10 хувийн урьдчилгаа үргэлжилнэ
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн баасан гаригт Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих үеэр цаашдаа “Голомт” банктай адил бүх арилжааны банк 10 хувийн урьдчилгаа төлбөртэй орон сууцны зээл олгох боломжтой хэмээн үзэж байгаагаа хэллээ.
-Энэ хуулийн төслийг хэлэлцэн баталснаар арилжааны банкууд дээр гацчихаад байгаа орон сууцны зээл үргэлжлэх гарц нээгдэнэ. Дараагийн асуудал бол зээлийн хүүг таван хувь болгох тухай асуудал. Үүн дээр Засгийн газар ажилласны үндсэн дээр С.Эрдэнэ сайд хуулийн төсөл өргөн барьсан. Иргэдийн хүсэн хүлээж буй таван хувь цаашлаад 10 хувьтай холбоотой асуудал эдгээр хуулийн төслийг хэлэлцэн баталсны дараа тодорхой болох байх. Урьдчилгаа 10 хувийн асуудал бол манай яаман дээр шийдэгдсэн. Гэвч энэ нь орон сууцны зээлийн нэг бүрэлдэхүүн хэсэг учраас ажил хэрэг болохгүй байсан. Харин одоо тодорхой хуулиудад нь өөрчлөлт оруулснаар гарц нь нээгдэж энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.