”-ын консерциумд өгөхийн тулд шууд дундаас нь зогсоочихсон байгаа юм. Ийм л процесс болсон. Х.Баттулга гишүүн, А.Гансүх нарын асуудал тун удахгүй үнэн мөнөө олоод тодорхой болох байх. Орчин үеийн цэвэр хэлмэгдүүлэлтийн нэг жишээ боллоо.
-Сонгуулийн хуулийн талаарх таны байр суурийг сонсоё. Эмэгтэйчүүдэд ямар давуу тал бий болов, шинэ хуулиар. Мөн бие даагч болон парламентад суудалгүй улс төрийн намуудын хувьд хаалттай хууль боллоо гэх юм. Үндсэн хууль зөрчсөн зүйл гарсан уу?
-Сонгуулийн хууль олон давуу талтай болсон. Хамгийн чухал нь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж чадлаа. Сүүлийн хоёр жилийн турш ярьж, өөрсдийн төлөөллөө оруулж ажилласны хүчинд оруулах ёстой хоёр заалтаас нэгийг нь оруулж чадсан. Эмэгтэйчүүдийн квот 30 хувьд хүрсэн. Мөн эмэгтэйчүүд улс төрд ороход мөнгөний асуудал хамгийн гол бэрхшээл болдог учраас бага мөнгөөр сонгууль явуулах заалт оруулж эмэгтэйчүүдээ дэмжсэн. Энэ хуульд сэтгэл ханамжтай байна. Бие дааж нэр дэвших, жижиг намуудад гацаа тавьсан зүйлийг би лав олж харахгүй байгаа юм. Уншихаар Үндсэн хууль зөрчихөөр ноцтой заалт харагдахгүй юм. Тэгэхээр бие даагчид болон жижиг намууд яг ямар зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн, ямар ямар заалтууд дээр хоёр том нам тохироо хийв гэдгээ баримттай ярих хэрэгтэй болов уу.
-Эмэгтэй нэр дэвшигчийг жагсаалтад ямар байдлаар оруулах юм бол?
-хоёр чухал заалтын нэг нь энэ байсан. Харамсалтай нь бид хийж чадсангүй. Саналаа өгөхдөө гурван хүн тутмын нэг нь аль нэг хүйс байна гэж өгсөн. Тэр заалтад эрчүүд маш их эсэргүүцэл илэрхийлсэн. Бид цөөхүүлээ учраас ялагдсан. Наймаалцаж байгаад л нэг заалтаа алдчихсан. Гэхдээ эхний 10-д ядахдаа гурван эмэгтэй орох ёстой гэж лобби маягаар намуудтай ажиллах шаардлагатай болсон.
-Намын дүрэмд тусгайлан заасан заалт байхгүй юу?
-Ихэнхи намын дүрмэнд 30-аас доошгүй хувь л гэж заадаг. Жагсаалтад тэгж бичнэ гэсэн заалт байхгүй.
-Ц.Оюунгэрэл болон таны анхаарч буй Баянчандмань суманд хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэй биеийн байдал ямар байна вэ. Ийм ноцтой хэргийн хохирогч болсон бүсгүйн хэрэг дарагдаж өнгөрөх вий. Та бүхний хувьд хэр анхаарч байна?
-Хэрэг гарснаас хойш хохирогч бүсгүйг Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр анхаарч байгаа. Таны хэлдэг зөв. Бид энэ хэргийг анхааралгүй орхиж болохгүй. Мэдээж хэвлэлээр энэ бүхнийг яриад байх нь хэр зөв юм бол. Таныг асуусан болохоор хариулах нь зөв байх. Эмэгтэйн биеийн байдал нэг хэвийн л байна. Хамгийн сүүлд хувийн эмнэлэгт миний зүгээс зардлыг нь даагаад хэвтүүлсэн. Одоо гарчихсан байгаа. Нутагтаа очиж хэсэг хугацаанд байж байгаад ирнэ гэсэн. Дараагийн хагалгаанд орох хугацааг нэгдүгээр эмнэлэгт тохирсон байгаа. Эхний хагалгаа эдгэсний дараа дараагийн хагалгаанд орно. Сэтгэлзүйчийн зөвлөгөө, эмчилгээ аваад явж байна. Эмчилгээнд гарсан зардлыг миний хувьд гаргаад явж байгаа. Хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг нь ирсэн. Цагдаагийн газартай ярьж мөрдөн байцаагчтай нь холбогдсон. Хэрэг илрүүлэлтэд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэхдээ байнгын хяналтад байлгаж, ямар нэг байдлаар нөгөө талын нөлөөнд автвал бид асуудал үүсгэнэ шүү гэдгийг байнга хэлж, сануулж байгаа. Хэрэг үйлдсэн хүн авах ёстой ялаа авах ёстой гэж үзсэн. Өмгөөлөгчийг Ц.Оюунгэрэл гишүүн олж өгсөн. Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлээд явж байна.
-Нийгмийг цочроосон энэ мэт хэргүүд гарсаар л байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа батлуулж чадах нь уу?
-2016 оны зургадугаар сараас өмнө хийх хамгийн том ажил энэ болж байна. Энэ хууль дээр бид бүтэн гурван жил ажилласан. Яагаад ингэж удаан байна вэ гэхээр, нийт 16 хуульд холбогдох зүйл заалтуудыг оруулж өгсөн байгаа. Өмнө нь ганцхан шалдан хуультай байсан учраас хэзээ ч хэрэгжээгүй. Хууль хэрэгжээгүй учраас нэг ч эмэгтэй хуулиар хамгаалуулж байгаагүй. Тиймээс бүх хуульд зэрэг суулгаж өглөө. Эрүүгийн болон Зөрчлийн хууль гэх мэт хуульд холбогдох заалтуудаа суулгачихлаа.
Одоо Гэр бүлийн хүчирхийллийн хууль жинхэнэ утгаараа бүрэн хэрэгжих боломж бүрдлээ. Сар шинээс өмнө батлуулчих бодолтой байна. Мэдээж тэр бүхний дараа төсөв батлах гэх мэт ажил их байгаа. Амьдралд хэрэгжиж чадах хууль батална гэдэг нь бидний парламентад сууж байгаагийн том амжилт. Жил ирэх тусам өрх толгойлсон ээжүүд нэмэгдэж байна. Гэр бүлээ орхиод явчихсан залуучуудад хүлээлгэх хариуцлага гэж алга.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хамгийн муу гүйцэтгэдэг шүүхийн шийдвэр хүүхдийн тэтгэмжийн мөнгө.Хүүхэддээ тэтгэмж өгөх ёстой аавууд өгөхгүй байгаагийнхаа төлөө хариуцлага үүрдэггүй.
Энэ асуудлыг хуульд маш нарийн тусгаж өгнө. Гэр бүлээ цуцлуулахгүй, мөнгө төлөхгүй алга болчихдог залуус олон байна. 2015 онд бидний хийсэн хамгийн том ажил бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байгаа. Нэг хуулиа батлуулаад орхидоггүй. Сургалт зохион байгуулаад, төсвийг нь улсын төсөвт суулгаад явж байна. Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжихэд бэлэн болсон. Сургалт эхлээд явж байна. Энэ оны төсөвт 2000 хүнд энэ эрхийг өгөхөөр болсон. Нэг хүнд таван хүүхэд гэхээр 10 мянган хүүхэд аюулгүй орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөл бүрдэж байгаа юм. одоо 5-6 мянган хүн хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтээ ирүүлсэн. Мэдээж бүгдэд нь олгохгүй учраас квот тогтоож, шалгуураар сонгох болов уу. 2017 оны төсөвт 10 тэрбумаар тогтохгүй мөнгө суулгаж хүүхэд харах үйлчилгээг хэвийн явуулах нь дараагийн УИХ-д сонгогдох эмэгтэй гишүүдийн нэг том ажил болно гэж харж байгаа юм.
-Эмэгтэй хүний зовлонг эмэгтэйчүүд л ойлгоно. Тэр утгаараа л эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудлыг та бүхнээс нэхдэг хэрэг л дээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрх толгойлсон ганц бие ээжүүд байртай болох боломжийг судлаж байгаа тухай ярьсан. Үнэхээр хэрэгжээсэй билээ, тийм боломжийг хуульд оруулаад өгөөсэй гэсэн хүлээлт нийгэмд бий. Эмэгтэй гишүүд нэг удаад санал нэгдээд өрх толгойлсон ээжүүдэд боломж олгох талаар лоббидох боломж байна уу?
-Таны хэлдэг зөв. Бид энэ талаар ярьж байгаа. Миний 2016 оны сонгуульд нэр дэвших нэг чухал заалт нь эмч, багш, цагдаа, сувилагч гээд төрийн үйлчилгээний ажилтнуудыг байртай болгох. Намынхаа мөрийн хөтөлбөрт оруулах гэж ажиллаж байна. Судалгаа хийгээд бэлэн болгочихсон. АН-ын мөрийн хөтөлбөрт ороход бэлэн гэсэн үг. Нийт 130 мянган хүн байгаа. Тэндээс 25-30 хувь нь байртай. Үлдсэн нь түрээсийн юм уу, гэр хороололд амьдардаг. Багш болсон бол тэтгэвэрт гартлаа л багшаа хийдэг. Цагдаа цагдаагаараа л ажилладаг.
Хэзээ ч ажлаа солихгүй, бас гарахгүй. Гэтэл тэд байртай болохгүй байгаа нь 30 хувийн урьдчилгаагаа бүрдүүлж чадахгүйд байгаа юм. Мөнгө хуримтлуулах боломжгүй. 500-800 мянган төгрөгийн цалингаар л амьдралаа залгуулдаг. Тэгэхээр урьдчилгаа төлбөр шаардахгүй, мөн ам.метрийн үнэ нь хямд 20-30 жилийн зээл олгох боломжтой. Төр урьдчилгаанд нь баталгаа гаргаад явах боломжтой. Төрийн үйлчилгээндээ л тэтгэвэрт гартлаа ажилладаг учраас сард төлөх төлбөрийг нь 500 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй явах боломж бий. Ялангуяа барилгын компаниудтай ийм гэрээг хийж болно. Барилгын компанид улс дэд бүтэцтэй газар өгдөг. Улсаас дэд бүтцийг нь хийгээд өгчихсөн тохиолдолд энэ хөтөлбөрт зориулсан байрны сан бий болгоод санд нийт байрныхаа таван хувьтай тэнцэх байр өг гэж хэлж болно.
Үнэгүй биш. Өртөг нь хямдхан байх ёстой. Эхний ээлжинд 20 мянган төрийн албан хаагчийг хоёр жилийн хугацаанд байртай болгох бүрэн боломж байгаа. С.Одонтуяа гишүүн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг нэмж оруулж ирсэн. Төр халамжийн бодлого оруулж ирээд дэмжих боломж бүрэн бий. Заавал хоёр хүн байж банкны зээлд хамрагдах банкны журмыг өөрчлөх талаар ярилцаад, хямд орон сууцад оруулах боломжийг судлах ёстой юм. Эмэгтэй гишүүд бөөндөө сууж ярилцаад дараагийн хийх том ажил болгож болно.